• Эхлэл
  • “Асаад унтарсан цучил” “Асаж дүрэлзэх дөл”-тэй өрсөлдөх үү

“Асаад унтарсан цучил” “Асаж дүрэлзэх дөл”-тэй өрсөлдөх үү

2026/10/11

Нийтлэлч У Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна

АН-ынхан ирэх даваа гаригт Бүлгийн даргаа сонгох асуудлаа дахиад л хэлэлцэх үү. УИХ дахь 28 гишүүнтэй бүлгийн даргыг сонгох гэж хойш тавин талцаж байгаа юм чинь ирэх сонгуульд 108 суудал аваад даргаа сонговол яах болж байна аа гэсэн ерөөлийн үгээр эхэлье. Одоогоор АН-ын бүлгийн даргад нэр дэвших нь тод дуулдаад буй хоёр гишүүн нь Х.Тэмүүжин, Б.Түвшин нар байна. Хоорондоо дэндүү “contrast”-тай юм.

att.BIfwqjzUWJrTuPWehItIOP6OYIFQuLsx8pBPaWFpJzw

Саяхан л улс төрд шинэ хүн гэгдэж байсан Б.Түвшин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэн бэ гэдгээ харуулж амжсан. АН-д нэг гоё “капитал” байдаг. Тэр нь тоонд сайн чанар. Өмч хувьчлал, хөрөнгийн бирж, банкны шинэчлэл гээд өнөөдрийн Монгол Улсын ололт амжилуудын тоон утгатай бүхэн Ардчилсан Засгийн газрын үед эхэлсэн байдаг. Тэр үеийн Ардчиллынхан гэдэг чинь Соцдек, МҮДНяк гэхчлэн санхүүчид. Маш гоё. Улс орны уураг тархи л гэсэн үг.

Харамсалтай нь энэ тоо парламентаас парламентын хооронд цөөрөөд байх шиг. Одоогийн УИХ дахь АН-ын бүлэг дотор хэдэн сайн “уураг тархи” байдгийн нэг нь Б.Түвшин яах аргагүй мөн.

“Хээгүй” биш “Хийгүй” сөрөг хүчин болно

att.4tsT_cf3E64s8cGOw9bGZIRw1pWRZYJ_IAX2uchOgK0

Анхаарлын төвд орох гээд хашгичиж босож ирээд байдаггүй ч үг нь цөөн хэрнээ жинтэй, үнэхээр хэлэхээс аргагүй газарт л гарцаагүй тоо баримттай ярьдаг, даруу чанартай ч дотроосоо дүрэлзсэн нэгэн яах аргагүй мөн.

Хэрэв УИХ-ын ес дэх чуулган дуустал буюу үлдсэн 600 орчим хоногийн хугацаанд АН-ын бүлэг Б.Түвшингээр даргалуулбал хээгүй биш хийгүй сөрөг хүчин болно. Учир нь өнөөдөр АН-ынхан “сөрөх” гэж, олонхийн алдааг шүүмжлэх гэж өөрсдөө маш их алдаа гаргаж байна. Мэддэггүй зүйл их, тоонд муу, тооцоо судалгааг тоодоггүй, тоосон ч ойлгодоггүй болохоор чанга дуугаар ууртай хэлсэн үг нь “байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэгчээр ойж буугаад онохгүй байгаа юм.

Харин Б.Түвшин даргалах юм бол, миний төсөөлж буйгаар ядаж л тайлан баланс уншчихна, “өөхөнд боосон чулууг” буюу “Сайдын багц” гэгчид юу нуугаад хааш нь чулуудаад байгааг баримттай хэлнэ. 2012 оны 1 сард шүү дээ, тэр үеийн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг валютын ханшийн өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй тул огцруулах хүсэлтээ тавиад 20 гаруй гишүүн гарын үсэг цуглуулж байсан. Бүлгийн ахлагч нь Ч.Сайханбилэг байлаа. 7 жилийн дараа, 2019 онд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж мөн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж байсан. Одоо бол ийм юм байхгүй, “унтаа” байна. Уг нь юу юугүй огцруулдаггүй юмаа гэхэд сонгуулиар сонгогчдодоо хэлэх үгтэй, олонхийн намын бүлгийг ч, огцруулах хүсэлтийн эзнийг ч цочроодог сөрөг хүчний хийх ёстой акц яах аргагүй мөн.

Ардчилсан намынхан бол бодлого, судалгааны арвин их архивтай, арга барилтай, туршлагатай “дата” ихтэй нам. Гэтэл түүнийг нь бариад ажил сайжруулах, акц явуулах Бүлгийн дарга алга. Ээлжит “4:11”-ийнхээ үеэр хөтлөлцөж гарч ирэхээрээ бүтэлгүй хов живийн чанартай мэдээлэл хийж, бухимдлаа илэрхийлчихээд орхичихно. Тэдний бухимдлаар яах юм бэ?

