• Эхлэл
  • Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

2026/10/21

МУСГ сэтгүүлч Б.Ганчимэгийн нийтлэлийг хүргэж байна

Хэдэн өдөр явж, 2300 километр зам туулан галд өртсөн Нөмрөгийн дархан цаазат газар ажилласан томилолт маань ийнхүү өндөрлөлөө.

1.

Уншигчид асууж байна. Өмнөх сурвалжилгууддаа шатсан машиныг газар дээрээс нь олон нийтэд харуулсан атлаа яагаад машин хажуу талаараа эргэчихсэн байна вэ. Энэ машинтай явж байсан хүмүүс онхолдсон юм биш үү хэмээн асууцгаажээ. Халхгол сумын цагдаагийн хэлтэс ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан учраас өөр эх сурвалжуудаас тодруулж баталгаажуулах шаардлагатай байсныг ойлгоно биз ээ. Болсон явдал бол машин доод хэсгээсээ шатаж эхэлсэн учраас унтраах гэж оролдож байх явцдаа хоорондоо ярилцаад өөрсдөө нийлэн түлхэж,машиныг хажуу талаар нь унагасан болох нь гэрчүүдийн яриагаар баталгаажлаа. Тэгэхээр машин онхолдсон гэх хардлага батлагдахгүй байна. Одоо бид шатсан машинтай ноцолдохоос илүү хохиролдоо анхаарлаа хандуулах ёстой гэдгийг бүгдээрээ хаа хаанаа ойлгоцгооё.

Хохирлыг хэрхэн авч үзэх ёстой вэ гэдэг энэ ойлголт мэргэжлийнхний нарийн судалгаа, дүгнэлтэн дээр үндэслэгдэх ёстой. Тийм учраас Нөмрөгийн дархан цаазат газрын ургамлын аймгийг бүхэлд нь судалж, докторын зэрэг хамгаалсан судлаач И.Түвшинтогтохын байр суурийг хүргэе.

Түүний хийсэн судалгаанаас харахад Нөмрөгийн дархан цаазат газарт 806 зүйлийн гуурст ургамал бүртгэгдсэнээс, 85 зүйл нь зөвхөн энэ нутагт ургадаг юм байна. Үүний 29 зүйл нь нэн ховор, 34 зүйл нь ховор ургамал аж. Жишээлбэл, Cанчрын тунхуу, Cанчрын гэсэр, Ганболдын удвал, Валерийн тарна гэх өвөрмөц нэртэй дөрвөн зүйлийн цэцгийг гэхэд шинжлэх ухаанд шинээр бүртгэсэн анхны газар нь манай Нөмрөгийн ай сав юм байна. Үнэхээр бүхэлдээ онцгой ач холбогдолтой гэж үздэг нь ийм учиртай. Жишээ нь, Ганболдын удвал гэдэг нэр та бүхэнд содон сонсогдож байгаа байх. Aquilegia ganboldii гэх энэ ургамал нь холтсон цэцэгтэн овгийн удвал цэцэг. Монгол оронд ургадаг удвал цэцгийн таван төрлийн нэг нь. Эдгээр ургамлын тархцын 50 орчим хувь нь зөвхөн дорнод монголд ургадаг юм байна. Ийм л ариун дагшин нутгийн минь өв сан галд өртчхөөөд байгаа юм.

att.S9BHl7nG5PxHAXDJhOc_rZezXzzzH4M8eIAEpMYwGz8

“Эдгээр нь зүгээр нэг статистик биш. Монгол орны дэлхийн бусад бүс нутгаас ялгарах өвөрмөц ургамлын аймаг, байгалийн ховор тогтоц энд хадгалагдан үлдсэний илрэл” юм шүү гэдгийг энэ эрдэмтэн анхааруулж байна. Тэгэхээр нэг сэтгүүлч уянгалж сүржигнэлээ гэж загнахаасаа илүү мэргэжлийн хүмүүс нь юуг онцолж, юунд харамсаж, ямар шаардлага тавьж байгааг хохирлын үнэлгээний явцад илүү тулхтай анхаарах ёстой юм.

Ургамал бүр экосистемд өөрийн гэсэн үүрэгтэй. Тодорхой бүтцээс бүрэлдсэн хөрс, тодорхой хэмжээсүүдийг агуулсан чийгшил, температурын өвөрмөц нөхцөлд зохирон ургадаг эдгээр ховор ургамлууд амьдрах орчноо алдчих юм бол үхэх, өөр газар тархан ургах, өмнөх тархцаа сэргээх боломжоор хязгаарлагдах зэрэг эрсдэлтэй гэж судлаач хэлж байна.

