Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэгийн сурвалжлагыг хүргэж байна

Нөмрөгийн Дархан цаазат сав газрыг нэлэнхүйд нь галд автуулсан их түймэр юунаас эхэлсэн бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж таарна.
Үүрэн телефоны тэргүүлэх оператор болох Мобиком корпораци нь Дорнод аймгийн Халхгол сум болон Сүмбэр боомтын чиглэлд шилэн кабель татах, 4G сүлжээ оруулах дэд бүтцийн төслийг хэрэгжүүлсэн юм. Энэ нь Халхголын хилийн отрядын бүх заставыг Мобикомын өндөр хурдны сүлжээнд холбох төсөл байв. Алслагдсан бүс нутагт шилэн кабель суурилуулж, үүрэн холбооны 4G сүлжээг нэвтрүүлэх энэ төслийнх нь ажил 2026 оны 10 дугаар сарын эхээр дуусчээ. Уг төслийн ажлаа хүлээлгэж өгөөд явж байсан Мобиком корпорацийн удирдлагуудын автомашинд гал гарсны улмаас Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн томоохон түймэр дэгдсэн харамсалтай үйл явдал болоод байна.
Галын тухай мэдээ хүлээж авсан заставынхан хэргийн талаар зохих газруудад анхны дуудлагыг өгсөн төдийгүй өөрсдөө гал унтраах үлээгүүрээ аван очиход тэр багийн таван машины нэг нь шатаж байжээ. Намрын хуурай өвсөнд авалцсан гал нэгэнт хүчрэгдэхээс өнгөрч, айж мэгдсэн, орилж хашгирсан хүмүүс хувцсаа тайлан нүдэж, чадах чинээгээрээ ноцолдож байсан гэнэ. Тэнд буюу яг гал гарсан анхны халуун цэг дээр байсан 14 хүн хэн хэн байсан бэ.
Э.Гантулга Монгол Улсын боомтын захиргааны дарга
Ц.Насанхүү Боомтын захиргааны төлөөлөгч
Ясухиро Очи Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал
Б.Отгончимэг Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал
Б.Мөнхзориг Мобиком корпорацийн бизнес хариуцсан дэд захирал
А.Даваасүрэн Мобиком корпораци Стратеги, Төслийн Удирдлагын албаны захирал
Б.Ашима Мобиком корпораци инженер
Л.Батболд Мобиком корпораци жолооч
Б.Баярбаатар Мобиком корпораци жолооч
Д.Энхмягмар жолооч
Б.Оргилболд орон нутгийн иргэн
Д.Даш Халх сумын эмнэлгийн эрхлэгч
Б.Амар орон нутгийн иргэн
З.Алтаннаран жолооч... эдгээр 14 хүн яг гал гарсан бүсэд хамт явж байжээ. Орон нутагт ямар нэгэн томоохон арга хэмжээ болоход сумын удирдлагууд, төрийн байгууллагуудын төлөөллүүд бүгд л дагалдан явдаг. Энэ жишгээр л хотоос очсон, хөдөөнөөс цугласан хэсэг хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцсон аж.
Мобиком корпораци болсон үйл явдлын дараа мэдэгдэл гаргасан ч тэр нь олон нийтийнэгдүүцлийг улам дэвэргэх шиг болсон. Уг мэдэгдлийн агуулга, монголын нийгмийн сайн сайханд олон жил хөрөнгө оруулж ирснээ сануулсан, ерөнхийдөө сэрүүн өнгө аясүнэртүүлж байснаас болсон болов уу. Араас нь харин тус корпорацийн гүйцэтгэх захирал, ноён Ясухиро Очи монголчуудаас уучлал гуйн мэхийж, улмаар хохирлыг барагдуулах болно хэмээн мэдэгдээд байгаа юм. Мобикомын гаргасан мэдэгдэл тус корпорацийн албан ёсны сайтад тавигдаагүй байгаа болохоор та бүхэнд ахин уншуулж төвдсөнгүй.

Тэднийг тул агнахаар явсан, загасчилсан хэмээн хардаж байгаа ч үнэндээ амжаагүй болов уу. Бид Халхгол суманд ажиллаж байхдаа олон хүнтэй уулзаж, нийтийн хардлагад хариулт өгөхөөр тодруулга авсан ч нэг ч хүн тэднийг ан ав хийсэн талаар ямар нэгэн баримт өгүүлсэнгүй.
Биднийг “Гурван голын бэлчир”-т очиход мобиком корпорацийн удирдлагын унаж явсан "Nissan Patrol-Y62" маркийн автомашин газар дээрээ байсан юм. Уг машин шатсан байдалтай байсан бөгөөд 99-11 УНН гэх улсын дугаарын тэмдгийг нь авч явсан байв.
2026 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн монголын харилцаа холбооны ууган оператор болох “Мобиком Корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй Ясухиро Очи гэж ингэхэд хэн бэ. Тэрбээр Японы нэр хүндтэй их сургуулиудын нэг Кэйо их сургуулийг (Keio University) социологи, соёл хоорондын харилцааны чиглэлээр төгссөн ажээ. Японы харилцаа холбооны томоохон компани болох KDDI-д борлуулалтын менежер, группийн менежер, ерөнхий менежер, корпорацийн борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан, харилцаа холбоо болон технологийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм байна. Түүний тухай чөлөөт цагаараа ан ав хийдэг, ууж цэнгэдэг гэх мэт интертаймент мэдээлэл одоогоор байхгүй байна.
Нээлтийн арга хэмжээнд Халхгол сумын засаг даргын орлогч Д.Эрдэнэдэлгэр, бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон нар оролцсон ч энэ баг шууд сумын төв рүү салан явцгаажээ. Гэвч олон нийт парламентын гишүүн У.Отгонбаярыг мобикомын багтай хамт явсан, гал түймэр гарахад тэнд байсан хэмээн хардаж байгаа юм. У.Отгонбаяр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү учраас түүний нэр энэ сэдэв дотор тасралтгүй яваад байна гэж дүгнэх хүмүүс олон байгаа ч тэр сонгогчдыг төлөөлөн ажиллаж буй УИХ-ын гишүүн хүн гэдэг дээр иргэд илүү анхаарлаа хандуулж байгаа биз ээ. Тийм ч учраас гал гарахад газар дээр нь байсан хүмүүсээс олж уулзах гэж чамгүй хөөцөлдөв.
Одоогийн байдлаар гишүүн өөрөө гал гарсан хэрэгтэй ямар ч холбоогүй, тэр багтай хамт яваагүй хэмээн мэдэгдээд байгаа.
Халхгол суманд биднийг очиход Мобиком корпорацийн баг аль хэдийн буцсан байв. Тиймээс машин шатах үед яг хамт байсан нь олон гэрчийн яриагаар батлагдсан тул, сумын ерөнхий эмч Д.Дашийг олж уулзсан юм.
Халхголын эмнэлгийн эрхлэгч гэх нэлээд түгшсэн байдалтай, даруухан бор залуу намайг ороход сууж байв. Ингээд бид уулзлаа. Эмч маань видео бичлэг битгий хэл зураг ч даруулахыг зөвшөөрсөнгүй. Ингээд цөөн хором ярилцах боломж олгосон юм.
Сумын эмнэлгийн эрхлэгч, их эмч Д.Даш:Үнэхээр хэцүү байдаг юм байна
- Дархан Цаазат Нөмрөгийн бүс нутагт машин шатаж их түймэр дэгдээд байна. Гал алдсан газар дээр нь, тэр багтай хамт явж байсан 14 хүний нэг нь та юм байна. Яг юу болсон талаар мэдээлэл авахаар зорьж ирлээ.
- Таван машин явж байсан, би бол хамгийн арын машинд явж байсан л даа. Нэг машин маань нэлээн урд, бид цувааны ард. Мобиком группын тэр шатсан машин цувааны дунд хэсэгт явж байсан. Надаас бол нэг километр хэрийн зайтай. Нэг харахад араас нь утаа уугиж байхыг бид харсан. Тэгээд яав ийв болоод тойрог дээр зогссон. Арын хоёр дугуйны голоос л утаа олгойдоод эхэлсэн.
