• Эхлэл
  • Төмөр замын цариг ба Давхар дээл: Х.Баттулгатай хийсэн ялын наймаа

Төмөр замын цариг ба Давхар дээл: Х.Баттулгатай хийсэн ялын наймаа

2022/09/12

Нийтлэлч Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.

Төмөр замын цариг ба Давхар дээл: Х.Баттулгатай хийсэн ялын наймаа

Өнгөрөгч баасан гаригт Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг нээж, анхны тээвэрлэлтээ хийв. Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн (хүнд даацын) төмөр зам гэж нэрлээд байгаа 313 километр төмөр замын ажлыг 2019 онд эхлүүлсэн. 1,520 мм-ийн царигтай, шилжүүлэн ачих болон ачилтын тус бүр нэг терминалтай.

Монгол Улс жилдээ 30 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортолдог. Төмөр зам ашиглалтад орсноор 50-60 сая тонныг нийилүүлэх боломжтой, экспортын орлого хоёр дахин нэмэгдэж, тээврийн зардал хоёр дахин буурна хэмээн мэдэгдэж байв. Гэвч ковидын улмаас энэ жилийн хувьд 18 сая тонн нүүрс экспортод гаргахаар гэрээ хийсэн. Өнгөрөгч сарын 22-ны байдлаар 13 сая тонныг нь экспортолчихсон. 

12 жилийн дараа арай гэж ашиглалтад оруулсан экспортын төмөр замынхаа ид шидийг энэ ондоо байтугай ирэх хоёр жилдээ үзэхгүй бололтой. Яг сайхан замаа нээгээд нүүрсээ ачуулсан чинь Гашуунсухайт боомтоос 10 км-ын наана очоод нам зогсов. Цааш нь машинаар зөөх гэнэ. Шилжүүлэн ачих терминалыг барьж, туршилт шалгалт хийгээд ашиглалтад өгтөл дахиад хоёр жил болох сурагтай. 

Гэсэн ч манай нөхөд иймхэн зүйл дээр гудийх биш дээ, “Бид чадлаа, бид яллаа” гэдэг пиарыг сүүлийн гурав хоног тултал хийлээ. Гушуунсухайтын төмөр замыг 12 жил гацаасан хуучин Ерөнхийлөгч нь “мөс зүсэгч, төмөр замын түгжээг мултлагч” болж хувираад, удаах Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Х.Баттулгын гацаасныг бид хөдөлгөсөн шүү” хэмээн шагналаа булаалдаж байна.

Атал энэ хооронд хойд хөрш маань манай хилийг тойруулан 1000 км нарийн царигтай төмөр зам тавиад жилд 100 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг Хятад улстай хийчихсэн. Тэгэхээр хэн нь ялж, ялагдсан болж таарах вэ? Хэрвээ У.Хүрэлсүх ялсан нь үнэн юм бол төмөр замын царигаас үүдсэн алдагдлыг хэнээс нь нэхэмжлэх ёстой вэ? Төмөр замыг гацаасны улмаас үүссэн алдагдлыг Х.Баттулгаас нэхэмжлэх нь үнэн бол төмөр зам тавих гэж яваад шоронд орсон М.Энхсайханыг хэзээ цагаатгах вэ?

Ердөө ганцхан сарын өмнө Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Экспортын төмөр замыг гацаасны улмаас учирсан 80 их наядын алдагдлыг экс Ерөнхийлөгчөөс нэхэмжлэх учиртай” хэмээн мэдэгдэж байв. Х.Баттулга дээр АТГ-аас эрүүгийн хэрэг нээгээд ажиллаж эхэлсэн тухай ч мэдээлж байлаа. Атал яагаад ч юм Цэцийн шийдвэр гарч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дээлээ давхарласнаас хойш энэ тухай яриа мартагдаж эхэллээ. Ял наймаалцсан байж магадгүй гэх хардлага улам бүр газар авсаар. Хэрэвзээ тиймгүй бол Хууль зүйн сайд “төмөр замын алдагдсан боломж” гэж агаарын юм ярьж байхаар (УИХ-аар батлаагүй гэрээний төслөөр М.Энхсайханд ял тулгасан шиг) Хөгжлийн банкнаас авсан зээлийнх нь асуудлыг уудлахад л Х.Баттулгыг хуулийн өмнө өлхөн зогсоож чадах байлаа. Х.Баттулга гэдэг хүн У.Хүрэлсүхтэй зэрэгцэж гарч ирээд “мөс зүсэгч” болж тодрохгүй байлаа. 

Тийм болохоор Хууль зүйн сайдын хийсэн өмнөх мэдэгдэл нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дээлийг давхарлахаар Х.Баттулгатай ял наймаалцсан асуудал байхыг үгүйсгэх боломжгүй. МАН-ын өмнөөс Цэцэд өргөдөл гаргах авилгач, хулгайч АН-аас олдлоо олдлоо гэхэд очиж очиж Женкогийн тэжээсэн уяаны ноход байдаг нь зүгээр ч нэг давхцал биш байх. Жил шахмын өмнө Цэцэд гаргасан өргөдлийг нь Цэц хэлэлцдэг байлаа гэхэд заавал Х.Баттулгад хавтаст хэрэг нээсний дараа хуралдсан нь ч гэсэн санамсаргүй тохиолдол биш байх. Тэгээд Цэц шийдвэрээ гаргахдаа хүртэл хуулиа зөрчин шууд Их суудлаа хуралдуулсан нь ч гэсэн МАН-ын оролцоогүй хийгдсэн зүйл биш байх. 

Тэр ч байтгай царигийн маргаанаас болж 12 жил гацсан экспортын төмөр замаа “экспортын бус” царигаар тавьсан нь ч гэсэн хоёр Ерөнхийлөгчийн хоорондын тохироо байсан байх. Зүв зүгээр хил даваад Хятадын төмөр зам дээр гарчих байсан чингэлгүүдийг дунд нь зогсоогоод ачиж буулгана гэдэг нь жир монгол хүний хийж чадах бизнес лав биш байх. 

ЭХ СУРВАЛЖ: INEWS.MN 

Б.Сэмүүн 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (3)

  • Монгол улсын хэмжээнд
    2022 оны 09 сарын 16
  • Ттз ххк-ын удаанжаргал уу
    2022 оны 09 сарын 13
  • Иргэн удаанжаргал хууль зөрчсөн бна гээд өргөн болгосон
    2022 оны 09 сарын 13
Сонин хачин