Тиймээс “Нөмрөгийн түймрийн дараа зөвхөн хэдэн га газар шатсаныг бус, ховор ургамлын тархац, популяцид ямар хохирол учирсныг тогтоох нь нэн чухал. Зөвхөн Нөмрөгт ургадаг 85 зүйлийн ургамал бий. Энэ тооны цаана байгалийн дахин давтагдашгүй үнэ цэн оршиж байдаг юм” гэсэн доктор И.Түвшинтогтохын үгээр энэ хэсгээ өндөрлөе.

Нөмрөгийн үнэ цэн зөвхөн ургамлаар хязгаарлагдахгүй. Ан амьтдын хувьд 57 зүйлийн хөхтөн, 263 зүйлийн шувуудын амьдрах орчин түйвээгдчихээд байна. Энэ бол монгол орны зүүн хязгаарын биологийн олон янз бүхий өвөрмөц байдлыг хадгалж үлдэхэд чухал үүрэгтэй нутаг гэдгийг мэргэжлийнхэн анхааруулж байна.

Би Нөмрөгийн дархан цаазат газрын дарга Д.Наранбаяртай дөнгөж түймрээс ирээд байхад нь уулзаж ярилцсан. Тэрбээр галд өртсөн ан амьтантай таараагүй, мөн өмнөд хөрш рүү амьтад дүрвээгүй хэмээн ярьж байсан. Харин мэргэжлийн судлаач хүн хэлэхдээ “Түймэр амьтдад зөвхөн шууд галын аюул учруулдаггүй. Үүр, ичээ, үржлийн орчин, идэш тэжээлийн эх үүсвэр, усанд хүрэх замыг нь ч сүйтгэдэг. Галаас зугтаж амжсан амьтад ч амьдрах орчноо алдсанаар цаашид эрсдэлтэй нүүр тулна” гэж онцолж байна билээ .

Манай зарим иргэд их түймрийн дараа ургамал илүү сайн ургадаг гэж хэлэх юм. Тийм ээ, өнгөн хэсгийн аливаад тэсвэртэй ургамлууд ургана. Дэлгэнэдэг дэлхий гэдгийг бид мэдэж байгаа. Гэхдээ агаарын дундаж температур нэмэгдэж, хуурайшилт ихсэхийн хэрээр нөхөн сэргэх хугацаа уртсаж, ургамлын аймгуудын амьдралд өөрчлөлт гардаг гэнэ.

Ялангуяа өргөн уудам талбай шатсан тохиолдолд эх ургамал буюу үрийн эх үүсвэр багасаж, ургамал өмнөх орон зайгаа эзлэн ургахад хүндрэл учирдаг гэж ойн газрын дарга тайлбарласан байна.

Энд нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Хүмүүсийн хайхрамж болгоомжгүй үйлдлээс үүдсэн түймрийн хариуцлагыг бид байгальд даатгах ёсгүй юм. Байгаль өөрөө сэргэх чадвартай гээд мэдэмхийрээд байгаа хүмүүс хүний хариуцлагагүй үйлдлийн бурууг байгальд нь үүрүүлж үлдээх гээд байгаа юм уу гэх асуултыг сөргүүлээд тавимаар байна. Байгалийн экосистемийг сэргээх ажил ганц удаагийн арга хэмжээгээр ч шийдэгдчихдэг юм биш. Олон жилийн турш үргэлжлэх, асар их хөрөнгө мөнгө шаардагдах ажил. Тэгэхээр бид хохирлоо энэ бүгдийг цогцоор нь шингээж тооцох ёстой гэдэг дээр нэгдмэл байр суурьт хүрмээр байна.

2.

Дорнодын их талаар бодолтойгоо хамт буцаж явахад яагаад ч юм сэтгэл өвдөж, эзэн биегүй атлаа хөндүүрт автаад яваагаа өөрөө ч ойлгож ядан байнам.  

Биднийг залуухан сэтгүүлч явахад Дорнодод хайгуулын ажлаар яваа хятад мэргэжилтнүүдийн асуудал анх хөндөгдөж эхэлснийг санаж байна. Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эхлэхээс өмнөхөн гэсэн үг. Тэгвэл өнөөдөр төсөл аль хэдийн эхэлж, улмаар 20 орчим жил үргэлжилжээ. Гэсэн ч яагаад ч юм ард олны маань элгэнд тэврүүлсэн төсөл болж чадсангүй. Энэ л асуудал юм.

Учир нь ганцхан жишээ хэлэхэд өнөөдрийг хүртэл газрын тос олборлох бүхий л үйл ажиллагааны улмаас үүссэн асар их хэмжээний хог хаягдлыг хаана, хэрхэн хадгалж, хааш нь тээвэрлэж, яаж устгалд оруулж ирсэн нь тодорхой биш. Зөвхөн энэ асуудал гэхэд л манай иргэдийн дунд маш том хардлага үүсгэсэн хэвээр байна.