- Машины хамар шүргэсэн өндөр өвстэй газар шүү дээ. Тэгээд хуурай, хатсан, халчихсан өвс...
- Тийм. Нэг машинаа түрүүлээд давхиад явчихсан машин руугаа дуудах гээд явуулсан. Тэгээд үлдсэн хэд нь машинуудаа холдуулж тавиад л гартаа баригдсан хөнжил гудас, савтай ус юу байгаагаа барьцгаагаад л унтраах гээд нүдэж эхэлсэн. Машины шалавч, өмсөж явсан хүрэм юу байдгаа бариад л орцгоосон. Хоёр ширхэг галын хор байсан. Тэр маань юу болох билээ. Шороо цацаж үзсэн. Өвсөнд ассан гал хурдан яваад байсан болохоор машинтай зууралдах цаг үнэндээ байгаагүй. Өвснийхөө галыг л бүгдээрээ цохиод байсан. Харамсалтай нь салхины эргэлт маш хүчтэй болж ирсэн. Ингээд үнэхээр хүчрэх боломжгүй болсон.
- Түлэгдсэн, шархадсан хүн байгаа юу ?
- Байхгүй. Түймэр ассан энэ өдрүүдийн долоо хоногт нь би өөрөө явсан. Маш олон хүн ажилласан болохоор тэдний аюулгүй байдалд анхаарах, заавар зөвлөмжөөр хангаж ажиллах ёстой. Арав гаруй бүлгийн 150 орчим хүн ажиллалаа. Дээр нь газрын хувьд хол, бартаа ихтэй. Ийм газар хүмүүс ажиллаж байгаа учраас тэнд хүмүүс эрсдэх аюултай. Зөвхөн түлэгдэлт гэхээсээ илүү тэр их утаан дотор хүмүүс явган ажиллаж байгаа болохоор хэцүү шүү дээ. Миний хувьд жолоочтойгоо хамт долоо хоног ажиллаад ирлээ.
- Таныг дөнгөж ирээд байхад ингэж төвөг удаж байгаад уучлаарай. Ер нь тэр гал гарсан өдөр таны явж байсан багт архи уусан, архидан согтуурсан явдал байсан уу ?
- Үгүй. Архи дарс уусан, согтуу хөлчүү явсан юм огт байхгүй. Яагаад бас ийм худал мэдээллүүд түгэж байгааг гайхаж л байна. Үнэхээр бүгдээрээ маш их цочирдсон, сандарсан, гартаа таарснаа бариад л орцгоосон.
- Машин дэлбэрсэн үү ?
- Хоёр гурван удаа түс тас гээд дугараад л байсан. Яг айхтар том дэлбэрэлт бол болоогүй. Үлээгч ирэнгүүт аваад цаашаа галаа хөөгөөд би явсан. Дараа нь дэлбэрсэн эсэхийг мэдэхгүй байна.
- У.Отгонбаяр гишүүн та нартай хамт явж байсан юм уу ?
- Байгаагүй. Мобикомын улсуудыг нь танихгүй, гишүүнийг бол мэдэх учраас танина.
- Түүнийг байсан л гэж ярьцгааж байна.
- Мобикомын манай нутагт хэрэгжүүлж байгаа төслийн нээлт болсон байхгүй юу. Яг тэр нээлтийн арга хэмжээн дээр бол У.Отгонбаяр гишүүн байсан. Арга хэмжээ дуусаад шууд буцсан. Би хэдийгээр энд ажилладаг ч “Гурван голын бэлчир”-т анх удаа очсон юм. Утсаараа зураг дарж, байгалийн хосгүй сайхныг бишрээд ангайсан амьтан л мөрөөрөө явж байсан юм. Үнэхээр хэцүү байна.
Ингээд бидний яриа өндөрлөж шинэхэн, гоёхон эмнэлгээс гарлаа. Олон жилийн өмнө очиход Нутгийн ордон, Соёлын төв, эмнэлэг, цэцэрлэг бүхий энэ орчин байгаагүй. Сайхан орчин үүсчээ. Гэхдээ бүгд түймэрт яваад эл хуль.
