УИХ-ын гишүүн Р.Сэддоржтой нийтлэлч У.Оргилмаагийн хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-УИХ-ын чуулганы нэгэн бүрэн эрхийн хугацаа талдаа орлоо. Цаана нь 600 орчим хоног л үлдсэн байна. Гишүүдэд ч, сонгогчдод ч нэг буруу ойлголт байдаг нь УИХ-ын гишүүн тухайн сонгогдсон тойргийнхоо төлөө юу хийв гэдгээр дүгнэх гэж оролддог. Уг нь улсын төлөөх бодлогыг тодорхойлоход тойргоо төлөөлж ажиллаж буй юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд та ямар хуулиуд санаачилсан талаараа товчхон дурдвал?
-Олон гишүүнтэй хамтарч хэд хэдэн чухал хуулийн төслийг өргөн барьсан, дэмжилцсэнээ товчхон хэлье. Аймгийн Засаг даргаар болон арав гаруй жил орон нутгийн төлөөллийн байгууллагад ажилласны хувьд нийт аймаг, сумдад огт үйлчлэхгүй, иргэдэд наалдахгүй байгаа хуулийн заалтуудыг олж илрүүлэх нь маш чухал байсан. Монголын хуулийн тоо цөөндөөгүй. Жишээ нь хүүхдийн боловсролыг эрх чөлөөтэй, сонголттой болгоё. Хаана амьдарч буйгаас үл шалтгаалан боловсролын үйлчилгээ авч чаддаг байх ёстой. Заавал аймаг, сумын төв дээр ижий аавынхаа өврөөс гараагүй зургаан настай балчрууд гэрээсээ хол байрлаж, тэднийгээ дагаад аав, ээж нь тусдаа амьдрах нь гэр бүлийн харилцаа, эдийн засаг, эрүүл мэнд бүх талаар сөрөг тусаад байна. Үүнийг орон нутгийн иргэд л сайн ойлгож бэрхшээл амсаж байдаг. Нийт 330 сумын хувьд аваад үзэхэд энэ хохирлыг амссан гэр бүл, иргэдийн тоо маш өндөр гарна.
Тиймээс Home based Education дэлхий даяар хэрэглээд хэвшчихсэн, уян хатан сонголттой арга хэлбэрээр боловсрол эзэмшүүлж болоод байна. АНУ-д л гэхэд 3.4 сая хүүхэд энэ арга барилаар буюу 10 хувь нь танхимд, 90 хувь нь гэрээсээ хичээлээд боловсрол эзэмшиж болж байна. Өргөн уудам газар нутагтай олон улс орон янз бүрийн зохистой харилцаа, хувь хэмжээгээр, техник тоног төхөөрөмж, дэлгэц, явуулын багш зэрэг арга барилаар даалгавраа шалгуулж, хичээлээ аваад боловсрол эзэмшиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч суралцах боломж нь хялбар болж өгдөг. Тэр тусмаа монгол хүүхдүүд 14 хоногт ч бичиг үсэг сурч чадах ой тогтоолт сайтай атал халуун намраар эхлээд хаврын сүүлчээр үсэглэлийн баяраа хийж буй нь тун зохимжгүй. Энэ хуулийн төслийг батлуулахаар эхний даваагаа давчихаад зүтгүүлж байна. Түүнчлэн банкны зээлийн хүүг бууруулах асуудал, мөнгөний бодлогыг Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр цэгцлэх аргагүй учраас Төв банкны тухай хуулийн төслийг мөн өргөн барилаа.
-Малчны тухай хууль дахь Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай заалт бас хэрэгжихгүй удлаа?
-Энэ хуулийн төслийг бас гишүүдтэй хамтарч ажиллан өргөн барьсан. Малчид ч гэсэн хүний ёсоор хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэх эрхтэй. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хугацааг 2027 оны 01 дүгээр сарын 01-нээс гэснийг 2027 оны 01 дүгээр сарын 01-нээс болгон сунгаж өөрчилж байгаа юм.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн нэгдүгээр сарын 24-нийг “Монгол тэмээний өдөр” болгож зарлахаар болсон. Дэлхий дээр хоёр бөхтэй тэмээг “Монгол тэмээ” гэж нэрлэдэг. Үүнийг хуулиар баталгаажуулахаар гишүүдтэй хамтран өргөн барилаа. Түүнчлэн хурдан морь уяж уралдуулахад цол олгодгийн адил тэмээ уяж уралдуулсан хүнд ч адилхан Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт уяач” цол олгохоор Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ мэтчлэн арваад хуулийн төсөл дээр голлон ажиллаж байна. Эдгээр асуудлыг жижиг гэлгүй шийдээд явахгүй бол орон нутагт тэмээ байтугай морь уях уяач, сумын наадамд очих бөхгүй, үзэгчгүй болох гээд байна шүү дээ.
-Говиос сонгогдсон гишүүнтэй ярилцсаных говийн тоосжилт, Усны тухай хуулиа лавлая?
-Үнэхээр тулгамдсан асуудал. Одоо Тавантолгойн тоосжилт л гэхэд 100 км зайд үргэлжилж байна. Далд уурхай руу шилжих, тоосжилтгүй байх талаар л эрмэлзэх шаардлагатай болж байна. Усны тухай хуулийг батлуулахаар гишүүд хамтраад ажиллаж байна. Үүнтэй хамтдаа, эсвэл тусад нь гүний усны үнийг нэмэх асуудлыг хуульчлах хэрэгтэй. Уул уурхайн компаниуд ард иргэдийн ундны уснаас хямдхан усаар ажиллаж байгааг бодолцох л учиртай. Усны орлого аймгийн төсөвт шууд ордог. Уснаас орох орлогыг усжуулалтын систем, байгаль орчноо хамгаалах ажилд зарцуулахаар хуульд тодорхой тусгах нь зөв.
-Та “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзсан. Иргэдийн хамгийн их тавьсан асуудал юу байв?
-Тэтгэврийг нэмчихвэл инфляц нэмэгдчихнэ гэдэг бол тийм ч зөв ойлголт биш. Орлогоо хамгийн зөв зарцуулдаг хүмүүс ахмадууд шүү дээ. Банкуудад хамгийн найдвартай зээлийн бүтээгдэхүүн нь тэтгэврийн зээл болчихоод байна. Тэтгэвэр, багш, эмч нарын цалинг нэмэхээс өөр арга байхгүй. Иргэдтэй уулзах үед энэ асуудлыг л ярьж байна. АН-ын гишүүд арав гаруй жил энэ асуудлыг дандаа ярилаа. Одоогийн Засгийн газар зоригтой шийдвэрлэхээр зүтгэж буйг ойлгож байна. Мөн бэлчээрийн хомсдол, говийн тоосжилт, ундны ус гээд та бид хоёрын дээр ярьсан асуудлыг л голчлон асууж санаа зовж байгаагаа ярилцсан.
-Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийг батлахаар хэлэлцэх цаг мөчид бид ярилцаж байна. Өмнөговь аймгийн хувьд улсын төсөвт хамгийн өндөр төсвийн орлого төвлөрүүлж, буцаагаад хуваарилахад нь чамлалтай төсөв авдаг байдлыг олон жил ярилаа. Энэ байдал хэрхэн засагдав?
-Сүүлийн 30-аад жилд олсон орлого нь орон нутагт үлддэггүй амьдралд нийцгүй хууль үйлчилж шүүмжлэл хүлээж байлаа. Гурван жилийн өмнөөс энэ хуулийн алдааг засаж залруулан хэрэгжүүлж эхэлснээр Хүн амын орлогын албан татвар тухайн уурхайдаа бус сум руу, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг тухайн аймагт үлдээхээр болж, үр дүнд нь аймгийн төсөв огцом нэмэгдэж эхэлсэн. Сангийн яамнаас өндөр тогтоодог үндсэн төвлөрүүлэх орлогыг аль болох багасгаж аймагтаа бүтээн байгуулалтыг хийж байна.
-Аймгуудаас анх удаа Өмнөговь аймаг бонд гаргалаа. Үүнд таны Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсны нөлөөлөл оролцоо хэр байв. Бондын зарцуулалтын ач холбогдлын гол нь эрчим хүчний хангамжтай холбоотой. Энэ талаар тодруулбал?
-Тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлсэн гэж дүгнэхийг тань үгүйсгэхгүй. Гэхдээ Өмнөговь аймгийг түрүүлж гарч энэ ажлыг хийх аймаг өөр байхгүй. Учир нь төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг дэмжиж хэрэгжүүлэх талаар оройлж ажиллах шалтгаан, онцлогууд бий. Нийслэлээс болон бусад аймаг орон нутгаас шилжин суурьшигчид ихэсч байна. Бүртгэлгүй иргэд ч олноор нэмэгдлээ. Ингээд нийтдээ 200-аад мянган хүн амтай болж байгаа гэсэн тооцоолол бий. Амьдрахад хамгийн тааламжтай газар нь Даланзадгад хот. Энэ хот хааш хаашаа өргөжин тэлэх нөөц бололцоо, зай талбайтай. Үүнтэй холбоотойгоор одоогийн ДЦС хүчин чадлаа эцсийн байдлаар шавхаж ажиллаж байгаа бөгөөд хэзээ мөдгүй аваар гарч мэдэхээр эмзэг, эрсдэлтэй байна. Тиймээс шинээр 50 м.Вт-ын ДЦС-ыг барих зайлшгүй шаардлагатай гэж үзээд Эрчим хүчний яам, Сангийн яам, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ хүргүүлж, холбогдох аймгуудтай хэлэлцээрт орж байж 500 тэрбум төгрөгийн бондоо гаргалаа.
-Аймгуудаас анхных гэдгээрээ сонирхол татаж байна. Санхүүжилт босгох явц хэр бэрхшээлтэй байв?
-Эхний жилд 150 тэрбум төгрөгийн бонд гаргахаар зарласан, тэр өдөртөө л 150 тэрбум бонд арилжаалж чадлаа. Ирэх онд 300 тэрбум, түүний дараагийн жилд 50 тэрбум гурван жил дараалан бонд зарлаж арилжаалах юм. Эхний бондыг дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас гадна иргэд худалдаж авлаа. Иргэддээ ч мөн бонд худалдан авах боломж олгосон.
-Тавантолгой ДЦС-ын ажил гацсан хэвээр байна. Шүүх дээр удаан гацсан, шийдвэрлэгдсэн ч дахиад л гацлаа. Үүнд ямар шалтгаан байна? Орон нутгийг төлөөлж буйн хувьд та асуудал тавьж үзэв үү?
-Тавантолгойн ДЦС-ыг яагаад барьж болдоггүй юм бэ, маш их цаг хугацаа алдлаа гэж гайхаж, харамсаж явдаг хүний нэг бол би. Маш их хэмжээний эрчим хүчний нүүрстэй, эндээс хамгийн хямд өртөгтэй эрчим хүч, дулаан гарах боломжтой. Үүнийг ашиглахгүй байгаа нь туйлын харамсалтай. Мэдээж би анхаарал тавьж байгаа, хамгийн сүүлд авсан мэдээллээр шүүхийн ажиллагаа дууссан, дахиад тендер зарлах байх төлөвтэй байна.
-Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах суваг нээгдэж буй ч үүний зэрэгцээ хатуу түлшний станцуудаа дэлхий даяар орхихгүй байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Дэлхий даяар эдгээрийг хослон хэрэглэж, ялангуяа нүүрсний цахилгаан станцуудаа сэргээж, идэвхтэй ашиглаж байна. Тиймээс Тавантолгойн хувьд 1072 хувьцаагаа эзэмшдэг орд дээрээ тулгуурлан цахилгаан станцаа барих хэрэгтэй. Хүчин чадлын хувьд 450 м.Вт-ыг том гэхгүй болчихлоо. Түүнээс том хүчин чадалтай хувийн цахилгаан станцууд нэмэгдсээр байна. Дотоодын ААН-үүд маань хоорондоо өрсөлдөж шүүхдэж байхаар хүчээ нэгтгээд өөрсдөө барих хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний хувьд орон нутгийн иргэд өөрсдөө шийдэх учиртай. Бэлчээрийн хомсдлын асуудал хүндэрч, иргэд хоорондын маргаан хурцдаж, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг явдал ч гарлаа шүү дээ. Хэр хугацаанд, ямар үр дүн өгөх талаар нутгийн иргэдэд сайн ойлгуулж байж дэмжлэг авч байж энэ төсөл хэрэгжинэ.
-Батерей хураагуурын станц барих ажил мөн л говийн бүсэд хамаарч буй. Дэлхий дахинд үүний хор уршгийн талаар сэтгэл сэртхийлгэсэн мэдээллүүд гарах болсон. Энэ станцыг барих талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол цоо шинэ зүйл. Хийх хүмүүстэй ч, орон нутгийн иргэдтэйгээ ч ярилцаж байж байр сууриа илэрхийлнэ. Нарны эрчим хүчийг хамгийн их ашиглаж байгаа хүмүүс бол малчид. Байгаль орчинд ээлтэй байдлаар, малчдын бэлчээрийн газар нутгийг хөндөж эвдэн хүнд байдалд оруулахгүйгээр шийдэх ёстой.
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.


Сэтгэгдэл байхгүй байна