• Эхлэл
  • Мэдээллийн хүч буюу Чунчинь дэлхийн анхаарлыг татсан нь 

Мэдээллийн хүч буюу Чунчинь дэлхийн анхаарлыг татсан нь 

2026/10/02

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Дажу \Dazu\ уулын хадны сийлбэр нь таван уулыг холбон 20 гектар газрыг эзлэн оршдог бүр 9-р зууны үеэс 400 гаруй жил Хятадын гар урчууд үе удмаараа дамжин хадыг сийлэн бүтээсэн мянга, мянган бүтээлийн цогцолбор яалт ч үгүй дэлхийн анхаарлыг татсан аяллын тренд.

Нийт 500 метр урт үргэлжлэх 10 мянга гаруй сийлбэр, 31 метр урт хэвтээ бурхан, таван уулыг холбосон асар том цогцолбор дэлхийд гайхуулах рекордууд энд бий. Цогцолбор руу орохын өмнө зуйван хэлбэрийн таазыг хагас хэвтээ үзэж болохоор  5D танилцуулга үнэхээр гайхалтай. Хэдэн зуун хүн, дөрвөн зууны турш хадыг хэрхэн сийлсэн хийгээд бүтээлүүдийн түүх домгийг шимтэн үзэх зуур 13-р зууны үед халдан довтлогчид довтолсноор бүтээл хийх явц зогссон гэх маягийн тайлбар гарахад өөрийн эрхгүй “Манай өвөөгийн цэргүүд…” гэсэн бодол харваж орж ирэхүй. Үнэхээр ч Чингис хааны байлдан дагууллын үед хадны бүтээл зогссон бөгөөд өөрсдөө

-Хадан хавцал доор байгаа бүтээлүүдийг Чингис хааны цэргүүд харалгүйгээр давхиад өнгөрчихсөн учраас сүйтгэгдээгүй үлдсэн гэж тайлбарлах юм. “Харахгүй өнгөрнө ч гэж юу байх вэ, манай өвөөгийн цэргүүд. Харин гар урчуудыг нь Хархорум хотод ажиллуулуухаар татаж явсан учир ажил нь зогссон гэдэг үнэн байх” гэж бид хоорондоо хошигнооштой.

“Өвөө”-гийн маань цэргүүдийн дайлаар мордсон энэ бүтээл үнэхээр гайхамшигтай. Хүн хөдөлгөөн ч огт тасардаггүй юм байна.

Шашны сургааль судлах хадан өрөөнөөс эхлээд амьтан хүн, бурхан, буг, там диваажин бүгдийг нарийвчлан уул байгалийн хадтай нь уялдуулан сийлбэрлэсэн. Үүнийгээ ч шашны сургааль хийгээд түүх, уламжлалтайгаа хослуулан тайлбарлах нь танин мэдэхүйн бас их ач холбогдолтой. 

Аяллын бас нэг тренд болсны хачир нь бас эдгээр хадны дүрүүдээр маш олон аниме, тоглоом, видео контентууд хийгдсэн залуусын сельфи хийх дуртай газар юм байна. Энэ өхөөрдмөөр сийлбэрийг панда гэж тайлбарласнаа

-Манай нутгийн панда хамгийн хөөрхөн бөгөөд царайлаг гэх нь хөөрхөн. Мөнөөх бидний үздэг Тансан лам, Сүн Ү Күн эд нар дүрээрээ энд байна. Найман зуу, есөн зуу, мянга гаруй жилийн өмнө хийгдсэн бүтээлүүд шүү дээ.

Мэдээллийн хүч буюу WCICO

Энэ бол Чунчинь хотын олон улсын мэдээллийн агентлаг буюу албан ёсны нэршлээрээ Баруун Хятадын олон улсын харилцааны төв (Western China International Communication Center - WCICO)-ийн самбар. Энд Чунчиний талаар хаана, ямар мэдээлэл гарч, хэдэн үзэлт хандалттай байгаа болон WCICO-гийн өөрсдийн мэдээллийг хянаж харж байдаг.

Манайхаар бол өглөөний шуурхай хуралдааны самбар юм уу даа. Бид өглөө бүр хаана, ямар үйл явдал болох хэн сурвалжлах, өчигдөр ямар мэдээлэл ямархуу байснаа ярилцдаг бол энд ингээд цаг минут, тоо хандалтаар нь харж байдаг юм байна.

Энэхүү танхимд харин яг бидэн шиг л сэтгүүлчид орж гарч, сууж тэмдэглэж, бичиж харагдана. Тэнд бас залуухан орос бүсгүй ч харагдана, мөн канад инфлүүсертэй хамтран контент хийж байгаа ч харагдана.

Анх 2018 он буюу ердөө есөн жилийн өмнө  БНХАУ-ын дарга Ши Жиньпиний "Хятадын түүхийг дэлхийд зөвөөр таниулах" уриалга гаргаж Хятад даяар Олон улсын харилцааны төв (ICC) байгуулахаар болсны хамгийн анхных нь  WCICO.  

Анх хотын хэмжээний байсан тус төвийг 2023 оны 8 дугаар сард албан ёсоор өргөтгөн шинэчилж, Хятадын төв болон баруун бүсийг бүхэлд нь хариуцсан үндэсний хэмжээний төв болгосон байна. Тус төвийг Chongqing Daily Press Group (Чунчинь өдөр тутмын сонины групп) шууд хариуцан ажиллуулдаг. 

Ийнхүү бүх Хятадын даргын онцгойлон гаргасан шийдвэрээр төв болсон WCICO ердөө гурав, дөрөвхөн жилийн өмнөөс дэлхийн инфлүүсерүүдийг хотдоо урих, олон улсын арга хэмжээ зохион байгуулах зэргээр хүчтэй дайрсаанр Чунчинь дэлхийн анхаарлыг татаж эхэлсэн гээд бодохоор мэдээллийн манайхаар бол PR-ийн хүчийг мундаг ашигласан байгаа биз.

Энд WCICO урьж авчирсан дэлхийн одод, инфлүүсерүүдийн зургийг коридортоо байрлуулжээ. Монголд ирсэн YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр лав ирсэн харагдана.

Эднийх  YouTube instagram гээд олон нийтийн бүх сүлжээгээр мэдээллээ түгээдэг, мөн томоохон телевизүүдэд видеоконтент хийдэг, хотынхоо хамгийн том Chongqing Daily өдөр тутмын сониноос гадна 15 сонин, 4 сэтгүүл, 16 вэбсайт, 4 аппликейшин ажиллуулдаг, үнэхээр том медиа юм аа. Мэдээллийн хүчийг зөв ашиглаж, басхүү төр засгаас онцгойлон анхаарснаар маш богино хугацаанд дэлхийн анхаарлыг татаж чадсаны бас нэг жишээ юм даа.

А.Туяа

Өмнөх нийтлэлүүдийг дор дарж үзнэ үү

Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот

Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна