Хээрийн түймрийн нөхцөл байдлаар өчигдөр /2026.10.11/ Дорнод аймгийн Шуурхай штаб хуралдав. Монгол Улсын өмнөд хилийн бүс нутаг Төрийн тусгай хамгаалалттай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Нөмрөгийн дархан цаазат газар ой хээрийн түймэрт өртөөд байгаа. "Мобиком" ком анийн нэр бүхий хүмүүс тус дархан цаазат газарт зорчихдоо машины очлуураас гал алдсан бөгөөд энэ талаар "Мобиком" ийн зүгээс тайлбар мэдэгдэл гаргаад байгаа. Үүсээд буй нөхцөл байдлын талаар Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл дараахь мэдээллийг өглөө.
Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл:
-Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртсөн байна. Одоогийн байдлаар түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үүний дараа хохирлын хэмжээг тогтоох байх. Харин одооноос дараагийн асуудлууд эхэлнэ.
Төрийн байгууллагууд ажлаа хэрхэн уялдуулж, холбогдох хууль, журмын дагуу дархан цаазат газрыг хамгаалах асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулах шаардлагатай. Энэ бол хилийн бүсийн нутаг дэвсгэр төдийгүй тусгай хамгаалалттай газар. Тэгвэл тухайн бүсэд хэний зөвшөөрлөөр нэвтрэх ёстой вэ? Хилийн байгууллагын зөвшөөрлөөр үү, эсвэл тусгай хамгаалалттай газрын зөвшөөрлөөр үү гэдэг нь тодорхойгүй, олон асуудал байна.
Би энэ асуудалд урьдчилан дүгнэлт хийж, хэн нэгнийг буруутгах нь утгагүй гэж үзэж байна. Онцгой байдлын байгууллага, цагдаагийн байгууллага хамтран шалгаж, үнэн мөнийг тогтоох хэрэгтэй. Дорнод аймгийн иргэдийн хүсэж байгаа зүйл бол энэ. Байгалийн онгон дагшин газар ийм хэмжээний хохирол амссан байхад хариуцлагын асуудлыг зайлшгүй ярих ёстой.
Түймрийн улмаас ан амьтдын 80 хувь нь үгүй болсон гэх мэдээлэл ч байна.
Тиймээс төрийн байгууллагууд иргэдэд урьдчилан сэрэмжлүүлэг, мэдээлэл өгсөн эсэхийг ч шалгах шаардлагатай. Энд хэн нэгнийг шууд буруутгаж, яллах нь гол биш. Харин болсон үйл явдлын үнэн мөнийг тогтоох нь чухал. Хэрэв асуудлыг шалгаж, хариуцлагыг тодорхой болгохгүй бол хэн, юу хийж байгаа нь мэдэгдэхгүй өнгөрдөг байдал давтагдана. Төрийн байгууллагууд хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгэдэг байх ёстой. Энэ бол анх удаа гарч байгаа асуудал биш. Өмнөх түймрүүд ч гаднаас орж ирж байсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас түймэр орж ирж, Халхголын нутгийг хамарсан. Одоо Нөмрөгийн дархан цаазат газарт ийм хэмжээний түймэр гарлаа. Ийм асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай.
Тиймээс хавар, намрын хуурайшилтын үед дархан цаазат болон тусгай хамгаалалттай газарт зорчих иргэдийн хөдөлгөөнийг шаардлагагүй тохиолдолд хязгаарлах шийдвэр гаргах хэрэгтэй байна гэлээ.


Сэтгэгдэл байхгүй байна