Дайн ба хавар

2022/02/25

Нийтлэлч З.Боргилмаагийн нийтлэлийг хүргэж байна. 

Оросын эсрэг АНУ болон барууны орнуудын тавьж буй хоригоос үүдээд нефть бүтээгдэхүүний үнэ өслөө. Өчигдөр өглөө тонн тутамдаа 90 ам.доллар нефтийн үнэ оройдоо 100 ам.доллар давсан. Яг энэ үеэр Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “ОХУ-ын экспортод хориг тавиад эхэлбэл бидэн эергээр нөлөөлж магадгүй” гэж хэлжээ. Сайд үүнийгээ цааш тайлбарлахдаа “Бид ОХУ-аас шатахуун авахдаа Сингапурын биржийн үнээр тооцож авдаг учраас” гэсэн үндэслэл хэлсэн байна. Түүний энэ үндэслэлээр бол тэр тусмаа үнэ өсөх байтугай эрсдэл хүлээж байгаа юм. Энэ нь манай шатахуун импорлогчид “Роснефть”-ийн шатахууныг авдаг ч үнийг нь тэдэнтэй ярилцаж тохиролцдоггүй, төлбөрийг нь ч тийш нь шууд шилжүүлдэггүй гэсэн үг. Үүнийг хэлэхийн өмнө нэг зүйлийг тодруулах нь зүй. Юу гэхээр бирж дээрх үнийн өрсөлдөөний явцад “Роснефть”-ийн бүтээгдэхүүний үнэ тус компанийн өөрийнх нь шууд борлуулалтын үнээс хамаагүй хямдаар тогтдог. Үүний дараа бас нэг зүйлийг хэлэх ёстой. Тэр нь юу гэхээр манай импортлогчдын хэн нь ч Сингапурын ч байна уу, аливаа бирж дээрх үнэ хэлэлцэх үйл ажиллагаанд өөрсдөө оролцдоггүй. Харин биржийн үнийн хэлцлээр “Роснефть”-ийн бүтээгдэхүүнийг илүү хямдаар авахаар гэрээлсэн оролцогчоор дамжуулан импортоо хийдэг. Тийм учраас сайд Г.Ёндонгийн хэлж байгаачлан Сингапурын биржийн үнээр тооцож авдаг учраас “үнэ өсөхгүй байх” гэсэн таамаглал үнэн, худлаа байхаасаа үл хамаараад илүү том эрсдлийг дагуулж буй хүчин зүйл юм. Яагаад гэвэл ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний хүрээнд гадаад улстай төлбөр тооцоо, шилжүүлгийг /SWIFT/зогсоох тохиолдолд Монголын импортын шатахууны төлбөр “Роснефть” рүү хийгдэх боломжгүйд хүрэх юм.

Монгол Улсын стратегийн амин чухал бүтээгдэхүүн болох шатахууны 98 хувийг дангаар хангадаг ОХУ хориг арга хэмжээнд орж байхад улсын хамгийн чухал салбарыг хариуцсан сайд “энэ нь эергээр нөлөөлж магадгүй” гэсэн хүлээлттэй байна гэдэг маш хариуцлагагүй бөгөөд мэдээлэл, мэдлэггүй үйлдэл. Тэнд дайн эхэлж, барууны хориг арга хэмжээ тэндээс Монгол руу урсгал хийдэг цоргыг хэзээ мөдгүй бөглөж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байхад сайд юу бодож байгаа юм бол?

Монголын шатахуун импортлогчдын хоёрдугаар сарын ачилтын мэдээг авч, чингэлэг нэг бүрээр нь хаана явааг нь тоолж байх учиртай тийм чухал асуудал хариуцсанаа мэдэж байгаа гэж найдья. Цаашид ачилт хэвийн үргэлжлэх эсэх, төлбөр тооцоо хийгдэх эсэх, хэрэв бүх зүйл хаагдвал хэрэглээгээ хаанаас яаж хангах гээд хоолойд хутга тулгуулсан мэт хамгийн хүнд асуудалтай тулгарч байгаа хүн нь Г.Ёндон.

Шатахуунаар 100 хувь гадны хараат Монгол Улс өнөөдөр нийт хэрэглээнийхээ 98 хувийг Оросоос, ердөө 1 хувийг өмнөд хөрш Хятадаас авч байна. Тэрхүү 1 хувь бидэнд басхүү маш өндөр үнээр олдож байгаа.

Учир нь Хятадаас оруулж буй шатахууны тээвэрлэлтэд Улаанбаатар төмөр замын орос талын удирдлагууд хаалт тавьж буй. Хятадаас шатахуун импортлогч зарим аж ахуйн нэгжийн ачааг төмөр зам дээр тавихаас тодорхойгүй шалтгаанаар татгалздаг, нөгөөдүүл нь аргагүйн эрхэнд өөр компанийн нэрээр ачуулах зэргээр аргалдаг болсон байна. Ямартаа ч Хятадаас шатахуун импорт хийж байгаа нь оросуудад таалагдахгүй байгаа дүр зураг харагдана. Ер нь манайх шиг газрын тос олборлодог атлаа хэрэглээ нь гадаад улсаас 100 хувь хараат улс орон байж болох уу? Ёндон сайдад гэхээс илүүтэй ёстой хувь заяандаа гомдмоор хэрэг биш гэж үү.

Газрын тосны нөөцийн хайгуул, олборлолт, экспорт буюу дээд урсгал нь Хятадаас хамааралтай мөртөө шатахууны худалдаа, импорт гээд доод урсгал нь Оросоос хамааралтай улс болов. Мөнхийн энэ хамаарлыг хадгалж байх гэсэн “үл үзэгдэгч гар” хэдийнэ ажиллаж, магадгүй санасандаа хүрсэн биз ээ. Сайншандад баригдаж байгаа газрын тос боловсруулах үндэсний үйлдвэр нь хэзээ ч бүтэшгүй гэдэг мэрэг төлөг шиг зүйл нийгмийн сүлжээнд цацагдсаар одоо үүнд бүгд итгэдэг болсон байна. Ванга тэгж хэлсэн юм гэнэ лээ, тэр нь яг биелчихлээ гэдэг бошиг шиг юманд монголчууд хэзээнээсээ итгэсээр ирсэн харанхуй билээ… Тийм ээ, бид газрын тос боловсруулах үйлдвэртэй болохгүй байх, тийм үү?

Хоёрдугаар сарын ачилт саатаж, хэрэв гуравдугаар сарын нийлүүлэлт хойноос хил нэвтрэхгүй саатвал бид ер нь улсаараа хэд хоног тэсэх нөөцтэй вэ, сайд аа? Таны хэлснээр бол 30-40 хоногийн нөөцтэй байгаа юм байна. Гэхдээ тэнд дайн эхэлж, энд хавар ирж байна…

Хавар болохоор газар тариалан, уул уурхай, зам гүүр, барилга бүтээн байгуулалт бүгд эхэлдэг, энэ нь ердөө зуны гуравхан сардаа амжуулахаас аргагүй болдог,  бүтээн байгуулалтын улирал богинотой Монголын тухай бид ярьж байна.

Бүтээн байгуулалтын эдгээр салбарт ажлын голыг нугалдаг том машин механизмын гол хөдөлгүүр нь дизель түлш байдаг. Тэгвэл дизель түлш үйлдвэрлэдэг дотоодын ганц үйлдвэрийнхээ амыг барьчихсан улс шүү дээ!  Ямар уу?! Яаж чаддагийг бүү мэд. Сошиал сүлжээний сэвээ дэвээний мэдээллийг үндэслэл болгоод төрийн эрх барих дээд байгууллага нь ганцхан үйлдвэрийг хаахад зориулсан хууль баталж,  чадсан юм. Тийм ээ, байсан ганц үйлдвэрээ хааж чадсан, тийм үү?

Тэр үйлдвэр нь улсын хэмжээнд дизель түлшний 30 хоногийн нөөцийг бүрдүүлдэг, төмөр зам, агуулах хадгалалт гээд дагалдах салбаруудад хэдэн арван ажлын байр бий болгож, улсын төсөвт жилд 73 тэрбум төгрөгийн татвар төлж байсан үйлдвэрлэл байлаа. Тус үйлдвэрийн түүхий эд болох хоёр төрлийн түүхий эдэд импортын татвар ногдуулах тухай хуулийг өнгөрсөн зун УИХ-ын чуулган хаагдах сүүлийн өдөр “хулгайгаар” шахуу баталсан эрх барих дээд байгууллагатай билээ. Ердөө ганцхан үйлдвэрт зориулсан хоёрхон түүхий эдийн татвараас жилд хэдэн төгрөг олно гээч? Өнөөх үйлдвэрийн ашгийн татварын орлогоос хэд дахин бага орлого олох юм. Ийм л байдлаар бодлого хийдэг төртэй байхад бид хөгжил яриад яах ч билээ. Төр нь иргэдээ, бизнесээ дээрэмддэг махчин загас мэт…

Ийм төртэй, тийм сайдтай байхад бид юу ч хүлээх юм бэ? Бодит байдлын талаар мэдээлэлгүй, аюул эрсдлээ тооцоолох мэдлэггүй тийм нөхөд л дайн, хавар хоёрыг угтаж байна даа…


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин