Шөнө нь өдрөөсөө илүү үзэсгэлэнтэй Чунчинь хотын үдэш Жиалин голд дөрөв, таван давхар, унтлагийн, эсвэл үндэсний хэв шинжтэй луун толгойтой гэх мэт аварга том усан онгоцнууд сүлэлдэнэ. Хэдэн минут тутамд зогсоолоос зорчигчдоо аван хөдлөх аварга онгоцнууд түгжрэл үүсгэх нь үү дээ, золигнууд гэж хошигномоор.

Онцлохын учир гэвэл Жиалин голын аварга том гүүрэн дээгүүр түжигнэн өнгөрөөх sky train доогуур усан онгоцнууд хөвж, тэнгэрт өдөр тутмын 700-800 онгоцны нэг нь нисч, доохнуур cable car хажуугаар нь сүлжилдэх энэ л агшин Чунчиний хөгжлийн төвшин, гайхамшгийг илэрхийлэх дүр зураг санагдсан. Чунчин байшин дотуур давхидаг метрогоороо алдартай гэдгийг өмнө өгүүлсэн. Эдний гол зогсоолууд дээр нэг минут 30 секунт тутам ямар нэгэн метро ирж, буцаж, зөрч байдаг.
Дээр нь дэлхийг бүрхсэн төмөр замын болон авто замын сүлжээ, Хөх мөрөн, Жиалины усан тээврийг нэмэх юм бол товчхондоо Чунчинийг ложистикийн хот гэж нэрлэхээс өөр аргагүй.
Бидний аяллын маршрутад Чунчиний олон улсын ложистикийн төв, Робот техник, хиймэл оюун ухааны төв, Чанганы автомашин үйлдвэрлэлийн төвийг танилцуулахаар оруулсан байсан учраас энэ аялал зөвхөн Чунчиний хөгжлийг илүү танин мэдэх гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.

Сонирхолтой нь энэ бол зөвхөн сэтгүүлчдэд зориулсан хөтөлбөр биш, гадаад дотоодын жуулчид, дотоодын аялагчид хүүхэд багачуудын ч үзэх дуртай, олон нийтэд зориулсан үзмэр танилцуулгын төв болгосон учраас танин мэдэхүйн талаасаа ч их ач холбогдолтой юм.
Чунчиний олон улсын ложистикийн төв (Chongqing International Logistics Hub Park) нь Евразийн хуурай замын хамгийн нөлөө бүхий мега-ложистикийн зангилаа юм.
Анх Тюаньжие тосгоны төмөр замын жижиг өртөө байсан газар өдгөө 22 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан олон улсын аварга том ложистикийн хотхон (Logistics Hub Park) болон өргөжсөн. Энд бүр 1892 онд үүсгэн байгуулагдсанаас эхэлсэн түүхээ олон нийтэд сонирхуулдаг, хөдөлгөөнт видео танилцуулга нь яг л Хятадын "Бүс ба Зам" (Belt and Road) төслийн хуурай замын болон далайн замуудын яг дунд уулзвар дээрх энэ газраас ачаагаа ачаад ус, хуурай газар, төмөр зам, засмал замаар давхисаар хэрэглэгчдийн гарт бүтээгдэхүүнийг хүргэж байгааг онгоцонд, усанд яваа мэт мэдрэгдэхээр сонирхолтой.
Чунчиний олон улсын ложистикийн төв Хөх мөрний эдийн засгийн бүстэй нийлдэг Хятадын баруун бүсийг дэлхийтэй холбох зүрх нь гэгддэг. Товчхондоо

Баруун зүгт (Хятад-Европ чиглэл): Чунчинь хотоос Герман (Дуйсбург) хүртэл 11,000 гаруй км урт үргэлжлэх "Яшэньөү" (Yuxinou) олон улсын галт тэрэг электрон бараа, авто машины эд ангиудыг Европ руу ердөө 13 хоногийн дотор хуурай замаар хамгийн хурдан хүргэдэг.
Өмнөд зүгт (Шинэ хуурай зам-далайн худалдааны коридор): Гуанши мужийн боомт руу галт тэргээр, цааш нь далайгаар дэлхийн 128 улсын 593 гаруй боомт руу шууд тээвэрлэдэг.
Зүүн зүгт: Хөх мөрний (Yangtze River) усан замаар дамжуулан Номхон далай болон Ази, Номхон далайн бүсийг холбодог.
Хойд зүгт: Манжуурын боомтоор дамжин Орос улс руу чиглэсэн олон улсын төмөр замын шугамтай гэхээр ямархуу аварга сүлжээ гэдэг нь ойлгогдож байгаа биз. Яг эндээс Чанганы авто машины үйлдвэрлэлийн машинууд Монгол руу ачигдан ирдэг.
Монголчуудын танил-Чанганы автомашин
Changan Automobile Хятадын хамгийн ууган бөгөөд хамгийн нөлөө бүхий төрийн өмчит "Их Дөрвөн" группын нэг юм. Өнөөдөр тус компани ухаалаг, эко болон цахилгаан тээврийн хэрэгслийн технологиор дэлхийд хүчтэй түрэн гарч байгаад бөгөөд Хятаддаа 30 сая машин үйлдвэрлэсэн хамгийн анхны брэнд.
2030 он гэхэд жилд 5 сая машин борлуулж, дэлхийн ТОП-10 болох зорилт тавин ажиллаж байна.

Сонирхолтой нь яг энэ үйлдвэртэй танилцах үед бид Монгол залуутай таарлаа. Эндээс Монгол компаниуд автомашин тэр дундаа цахилгаан болон цахилгаан түлш хосолсон машинуудыг хэдийнэ импортлодог болсон. Өнгөрсөн хавар зуны, өнөөдөр ч мөн үргэлжилж байгаа шатахууны хомсдлоос болж монголчууд цахилгаан машиныг ихэд сонирхох болсон. Цэнэглэх цахилгаан станцууд хомсдолтой хэмээн цэнзийрхэж байсан монголчуудын хувьд Засгийн газраас 100 гаруй цахилгаан машин цэнэглэгч Ногоон өртөө байгуулахаа зарлаж, иргэд ч граждаа ч машинаа цэнэглэх боломжтой болж байгаа энэ үед хэн хүнгүй л цахилгаан машин сонирхох болж.

Чанганы ирээдүйн супер машин Аватр. Тун цөөн тоогоор үйлдвэрлэгдэж эхлээд байгаа гэсэн.
Яг энэ хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн “Sequoia Motors” компанийн захирал Н.Мөнх-Эрдэнэ эндээс машин импортлохоор яриа хэлэлцээрээ хийж яваатай таарч хаа ч таарсан элгэмсдэг монгол зангаараа бидний хэдэн нөхдөд Чанганы автомашины үйлдвэрийг ёстой дотор гадаргүй танилцуулав. Уг нь албан ёсны хөтөч, тайлбарлагч байсан л даа. Харин “манай хүн” нэгэнт машин импортлохоор судлаж, имрэхээс наагуур мэдэж байгаагийн хувьд Монголын нөхцөлд энэ нь тохиромжтой, энэ машин манайд орж ирсэн, энийг манайх удахгүй оруулах гэж байгаа гэх мэтчилэнгээр бүр нэг өөриймсөг зааж тайлбарласаар бүр бид тус бүр цахилгаан түлш хосолсон машин худалдаж авахаар юм болов доо.
Тун удахгүй “Sequoia Motors” Чанганы машинуудыг оруулж ирж, нээлтээ хийнэ гэсэн. Тэгэхээр бензиний оочерт хэдэн цагаар зогсож, үргэлж өссөөр байгаа үнийн дарамтад орсоор байгаа бид Чанганы машинуудаа сүнгэнэх байх аа. Нээлт нь болохоор мэдээллийг хүргэнэ гэдгээ зүрхлэн амлая.
А.Туяа


Сэтгэгдэл байхгүй байна