Бид Халхгол суманд ажиллахдаа түймрийн голомтоос ирэх хүмүүсийг хүлээж нэг хоносон. Хоёр гурван хүнээс яриа авснаас сумын эмч яг тэр цэг дээр байсан хүн учраас энд яриаг нь орууллаа. Эмч залуу их айсан, сэтгэл санааны хувьд цохилтонд орсон нь илт байв.
Баруун гар нь түлэгдэлтээс үүдсэн шархтай, урьд өмнө үзээгүй гамшгийн газар олон хоног ажиллаад ирсэн түүнийг удаан ээрч төвдсөнгүй.
Гал авалцаж шатсан "Ниссан Патрол Y-62" тэр автомашин явж байх замдаа хоёроос гурван удаа зогсож доогуурх өвсөө авч байхыг ард явсан машины хүмүүс харсан байна. Техникийн бүрэн бүтэн байдал зэргийг шалгах ёстой газрууд нь шалгасан биз ээ.
Тэр газар бол машины хамар шүргэсэн, морьтой хүний хормой түрий тэр чигээрээ өвсний өнгө будаг болдог өндөр өвстэй газар. Дээрээс нь өвс маш их хатсан, хуурай, мөн халсан байж... Ийм орчинд гал нэг л дэгдвэл баригдахгүй. Хамгийн харамсалтай нь чийг юу ч байхгүй, салхины хурд өндөр байж...
“Гурван голын бэлчир” маань одоо бол үнс нурам хийссэн, гуниг харуусал бүрхсэн хөндий болсон. Юу үнэн, энэ үнэн.
Яг машин нь шатсан, түймэр анх дэгдсэн газар явж байсан Монгол Улсын Боомтын захиргааны дарга Э.Гантулга, Боомтын захиргааны Халхгол дахь төлөөлөгч Ц.Насанхүү гэдэг эрхмүүдийг харин бид хайгаад олсонгүй. Хотод суудаг дарга бол буцсан. Харин Халхголд бүртгэлтэй Ц.Насанхүү алга. Түүний нэр Дорнодоос дэгдээсэн мэдээллийн түймэр дундаас ч цухуйхгүй байгаа нь анхаарал татсан юм л даа.
Яагаад хайсан гэвэл Сүмбэр авто замын боомтын захиргаа нь Монгол Улсын зүүн хязгаар, Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрлах Сүмбэр боомтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хөгжүүлэх, дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг төрийн байгууллага юм. Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд албан ёсоор холбох ажлыг хамтран,хариуцан гүйцэтгэсэн газар шүү дээ. Монгол Улсын Боомтын захиргаа, Мобиком хоёр шинэ төслөө дуусгаад нээлтийг нь хийсэн гэсэн үг. Тус боомтын байршил нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Чойбалсан хотоос 460 км зайд оршдог. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хянган аймаг, Рашаант хотын Рашаан боомттой хиллэдэг юм. Ангиллаараа бол Олон улсын зэрэглэлтэй, авто замын боомт. Үйл ажиллагаа нь түр буюу улирлын чанартай. Нэвтрүүлэх чадал нь өдөрт 50–80 тээврийн хэрэгсэл, 100–250 зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг болохоор жилд дунджаар 76 хоног ажилладаг бөгөөд үндэсний баяр наадам болон бусад тэмдэглэлт өдрүүдээр Хилийн боомтын захиргааны шийдвэрээр түр хаагддаг. Анх байгуулагдсан зорилго нь хил дамнасан болон бүс нутгийн аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэх зорилготой. Халхгол сумын Боомтын захиргааны төлөөлөгч Ц.Насанхүү нь энэ сумын иргэдийн хурлын дарга байсан, засаг даргад өрсөлдөж байсан, эрх баригч намын орон нутаг дахь нөлөө бүхий тоглогчдын нэг.
Ц.Насанхүү ингээд сураггүй болохоор сумын цагдаагийн төлөөлөгчтэй уулзлаа. Гэвч тэр ярилцлага өгөхийг зөвшөөрсөнгүй. Хэрэг бүртгэлт төвд хийгдэж байгаа, би мэдээлэл өгөх ёсгүй гэх товчхон яриа бидний дунд болов.
