
Давхар баяр гэдэг утгийг илэрхийлэх хоёр ханзнаас бүтсэн Чунчинь хотын нэршил 3000 жилийн өмнөөс Сүн гүрний үеэс эхлэлтэй. Ердөө 100 хүрэхгүй жилийн өмнө тариачны жижигхэн тосгон байсан энэ хот өнөөдөр Хятадын хамгийн том дөрвөн хотын нэг, техник технологийн дэвшлээр дэлхийн анхаарлыг татагч аварга соронзон болжээ. Яагаад ийн анхаарал татах болсныг тайлбарлавал олныг өгүүлэх хэрэгтэй болно. Хамгийн товчхондоо Чунчинийг Ирээдүйн хот гэж тодорхойлж байна.
Аяллын дараагийн тренд
Улаанбаатараас чанх урагш чигээрээ нисвэл 2000 гаруй км \мэдээж газраар бол өөр л дөө\ зайтай Чунчинь хот руу одоохондоо манайхаас шууд нислэг байхгүй, монголчууд голдуу Хөххот эсвэл Бээжингээр дамжин нисдэг.
Гэхдээ Хятадын дөрвөн том хотын нэгт тооцогддог энэ хотыг монголчууд “нүдлээд” амжжээ.
32 сая хүн амтай, хөл ихтэй нүсэр хотын 520 метрийн өндөрт орших “Үүлэн нүд” хэмээх цогцолборт гарах зуур хоёр ч хэсэг Монголын групп аялагчидтай таарсан гээд бод доо. Монголын бүх хүн амыг нийлүүлснээс арав дахин их хүнтэй, түм түжигнэж, бум бужигнасан хотод шүү дээ. Манай монголчууд ч бас л аатай сайхан аялна шүү. Нэг хэсэг Бали, Хайнана гээд өвөлдөө Вьетнамыг бол бүр 23 дахь аймгаа болгодог гэж хошигнодог улс Чунчинийг онилжээ, онилж. Монголчуудын дараагийн аяллын тренд хот Чунчинь болж магадгүй л юм гэсэн бодол төрчихуй.

Бээжингээс хоёр цаг орчим нисч хүрдэг гэхээр аялах дуртай монголчуудын хувьд "ойрхон" мэт. Дээр нь үзэж харах зүйл үй түмэн их, амьдралын өртөг нь Бээжин, Шанхайгаас хямд, хамгийн гол техник, технологийн асар их боломжийг цогцлоож чадсан хот. Энэ боломжийг ч хятад нөхөд харж байгаа бололтой, шууд нислэгтэй болох талаар судалгаа хийж байгаа гэсэн.

Ложистикийн цогц шийдэлтэй хот гэдэг утгаараа Жянбэй олон улсын нисэх буудал ауагаа том. Өдөртөө 750-800 нислэг буюу дунджаар 1,5 минут тутамд, оргил ачааллын үедээ нэг минут тутамд нэг онгоц нисэн бууж, эсвэл хөөрч байдаг. Газрын тээвэр ложистикийн хувьд ч Ази, Европыг холбосон асар том төмөр замын тээврийн бүтэцтэй. Тэр дунд ч Улаанбаатар гэсэн тэмдэглэгээ анивчиж байдаг юм билээ.
Дашрамд сонирхуулахад “Үүлэн нүд” буюу “Тэнгэрийн нүд” хэмээх энэ цамхаг 520 метр өндөрт оршдог. Мөнөөхөн доороос нь очоод гэдийж харахад малгай унам өндөр байшингууд тээр дор үүлэн дунд сүлэлдэн харагддаг нь гайхамшигтай. Биднийг очиход бага зэрэг бороотой байсных уу, үе үе хот тэр чигтээ үүлэнд умбан харагдахгүй алга болчих нь яг л үлгэрийн юм уу тэнгэрийн оронд оччихсон юм шиг гайхалтай мэдрэмж төрүүлдэг юм билээ. Мөн л инфлүүсерүүд болоод кино клип бүтээгчдийн зураг авалт хийх дуртай гайхалтай газруудын нэг.

Үүнийг бичигч л өмнө нь сайн мэддэггүй байсан болохоос аялал жуулчлал гэлтгүй Чунчинтэй манайхан худалдаа арилжааны өргөн харилцаатай, цаашдаа ч өргөжих шинжтэй юм байна. Биднийг найрсгаар хүлээж авч уулзсан Чунчинь хотын Засгийн газрын Гадаад харилцааны дад дарга ноён Чжоу И-гийн хэлснээр бол зөвхөн Чунчинь хоттой манай улсын худалдааны эргэлт жилдээ нэг тэрбум гаруй юань болоод байгаа юм байна. Технологийн аварга том тэргүүлэгч хот Чунчинь манайхаас зэс нүүрс авдаг бол манайхан мотоцикль машин авдаг юм байна. Магадгүй хөдөө хонины бэлчээрт түчигнэж яваа мотоциклиудийг эндээс авчирдаг байх. Машины тухайд бүр маш их сонирхолтой мэдээлэлтэй. Хятадын “Их дөрвөл”-ийн нэг хэмээгддэг Чанган автомашины үйлдвэрт бид эднийхтэй хамтарч ажиллах гэж байгаа Монголын бизнесмэн залуутай тааралдсан. Энэ тухай дараа дэлгэрэнгүй өгүүлэмц.

