
АН-ын дарга, УИХ дахь бүлгийн даргын албан тушаалыг нэг хүн хавсран хийж байгаа асуудал хөндөгдөөд жил орчим хугацаа болсон. Тэгвэл энэ долоо хоногийн бүлгийнхээ хурлаар тус асуудлыг хэлэлцсэн юм. Гэвч санал хураалт болсон, болоогүй гэдэг зүйл цахим орчинд тархсан. Тиймээс эл асуудлаар УИХ-ын гишүүн Ө.Шижирээс тодруулсан байна.
-Уржигдар болсон танай намын бүлгийн хуралдаанаар яг ямар асуудал яригдсан юм. Үүн дээр та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Би өмнө нь ч энэ талаар хэвлэлд нээлттэй мэдээлэл өгч байсан. УИХ дахь бүлгийн дарга, намын дарга хоёр тусдаа байх ёстой гэдэг байр сууриа энэ парламентад орж ирсэн цагаасаа л хойш илэрхийлсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд тодорхой улс төрийн нөхцөл байдлаасаа хамаараад намын дарга, бүлгийн дарга гэсэн албан тушаалыг нэг хүн хавсран гүйцэтгэлээ. Тэгээд өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа энэ долоо хоногийн бүлгийн хуралдаанаар даргын асуудлыг хэлэлцүүлье гэдэг саналыг бүлгийн дарга О.Цогтгэрэл өөрөө гаргасан. Тийм болохоор энэ долоо хоногийн бүлгийн хурал 37 гишүүний ирцтэйгээр хуралдсан. Гэхдээ зарим нэг нөхцөл байдлаас болоод хойшлохоор болсон.
-Тэр шалтгаан нь юу вэ?
-Манай бүлгийн дүрмийн тавдугаар заалт дээр нийт гишүүдийн оролцоог хангана гэсэн байдаг.
Мөн дөрөв дэх заалт дээр хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд тухайн асуудлаар бүлгийн гишүүн нь бичгээр саналаа өгч болно. Бичгээр саналаа өгсөн тохиолдолд хуралд суусанд тооцно гээд заачихсан. Харин өчигдөр/уржигдар/-ийн бүлгийн хуралд сууж чадаагүй таван гишүүний хоёр нь эмнэлэгт, хоёр нь гадаадад томилолттой яваа юм. Тийм болохоор энэ хүмүүс бичгээр саналаа өгье гэсэн. Тэгсэн чинь зарим хэсэг нь эсэргүүцээд, заавал биечилж орох ёстой гээд энэ асуудлыг долоо хоногийн хугацаатайгаар хойшлуулахаар болсон. Түүнээс биш нэр дэвшилт явагдаагүй. Нэр дэвшилт явагдаагүй болохоор санал хураалт болоогүй.
-Тэгэхээр цахим орчинд яваад байгаа шиг нэг нь 22, нөгөө нь 15 хүний санал авсан. Улмаар хойшлуулсан гэдэг зүйл худлаа юм уу?
-Би дахиад хэлье. Хэн нэгэн хүн бүлгийн даргад нэр дэвшихээ илэрхийлсэн явдал ерөөсөө болоогүй. Тийм болохоор санал хураалт явагдаагүй. Хаанаас ийм мэдээлэл гаргаад, явуулаад байгааг мэдэхгүй байна.
-Танай намын дарга О.Цогтгэрэл өөрөө бүлгийн даргаа өгье гэсэн санал гаргасан гэсэн үг үү. Өмнө нь Засгийн газрын асуудлаар гарын үсэг цуглуулчихсан байгаа болохоор энэ асуудлаа шийдчихээд өгье гэдэг зүйлийг ярьсан гэсэн шүү дээ?
-Тэгсэн, өөрөө санал гаргасан. Миний хувьд өмнөх гээд байгаа наад тайлбарыг чинь өөрөөс нь бол сонсоогүй. Ер нь бол өөрөө бүлгийн даргаа өгье гээд л шийдсэн.
-Тэгэхээр ирэх долоо хоногийн даваа гарагт болох бүлгийн хурлаараа даргынхаа асуудлыг эцэслэн шийдэх юм уу?
-Тэгнэ л гэсэн үг.
-Бүх гишүүн оролцох боломжтой юу?
-Дээр хэлсэн намын бүлгийн дүрэм байна. Эмнэлэгт хэвтэж байгаа, гадаадад яваа гэдэг чинь хүндэтгэн үзэх шалтгаан мөн шүү дээ.
-Бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин гишүүн нар өрсөлдөхөөр яригдаж байгаа гэдэг нь үнэн үү?
-Үнэн, үнэн. Өөр нэмэлт хүн одоогоор гарч ирээгүй байна. Аль хавар л манай бүлгийн даргын асуудал яригдахад энэ хоёр хүн нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр өөр хүн бараг нэмэгдэхгүй болов уу гэж бодож байна.
-Бүлгийн даргыг шинээр сонгох асуудлыг бүлэг дотроо санал хураагаад л шийдэх үү. Эсвэл намынхаа Улс төрийн зөвлөлөөр батлуулах ч гэдэг юм уу зүйл болох уу?
-Бүлэг дотроо 100 хувь шийднэ. Нэр дэвшигчид дээрээ санал хураалт явуулаад олонхын санал авсан хүн сонгогдоно. Тэгээд хэнийг бүлгийн даргаар сонгосноо УИХ-ын даргад мэдэгдээд, чуулганы индэр дээрээс уншаад л эрх нь хэрэгжиж эхэлнэ.
Өдрийн сонин


Сэтгэгдэл байхгүй байна