Хүчний байгууллагынхны энэ байр суурийг хүндэтгэж үзэх ёстой юм. Цагдаа, Хилийн цэрэг гээд бүгд тушаал гүйцэтгэгчид. Тиймээс тугийн дор жагсаж, тушаалын дор амьдардаг гэсэн үг. Тэд юу ч ярих эрхгүй. Тэр бүү хэл өөрийгөө яаж ч хэлмэгдэж, хэрхэн хайр найргүйгээр гүтгэгдэж, сэтгэл санаа, нэр төрөөрөө хохирч байсан ч үг дугарах ёсгүй. Бичигдсэн хуулийг нь уншаагүй ч бие биетэйгээ толхилцон ажиллаж ирсэн хоёр тал бол нэг талаас эд, нөгөө талаас сэтгүүл зүй юм. Тэгэхээр тэднээс хариулт нэхэн ээрэх боломжгүй.
Дорнод аймгийн Халхгол суманд байрлах, Монгол Улсын баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Хилийн цэргийн...дугаар ангийн захирагч Хурандаа Б.Гантөгсийг хууль бусаар нэвтрэх зөвшөөрөл өгсөн гол буруутан хэмээн шошголоод олон нийтийн сүлжээ рүү шидэж өгчээ. Нэгэнт улайссан нийгмийн сэтгэл зүй тунгаах чадвараа алддаг. Энэ сиймхийг завсрын тоглогчид харин сүрхий ашиглах шиг боллоо.
Отрядын дарга энэ залуу бол Монголын Хилийн цэрэгт шинэ хүн биш. Түүнийг Хил нь ч, Халхгол нь ч мэднэ. Түүнээс яриа авахыг хүссэн ч тэрбээр “Надад юм ярих эрх ч, шаардлага ч байхгүй. Бид зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээлэлтэй харьцах эрхгүй” гэх товчхон хариултыг өгсөн юм.
Ер нь зөвшөөрөл олгох эрх түүнд байсан уу гэдгийг бид шалгаж үзэх ёстой учраас Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Хилийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зэрэг холбогдох хуулиудыг сөхөж үзлээ. Өнөөдөр олон нийтийн сүлжээнд “өлгүүлж” байгаа хурандаа Хилийн тухай хуулийн дагуу л зөвшөөрөл олгож.
Мобиком компанийн захиргааны ажилтнаас албан бусаар тодруулахад тус группын гүйцэтгэх захирал Б.Отгончимэг аравдугаар сарын тавны өдөр албан бичгээр хүсэлт гаргасан юм байна. Хүсэлт нь Нөмрөгийн заставт шинээр тавигдсан Мобикомын сүлжээний тархалтыг шалгах, Нөмрөгийн үзэсгэлэнт байгальтай танилцах зорилгоор зөвшөөрөл хүссэн агуулгатай. Зөвшөөрлийг аравдугаар сарын 6-8-ны өдрүүд гэсэн хугацаатайгаар Халхголын дугаар ангийн захирагч олгож. Үүссэн харилцаа энэ. Нөгөө талаас нь бол Халхгол сум болон Сүмбэр боомтын чиглэлд шилэн кабель татах, 4G сүлжээ оруулах дэд бүтцийн төслийг хэрэгжүүлсэн үйл явдал болсон гэдгийг ахин сануулъя. Энэ нь Халхголын хилийн отрядын бүх заставыг Мобикомын өндөр хурдны сүлжээнд холбох төсөл юм шүү дээ. Ийм үед Хилийн цэрэг зөвшөөрөл олгохгүй байх ёстой гэвэл энэ нь ямар ч логикгүй яриа юм. Ердөө л энэ.
Ташрамд нь бяцхан хазайхад Хилийн цэрэг бол онцгой, өвөрмөц алба. Хэн дуртай нь ноцож, бас эрхэлж, элдвээр авирлаж, мөн дур зоргоо асган халдаж байдаг алба бүр биш.
Манай орон нутгийнханд нэг увайгүй зан байдаг. Орон нутагтаа байгаа цэргийн ангиудаар юм л бол ажлаа хийлгэнэ. Гал усны гамшиг, зуд турхан бүхэл үед дайчилна. Хилийн цэрэг бол Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн тусгай хүчний алба гэдгийг сануулмаар байна. Бид аливаад буурь суурьтай хандаж баймаар байна. Хайчилж хяргаж болохгүй, халдаж дайрах ёсгүй юм бүхэндээ халддаг, бүр утга учиргүй ноцдог байдлаа хаа хаанаа бодох цаг иржээ.
Энэ зун нэгэн сумын төв рүү орж явтал нутгийнхны их шүтээн бүхий овоо, түүнийг тойрсон орчныг Хилийн цэргийнхэн цэвэрлэж, янзалж байхыг хараад үнэхээр дургүй хүрч билээ. Халуун наранд аялагчдын буудалладаг нурж буй модон асрыг нураагаад шинээр барьж, элдэв хог новшинд дарагдсан шүтээнийг нь хилчид цэвэрлэж байхыг харах үнэхээр гутмаар байсан. Тэр суманд очих болгондоо байж болох бүх хогоороо шүтээнээ булчихсан, асар нь өмхөрч, хог новш, халгайндаа дарагдаад унах дөхсөн байхыг хараад дургүй хүрдэг байсан юм. Орон нугийн удирдлагууд нь юугаа хийж байдаг юм бэ. Тэдний хог новштой хилийн цэрэг ноцолдох ёстой юм уу гэж бодогдоод, бүр шатаад явсан юм. Орон нутгийн удирдлагууд гэж ер нь хуйгаараа гишүүн дагаж давхидаг, нутаг орны иргэдээ хөсөр хаячихсан, иргэдийн хурлууд нь ах дүү амраг садангийн хэлхээтэй хэдэн хүн суучихаад жүжиж байдаг инээдмийн газрууд болон хувирчээ.
300 мянган гишүүнтэй хэмээн ханхалздаг манай яруу алдарт МАН тэднийг ийм л амьгүй албатууд болгон хувиргаж орхисон нь энэ. Халх гол ч ялгаагүй. Засаг даргаар хэдхэн хоногийн дараа батламжлагдах гэж байгаа гэх хадаг шиг намирсан нэг залуу сууж байх юм. Өмнө нь сумынхаа ИТХ-ын дарга байсан гэнэ. Тэр хүнд нутагт нь болж байгаа гамшиг бол ёстой өчүүхэн ч падлийгүй санагдсан. Бүр бүх хэлэмжээрээ шүү. Унтлагын ч юм шиг хос ногоон хувцастай, надтай тааралдсан цорын ганц түймрийн утаа ханхлуулаагүй, дээд гурилын мантуу шиг цэвцгэр дарга арын өрөөндөө хүүхдээ тоглуулсан шиг тийнхүү жарган суухтай таарсаан. Тэр намайг бушуухан засаг даргын орлогч эмэгтэйн өрөө рүү чиглүүлснээр би хатагтай Д.Эрдэнэдэлгэртэй уулзсан юм.
Сумын захиргаа болгонд нэг ийм ажил нь гарт нь орчихсон, бүх юмны учрыг олдог, яг таг, яс тас эмэгтэй дарга байдаг даа. Д.Эрдэнэдэлгэр тэдний нэг. Түймэрт 150 орчим хүн ажиллалаа. Гамшиг хохирол амслаа. Одоогийн байдлаар манайхаас гэхэд 26 сая төгрөгийн зардал гараад байна гэх мэтээр дуржигнуулснаар бидний цөөн хором дууссан.