Үнэндээ Их Дорнодын ээрэм талаар минь элэг дэлүүгүй битүү цоолж суурилуулсан өрмүүд, тасралтгүй 24 цаг соруулан авч буй бидний баялаг, өгөхийн төлөө өрөө цөмлүүлэн тамирдсан газар нутгаа хараад сэтгэл зүрх харамсал харууслаар үерлэхгүй байхын аргагүй аж.

att.guyC27cDaVHqrclceTICL5cplpDK-kHZtH3Sx9dgkdU

Би уул уурхайн мэргэшсэн сэтгүүлч биш. Тийм ч учраас энэ салбараас хөндий явдаг. Хоосон хийрхэл, хэтрүүлсэн төөрөгдлөөс хол явах ёстой салбар гэж үздэг. Гэхдээ яагаад ч юм Дорнодоос буцах зам минь шаналал зовууриар дүүрэн байлаа.

Дорнод аймгийн Халхгол болон Матад сумдын нутагт хэрэгжиж буй газрын тосны энэ төслийг хүмүүс яг ямар учиртай төсөл болохыг тэр бүр мэддэггүй.

Энэ бол БНХАУ-ын 100 хувийн Хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ын манайтай бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт 20 орчим жил хэрэгжүүлж байгаа төсөл юм. Өнөөдөр ч Халхгол сумын нутаг дахь 21 дүгээр талбайгаас гэхэд өдөрт дунджаар 1100 тонн орчим түүхий нефть олборлож, Баянхошуу боомтоор БНХАУ- руу гарч байна. Тус төсөл хэрэгжсэн хугацаанд Монгол Улсын төсөвт 4–6 их наяд төгрөг төвлөрүүлсэн ч татварын маргаан сэлт ер тасардаггүй.

Төсөл хэрэгжиж буй аймаг маань ч бахь байдгаараа. Чойбалсан хот сайхан хот. Олон шинэ байшин барилга баригджээ. Одоо ч барьж л байна. Эндээс харахаар Дорнодыг байгалийн баялаг нь биш барилгын хэдэн компани нь авч яваа ч юм шиг.

“Петрочайна Дачин Тамсаг” энэ оны улсын төсөвт 231.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн. Том тоо гоё сонсогддог. Гэхдээ өнгөрсөн он жилүүдэд манай төсөв рүү оруулсан зургаан их наяд төгрөг хаачив. Яагаад Дорнодын зам нь ч, тал нь ч там хэвээрээ байгаа юм. Энэ бол өнөөдрийн асуулт.  

att.YHQ-sDCXWwaymcVGUlSNJUEm9X62lcNho-DOe0WDsaA

Энэ гэрээ бол 1990-ээд оны эхээр Монгол Улс газрын тосны салбарт байтугай юм юманд туршлагагүй, хууль эрх зүйн орчин маань ч бүрэлдэж бэхжээгүй байх үед байгуулсан гэрээ юм. Шууд хэлэхэд хөрөнгө оруулагч талд нуль ашиг, баялгаа өгч буй бидэнд бол балаг болон үлдсэн гэрээ. Баялаг эзэмшигч орон гэхэд дэндүү хөөрхийлөлтэй байна, бидний байр байдал.

Олборлолтын явцад их хэмжээний гүний ус ашиглаж ирсэн, орон нутгийн маань хөрс, зам харгуй, байгаль сүйдсэн гээд яривал өчнөөн юм бий. Ядаж өдий хүрэхэд яагаад Халх голын замыг бариад өгсөнгүй вэ. Дэндүү гомдмоор санагдахгүй байна гэж үү.

Матад болон Халхгол сумын нутагт нийт 1,544 орчим газрын тосны цооног өрөмдөж ашигласан. Газрын тосоо газарт ил асгаж, орчны хөрс усыг маань бохирдуулсан зөрчил удаа дараа гарч ирэв. Хэд хоног шуугьж байгаад бид тайтгардаг, харин айл авдгаан авч, зөөдгөөн зөөсөөр л байдаг.

Эцэст нь бид экологийн гүн гүнзгий сүйрэл, элгээ эмтлүүлсэн зовуурь тэврээд үлдэх нь нэгэнт тодорхой болжээ.

3.

Өнгөрсөн 20 жилд Дорнодын их тал маань халагламаар харьжиж, халуут ёс жаягаасаа ч халтиран алсарсан нь сонин. Тэрэндээ ч өөрсдөө гүн шигдсэн нь хамгийн том гуниг санагдав. Яйрч талхлагдсан замаар санжгануулж явахдаа хоорондоо хээв нэг “тамын 50-ыг өнгөрч явнаа” гэх мэтээр ярьцгаах болж. Замынхаа баримжааг “гунигийн 30”, “тамын 50” хэмээн хэлцдэг болтол төөрөгдөлдөө дасчээ, тэд.