Гэрлийн хот
Хөх мөрөн Жиалин гол хэмээх хоёр том мөрний голд орших аварга том хотыг өвөрмөц болгодог зайлшгүй хүчин зүйлс нь эгц цавчим хад бүхий уулархаг нөхцөл. Хот байгуулахад хэцүү мэт нөхцлийг тэд архитектурын гайхалтай шийдэл болгож чаджээ. Жаахан болхидуухан тайлбарлахад байшингууд нь нэг талаасаа нэг давхар мэт харагдах мөртлөө эгц цавчим уул хадыг өгсүүлэн түшүүлэн нөгөө талдаа 10, 20 давхар байх нь ч элбэг. Уулархаг газрынхаа онцлогыг үй түмэн шат гишүүрийн нэмэлттэй өвөрмөц шийдлээр тултал нь ашиглаж барилгуудаа барьсан гэх юм уу даа.
Жишээлбэл, аварга том молл-оор зугаацсаар 6 давхрын шатаар гарахад хүүхэд бужигнаж, усан оргилуур тонгочсон Сингапурын Марина бэй сандс-ийг санагдуулам адилхан Raffles City-гийн үүдэнд гараад ирнэ.

Марина бэй сандс-ийг санагдуулам 350 метр өндөр энэ барилгын 79 давхарт “Хэвтээ тэнгэрийн хатагтай” буюу The Crystal хэмээх халуун орны ой, ургамал, усан сан бүхий 300 метр урт бөөрөнхий хэвтээ шилэн байгууламжаас гэрэлд сүлэлдсэн шөнийн Чунчинийг тольдох нь жуулчдыг татах бас л нэг гайхамшигтай агшин. Энэ хоёр байгууламжийг алдартай зохион бүтээгч Моше Сафди бүтээсэн учраас хоорондоо усны дусал шиг адилхан, гэхдээ тус тусын онцлогтой байдаг аж.
Гэрэл сүлэлдсэн шөнийн Чунчинийн үзэсгэлэнтэйг цөөн үгээр илэрхийлэхэд хэцүү. Өвөрмөц хийцтэй байшин бүрийг гэрлээр чимэглэн гайхуулах, шөнийн голд түг түмэн аварга хөлөг онгоцууд дүүрэн буцлах жуулчдаа дааж ядах мэт аажуухан хөвөх нь тэр чигээрээ л жуулчдын диваажин. 5000 хүний багтаамжтай усан онгоцны хэлбэртэй театр, Малайзын хоёр ихрийг санагдуулам гэрлээр чимэглэсэн гүнжийн байшин мэт хоёр цамхаг, эртний уламжлалт хэв шинжтэй тансаг хоолны газар, хотыг бүхэлд нь харах тавцан, асрууд гээд хүмүүний нүд булаах болгоныг Жиалан голыг хөвөөлөн байгуулсан нь жуулчлалын асар том бодлого гэлтэй. Өдөр нь хурц өнгөлөг, хаашаа ч харсан гудамжны хоол, дэлгүүрүүд эрээлжлэх, шөнө нь гэрэл чимэглэл өдөр мэт сүлэлдэх Чунчинь.

Эдний хамгийн алдартай трендүүдийн нэг нь л гэхэд байшин дундуур сүнгэнэн гардаг метро. Өдар бүр энд хэдэн зуун хүн ирж сонирхон зургаа авахуулдаг. Дэлхийн том, том инфлүүсерүүдийн зургийг та бүхэн лав харсан байх.
Баасан гариг бүр болдог хэдэн зуун мянган дроны шоу, Жиалан гол дунд хэдэн арваараа сүлэлдэх круз аяллын хөлөг онгоц, Хятадын эртны ший янгуу бүхий ногоон хурганы арьс, нохойны битүү туурайнаас бусад нь байх худалдааны гудамж, хотыг бүхэлд нь тольдох тансаг ресторан...гээд угаас аялал жуулчлалыг дээд зэргээр хөгжүүлж байгаа Хятадын соёлыг өгүүлэх юун. Харин Чунчины онцлог нь юундаа байна вэ гэвэл технологи, ложистикийн шийдэл. Энэ талаар удахгүй үргэлжлүүлэн бичих болно оо.
А.Туяа
Үргэлжлэл бий


Сэтгэгдэл байхгүй байна