Хилийн хуулийг нь уншихаар “Хил орчмын нутаг дэвсгэрийн төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэдэд туслалцаа үзүүлэх...” гэсэн заалт байдаг юм байна. Энэ заалтыг авч хаях хэрэгтэй санагдсан өдрүүд байлаа. Дампуу, зарчимгүй, шүтдэг шүтээндээ хүртэл хулхи ханддаг, архины шил, хог хаягдлаараа шүтээнээ булж хаяад явцгаадаг шигээ бүх юманд хуурамч, арчаагүй ханддаг манайхны чанар ядах юмгүй юм болгоноос илэрч байдаг нь хувь заяаны шоглоом юм даа. Тэд юм болгондоо Хилийн цэргийг хөдөлгөчих санаатай, хамаг ажлаа хийлгэдэг, хатуу хөтүүдээ туслуулдаг ч яг асуудал гарахад хэзээ ч хамгаалдаггүй. Бүр нийлээд зохиол бичин түрдэг. Ийм түрлэгүүд л монгол орноор дүүрэн түрхэрэв. Хөлд нь хүн чанар, ёс зүйгээхаяж өгөн дээр дооргүй алалдаж байна. Монголчуудын гэх ёс зүйтэй, нуруутай, нэг тийм сайхан “соёл” ер нь хэзээ тогтох юм бол доо.Битгий л удаасай билээ.
Энэ удаагийн томилолт маань ийнхүү гунигтайхан дууслаа. Эргээд очно, баян хангайдаа... Энгэр бэлээр нь алхана, гэхдээ энэ өдрүүд шиг халаглаж биш...
Ингээд сурвалжлагаа “Бид зүгээр нэг хэсэг газар шатсан тухай асуудал юм шиг энэ хэрэгт хандах ёсгүй юм. Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн, эрдэнийн шигтгээ шиг цөөхөн газруудын маань нэг, дэлхийд ховор амьтдын амьдрах орчин, зөвхөн энэ нутагт л ургадаг ховор нандин ургамлын ханат өлгий маань гад өртлөө. Тиймээс түймрийн хамрах хүрээ, Монгол Улсад учирсан хохирлын бодит хэмжээг албан ёсны судалгаахийж, мэргэжлийн байгууллагуудын үнэлгээгээр тогтоох ёстойг иргэд байнга сануулах ёстой билээ. Бид зөвхөн ой, хээрийн бүсийнхээ хэсэгхэнийг алдаж байгаа юм биш. Байгалийн олон мянган жилийн хувьслын явцад бүрэлдсэн амьд ертөнцийн нэгээхэн хэсгийг алдах эрсдэлтэй нүүр тулж байна”гэсэн мэргэжлийн судлаачийн үгээр өндөрлөе.
Олон хоногийн их түймрийн голомтоос буцаж явна. Шатсан талыг, шархадсан хөндийг шархирч туулав.
Нөмрөгийн замд шанаа дагасан нулимс шиг тунгалаг Дэгээ гэж гол урсдаг. Жижигхэн хөөрхөн гүүр нь урлаг шиг... Дэгээ гол бол Халх, Нөмрөгийн сав газрын цуутай голуудын нэг юм. Хавтгай Өндөр уулаас эх аван Нөмрөгийн Дархан цаазат газрын хилийн гадна талаар зүүн хойш чиглэлтэйгээр урсан явсаар Халх голд ирж цутгадаг.
Залбирлаа шившсэн энэ голд заавал би иргэж очно. Ирэх зам, буцах зам хоёр яагаад ч юм ялгаатай байдаг. Ялгаа бол энэ орчлонгийн том балансуудын нэг билээ. Ийн буцаж явна би.
Дорнод монголын их тал, зол баяр, зовлон жаргалыг зоргоор нь шингээн орших амар амгалан, агуу их мэнэнгийн тал жаргах нарны туяан дор юуг ч үл ажран оршдогоороо оршин байна. Мэнэнгийн талыг туйлж биш, туулж бардаг.
Бодол шивнэн дүнсийж байдаг, бов бор тал минь. Болсон болоогүй, босож суусантай ханьсдаггүй, борвийг бохийлгож, богиныг уртасгаж, нарыг өөрөөсөө мандуулж, бас тэврэн жаргаадаг өнө мөнхийн буурал тал...Сэтгэлдээ би ийн шившин залбирч явав.
Мэнэнгийн Их тал минь
2026.10.20
өмнөх сурвалжлагыг дор дарж уншина уу


Сэтгэгдэл байхгүй байна