Тэр бүү хэл “Меланжаас Дорнод” гэж бичсэн чиг заагчтай олон таарав. Утсаар ярихдаа мөн л Меланж өнгөрч явна, Меланж орчим гэж ирээд орилж сонсогдох нь хачирхалтай.

Меланж гэдэг нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Хашаатын цав уурхайд хөрс хуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг, мөн д хятадуудын оролцоотой компани. Бас л арван хэдэн жил тонгочуулж яваа “айл”. Нүүрсний олборлолт, экспорттой холбоотой хэл үг дагуулсан мэдээллүүдэд нэр нь олонтаа дурдагдаж байсан газар. Меланж гэх энэ компанийг хилийн шугамнаас ердөө тавхан километрт уурхайн олборлолт хийдэг гэж нутгийнхан ярих юм. Хуулиар олборлолт явуулах нь байтугай мал бэлчихийг хориглосон газарт ямар ч саадгүйгээр асар олон техник хэрэгсэл оруулж ирсэн, ард нь "Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнэ, мөн МАН-ын улс төрийн нялхас байдаг гэж ч ярих юм.

att.nSaaK7Zv8COUa-Gr4Mz0Zj7ReVC-a-90cSWULuwMs0c

Меланжийн хөндий гэтлээ манайжсан энэ “айл”-ын жинхэнэ ар талд хятадууд байдаг гэсэн хардлага Дорнодын тал нутгаар дүүрэн нисдэг. Меланж ийнхүү Дорнодод нутаг орны байршил баримжаа тодорхойлогч болтол суурьшсан байж болно. Харин монголчууд бид яахаараа ингэж тэнэгэртлээ харьждаг байна вэ. Бидний өвөг дээдэс уул ус, булаг шанд болгондоо гүн гүнзгий бэлгэдэл шингээсэн нэр сийлж үлдээсэн байдаг биш билүү.

Номун булаг, Баян улаан, Оргихын булаг, Уужмын хөндий, Өгсөхийн даваа, Дэлгэрэхийн тал гэх мэт утга гүн, бэлгэдэл ариун монгол нутгийн нэр ус энэ нутагт хаашаа орчихов оо. Өвгөдийнхөө тамгалж үлдээсэн тал нутгийг юу болгож орхих нь энэ вэ...Үүнийг л би харьжсан тал нутаг хэмээн онцолж байгаа юм.

Дорнодчууд улс төрийн сонголтоо эргэж харах, тунгаан эргэцүүлэх цаг болжээ. Ямар гээчийн нүүдлийн, хүнийрхүү, харийнхантай хавтгай сүлбэлдсэн, үнэт зүйлгүй, үзэл санаагүй нөхдүүдээр өөрсдийгөө төлөөлүүлж ирээ вэ. Сүүлийн арван хэдэн жилийн сонголтоо нэг хараарай. Тэд ядаж халхын цуутай нутаг Халхголын замаа яагаад  шийдчихсэнгүй вэ.

Эх нутгаа түймэрдүүлж, тонуулж, талаа там, тавилангаа түйтгэр болгож дууслаа шүү дээ.

Одоо зарим нь “түймэр яах вэ, гарч л байдаг, унтарч л байдаг” гээд том корпорацыг эвийлэн хошуу дэвсээд явцгааж байна. Хилийн цэрэг нь жижиг оврын ганц онгоц ч үгүй, явганаар гал нүдэж, морьтой хилээ эргэж, мотоциклтэй дов сондуул дундуур бүдчиж явахад шүү дээ...

Ингээд бодохоор инээх юм юу байна вэ. Монголчууд бид өөрсдийгөө болохоор зулгааж “иддэг”, өрөөлд болохоор зусардаж “унадаг” хямдхан улсууд болон хувирчээ. Мэдээж энэ үг маань хөрөнгө оруулагчдыг ташуурдаж хөөх тухай ойлголт биш гэдгийг эрхбиш оюунт хэсэг нь ойлгох биз ээ.

Бид зүгээр л үндэстний ухаалаг бодлоготой, хүн төрөлхтөнтэй нэг долгион дээр “тоглодог”, өөрсдийгөө хүндэтгэдэг эрхэм ёс зүйтэй улс баймаар байна. Бид жалганы хэрүүл зодоондоо жатгалуулж гүйцлээ шүү дээ.

Минчийтлээ уурласан би Меланжийн хөндийг туулан ийнхүү буцаж явна...

Өмнөх нийтлэлүүдийг дор дарж уншина уу 

Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна