2026 оны аравдугаар сарын 20-ны өдөр Дэлхийн Ясны сийрэгжилтийн эсрэг өдөр тохиож байгаа. Энэ жилийн хувьд тус өдөр нь Монголын Үе мөч хамгаалах өдөртэй давхцаж байгаагаараа онцлог болох аж. Ингээд Монголын Яс булчин Үе судлалын “Наран” нийгэмлэгийн тэргүүн, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ахлах багш, АУ-ы доктор Ж.Мядагмаатай ярилцлаа.

-Ясны сийрэгжилт гэж юу вэ. Яагаад хүмүүс ясны сийрэгжилтэд өртдөг вэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?
-Ясны сийрэгжилтийг дэлхий нийтэд “чимээгүй тахал” гэж нэрлэдэг. Иргэддээ хамгийн энгийн үгээр тайлбарлаж хэлбэл ясны жин, масс багасаж ясны микро бүтэц алдагдан яс хэврэг, хугарамтгай болдог энэ эмгэгийг ясны сийрэгжилт гэж хэлдэг. Ясны сийрэгжилт үүсэхэд нөлөөлдөг хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлүүд байдаг. Нэгдүгээрт, насжилт. Хоёрт, цэвэршилтийн нас. Тэгээд удаан хугацаагаар дааврын эм хэрэглэх, олон төрөлт, хорт зуршлууд, биеийн жин хэтэрхий бага байх, мөн удамшлаас шалтгаалж болно. Ялангуяа арьсны өнгө буюу цагаан арьстай ази эмэгтэйчүүдэд илүү их тохиолддог. Дэлхийн нийтэд таван эрэгтэй тутмын нэг, гурван эмэгтэй тутмын нэг нь ясны сийрэгжилтэд өртдөг гэсэн олон улсын тоо мэдээ байгаа. Дэлхийн эрдэмтдийн судалгаагаар 1990 онд тооцоолол хийж үзсэн. 2050 он гэхэд эрэгтэйчүүдийн дундах дунд чөмөгний хугарал 310 хувиар, эмэгтэйчүүдийн дунд 240 хувиар нэмэгдэх төлөвтэй тооцооллыг гаргасан. Энэ судалгаагаар ази хүмүүст илүү тохиолдох юм байна гэсэн олон улсын эрдэмтдийн хийсэн судалгаа байна.
-Бид ясны сийрэгжилттэй болсноо хэрхэн, яаж мэдэж болох вэ?
-Яс сийрэгжихдээ ямар нэгэн шинж тэмдэг анх мэдэгддэггүй. Ясны хугарал болж байж энэхүү шинж тэмдэг илэрч энэ бол ясны сийрэгжилт юм байна гэдгээ мэддэг. Энэ бол халдварт бус өвчин гэж сүүлийн үед дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлж байгаа. Ер нь 40-өөс дээш насны хүмүүс гурван жил тутамд ясны сийрэгжилтээ оношлуулж байх шаардлагатай. Энэ эмгэгийг үздэг гэж төвийн, захын хоёр янзын аппарат буюу денситометр байдаг. Манай улсад миний мэдэж байгаагаар өнгөрсөн наймдугаар сард Япон-Монголын эмнэлэг дээр төвийн ясны сийрэгжилтийг тодорхойлдог аппаратыг суурилуулсан. Захын денситометр бол арай хямд байдаг. Хөлийн шагайнд, гарт үздэг ийм аппаратууд бол байгаа.
Тухайн хүн ясны сийрэгжилттэй гэж оношлогдох юм бол яг мэргэжлийн эмч рүү очоод эмчилгээ, үйлчилгээ авах ёстой. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр яс хугарах хүндрэлээс урьдчилан сэргийлж байна гэсэн үг.
-Нэгэнт ясны сийрэгжилтэд өртсөн тохиолдолд цаашид юунд анхаарч, өөрийгөө эрүүлжүүлэх тал дээр ямар дадлыг хэвшүүлж явах вэ?
-Манай орны нөхцөлд ясны сийрэгжилт нэгэнтээ оношлогдсон бол мэдээж мэргэжлийн эмчдээ очоод хянуулаад үзүүлээд явна. Ясны сийрэгжилтийн эмийн эмчилгээ болох бифосфонатууд, яс бэхжүүлэх эм, эмчийн хяналт дор даавар эмчилгээ мөн дор хаяж нэг сарын хугацаанд кальци, д, к витаминуудыг хавсраад 1000мг-аар хэрэглэх ёстой. Зуны улиралд аль болохоор хөл, гараа ил байлгаж нарнаас витамин д-г арьсаар авах хэрэгтэй.
-Ясны сийрэгжилтийг яаж нөхдөг вэ?
-Нэгэнт ясны сийрэгжилт оношлогдсон бол эргэн ясны сийрэгжилтгүй болгоно гэсэн ойлголт бидэнд байхгүй. Харин цаашид үүсэх хүндрэлээс нь урьдчилан сэргийлж чадна. Нэг удаа яс хугарвал дахиад хугарах эрсдэл их өндөр байдаг. Ялангуяа ахмад настай хүмүүсийн яс дахиж хугарах юм бол амьдралын чанар доройтож, нас баралт өндөр болдог. Тэгэхээр бид хоёрдогч хугарлаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Манай нийгэмлэг, АШУҮИС-ийн судлаачидтай хамтраад хоёр жилийн өмнө Монгол Улсад 800 гаруй иргэдийг хамруулсан таван аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт үндэсний хэмжээний судалгааг хийсэн байгаа. Энэ судалгаан дээр бид үндэслээд яны хугарлаас урьдчилан сэргийлэх монгол хүний дата дээр суурилсан дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Фракс (FRAX) https://www.fraxplus.org/calculation-tool алгоритмийг зохион бүтээсэн. Энэ ямар алгоритм бэ гэхээр интернэт л байвал тухайн хүний аль яс нь хугарах вэ гэдгийг автоматаар тодорхойлоод өгчихдөг ийм программ юм. Тэгээд үнэлгээний үндсэн дээр эмчилгээ шаардлагатай юу, дахиж ясны сийрэгжилтийг хэмжих шаардлагатай байна уу, хэвийн байна уу гэдгийг энэ программ бүгдийг хэлээд өгдөг.

Үнэхээр эмчилгээ шаардлагатай болвол тухайн хүн хугарлаасаа урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, эмч нарт хандах ёстой байдаг. Бид энэ программыг зохиохдоо хоёр жил гаруй ажилласан. Яагаад гэхээр энэ нь 5000 гаруй фаундын үнэтэй буюу монгол мөнгөөр 30-аад сая төгрөгийн үнэтэй алгоритм юм. Энэ алгоритмийг анх 1996 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон ИБУИНХУ-ын Шеффилдийн их сургуулийн Бодисын солилцоо, яс, булчин, үе судлалын тэнхимийн Профессор Ж.А.Канисаар удирдуулсан багын эрдэмтэд хамтран хийсэн байдаг. Одоогоор дэлхийн 60 гаруй оронд энэ прогарммыг тухайн улс орных нь үндэсний онцлогт тохируулж, эрүүл мэндийн салбарт нь зориулаад хийж бүтээгээд өгдөг. Манай улсын хувьд бид хөөцөлдөж яваад дээрх мөнгөнөөс нь чөлөөлүүлээд тэд тусламжаар зохион бүтээгээд өгсөн. Монгол Улсаас Монголын Яс булчин Үе судлалын "Наран" нийгэмлэг ашиглах эрхийг нь авсан. Бид Монгол Улсад хэдэн хүн энэ программыг ашиглаж, хэрэглэн яс хугарах эрсдэлээ үнэлэн урьдчилан сэргийлж байгаа талаар датаг нь хянаад явдаг. Манай улсаас одоогоор 1400 гаруй хүн энэ программыг ашиглаад өөрийнхөө ясны хугарах эрсдэлийг үнэлүүлсэн байна.
-Дэлхийд нийтэд энэ чиглэлийн өвчин эмгэгийг сүүлийн үеийн ямар тоног төхөөрөмжөөр илрүүлж байгаа вэ?
-Өнөөдөр дэлхий дахинд энэ өвчнийг багажийн шинжилгээ, лабораторийн шинжилгээгээр оношлоод явж байгаа. Багажийн шинжилгээгээр оношлохын тулд хоёр төрлийн багажаар оношилж байна гэж би түрүүн хэлсэн. Төвийн болон захын аппарат ашиглаж байна. Хамгийн сүүлд гарсан аппарат гэвэл нурууны нугалам болон дунд чөмөгний хүзүүнд ясны нягтыг эхогоор үздэг болсон нь шинэлэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын ясны сийрэгжилтийн сан, Европын холбооны ясны сийрэгжилтийн сан, Ази-Номхон далайн ясны сийрэгжилтийн сангийн их сургуулийн эрдэмтэд үзээд энэ эмгэгт тохиромжтой, авч явахад авсаархан, өртөг хямд, йонжуулагч туяа ялгаруулдаггүй, жижиг хэмжээтэй нэг чемоданд багтчихдаг гэж хэлж тодорхойлж байгаа юм билээ. Олон улсын хуралд ямар ямар аппарат хамгийн сүүлд хэрэглэж, ашиглаж байна вэ гэдгийг нүдээр үзэж харж яваа эмч мэргэжилтний хувьд би ч бас хүлээн зөвшөөрч байгаа. Сүүлийн үед гарсан үүнийг л санал болгомоор байгаа. Мөн манай улсад лабораторийн аргаар шинжилгээнүүдийг хийгээд явж байна.
-Удаан хугацаагаар дааврын эм хэрэглэх нь эрсдэлт хүчин зүйлд ордог гэж та хэлсэн. Энэ талаар дэлгэрүүлж хэлнэ үү?
-Ер нь хүн цэвэршихээр эсторген дааврын хэмжээ багасаад ирдэг. Энэ даавар нь ясыг бат бөх байлгахад оролцдог даавар. Тэгэхээр ялангуяа эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт үүсгэх, цаашлаад хугарал үүсгэхэд нөлөөлөөд байгаа хүчин зүйл л дээ. Би Японд докторын зэрэг хамгаалах үеэрээ үнэхээр цэвэршилтийн нас гэдэг ясны сийрэгжилтийг үүсгэдэг юм байна гэдгийг баталсан. Дээр нь цэвэршихэд зүрх судасны өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэй. Тэгэхээр зүрх судасны өвчин, ясны сийрэгжилт хоёр бие биенээ нөхцөлдүүлж үүсгэдэг юм байна гэсэн үр дүнд бид хүрсэн.
-Сүүлийн үед хүүхдүүд ясны сийрэгжилтэд их өртөх боллоо гэж хүмүүс ярьж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Магадгүй амьдралын хэв маягтай холбоотой байж магад. Миний хувьд яг энэ чиглэлд хүүхэд дээр судалгаа хийгээгүй учраас батласан, нотолсон зүйл байхгүй. Тиймээс үүнд хариулах боломжгүй. Дэлхий нийт хүүхдүүд рүү чиглэж олон төрлийн судалгаа хийж байгаа. Миний хувьд 40-өөс дээш насныханд судалгаа хийсэн болохоор хүүхдүүдийн талаар сайн хэлж мэдэхгүй байна.
-Ясны сийрэгжилтэд өртөхгүй байхын тулд хувь хүн, өрх бүр юунд анхаарах ёстой вэ. Та хамгийн амархан дадал юм уу, зөвлөгөөг хэлнэ үү?
-Бид ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхийн тулд хэвийн жинтэй байх ёстой. Илүүдэл жингүй бас хэтэрхий туранхай байх ёсгүй юм. Урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт нэг цайны аяга сүүг тогтмол ууж хэвших хэрэгтэй. Ялангуяа ямааны сүү кальци, витамин Д-ээр баялаг байдаг. Аль болох боломжтой бол ямааны сүүг уух хэрэгтэй. Гуравдугаарт, дасгал хөдөлгөөнийг маш сайн хийж байх ёстой. Дор хаяж 30 минут алхаж байх хэрэгтэй. Аливаа хорт зуршлын хэрэглээг багасгах ёстой. Ийм энгийн хэрнээ өөрсдөдөө тустай зөв дадлуудаа хийж хэвшүүлж байгаасай гэж хүсч байна.
Б.Нандинцэцэг
"Өдрийн сонин"


Сэтгэгдэл байхгүй байна