Тэгэхээр акцынхаа “нүд”-ийг зөв олж, зорилгоо, бодлогоо оновчтой тодорхойлоод улиг болтол үглэхгүй эрс шийдэмгий, маш тодорхой шаардлага тавиад үр дүнд хүрээд байж чадах хүн бол Б.Түвшин гишүүн гэж харагдаад байгаа юм. Түүнийг бүлгийн даргаар сонговол АН дүрэлзээд л сэргээд ирнэ. Түүнийг Бүлгийн даргаар сонгохгүй байх ганц шалтгаан олчихоод “сэвээд” байгаа нь анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон гээд байгаа юм. Тэгж яривал УИХ-ын 2024 оны сонгуульд ялаад анхны УИХ-ын даргаа сонгохдоо л анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүнийг чуулганы нийт гишүүд дэмжиж сонгосон биз дээ. Бичигдээгүй дүрэм зохиож бүлгийн даргаас Б.Түвшингийн нэрийг холдуулах нь байтугай бичигдсэн дүрмээ зөрчөөд байгааг нь АН-ын бүлгийнхэн яаж ч чадахгүй л байна шүү дээ. Б.Түвшин бол улс төрийг чимээгүйхэн мэдрээд, имрээд сууж байдаг нэгнээс гадна бизнесийн хүний хувьд яс хатуу биш ус шиг зөөлөн байж эвийг олж чаддаг. Хэзээ, юуны төлөө зөөлрөхөө мэднэ. Энэ бол маш чухал, эрэлттэй чанар.

Тэмүүжин Чингис болдоггүй юм байна

att.qSKR1fBbTJ6T7UuE3yyfbiSw9H6GSpPQygqZ7_q2PQo

Харин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонговол яах вэ? 2012 оны сонгуулийн дараа ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан тэр үе бол олон нийтийн дунд gremix болж байсаан. Тэгвэл өнөөдөр? Энүүхэндээ гэхэд сүүлийн арваад жил түүний эрч харьжээ. Харахад сөрөг хүчний байр сууринаас ярих боловч “сэтгэлийн чинад”-д нь зориг зүрхийнх нь өмнө ямар нэг “цайз”, “хана” буй болсон мэт. Үгийн урсгал нь эрх баригч тал руу налсан, эсвэл ядарсан ч юмуу...иртэй, ирмэгтэй байж болохгүй шалтгаантай мэт нууцлагдмал айдас хүйдэс мэдрэгдэх болж. Одоо түүнд олон нийт байтугай АН-ын олонх ч итгэхгүй л болов уу. Л.Мөнхбаясгалан гишүүний сэтгүүлчээр ажиллаж байхдаа бичсэн “Тэмүүжин хэзээ ч Чингис болдоггүй” гэдэг нь л тэр юм болов уу. Тэгээд ч цагтаа “Харьж яваа хүн ирж яваа цагийн дууг аялдаггүй юм” гэж “айлдаж” байсан удаатай.

Дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллаж буй гэдгээр өнөөдөр түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар томилох нь Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гэсэн хоёр том сонгуулийн өмнө дэндүү гоомой сонголт болж мэдэх юм. Учир нь АН-ынхан энэ удаад өчигдрөө бус, маргаашаа харж, “Хэн хэд дэх удаа УИХ-д сууж буй туршлагатай вэ” гэдгээс илүүтэй “Хэн нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийг эв нэгдэлтэйгээр зангидан, бодлого шүүмжлэлээр, оновчтой акцуудаар ардчиллыг дэмжигчдийн итгэлийг сэргэтэл 600 хоног гал шиг дүрэлзэн ажиллаж ирэх сонгуулиудад ялалт авчирч чадах вэ гэдгийг бодож сонгох учиртай. Тиймээс туршлагатай гэдэг үгийн ард нуугдах “уншчихсан ном, үзчихсэн кино”-нуудаа хойш тавиад “Шинэ үе Pepsi-г сонгож байна” гэдэг шиг үе үеийн ардчилагчдыг байлдан дагуулж чадах, цөөн үгтэй ч жинтэй үйлдэлтэй, популист хандлагаас зайлсхийж ажил хэрэгч байх тийм л хүнийг сонгох хэрэгтэй. Нэмж хэлэхэд Б.Түвшингийн улс төр дэх намтар “нимгэн” байгаа нь харин ч ашиг сонирхлын бүлэглэлүүдэд барьцаалагдахгүй байх давуу тал байж мэдэх юм шүү. Учир нь “Танихгүй атамануудтай зодолдоход амархан” байдаг юм гэнэ лээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна