Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.
Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хар тамхины хэрэгт холбогдсон эсэх мэдээлэл нэг тийш болж мэдээлэгдэхийг хүлээсээр 40 гаруй хонолоо. Нам гүмхэн нууцалж буй энэ хэргийн талаар тодруулбал, энэ оны 8 дугаар сарын 29-ний өдөр Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаныхан шуудангаар ирсэн илгээмжээс 60 гаруй грамм буюу 200 гаруй шахмал бүхий амфетамин хэмээх сэтгэцэд хүчтэй нөлөөт бодисыг илрүүлсэн байдаг. Тухайн үед гаалийн байгууллагаас уг үйлдэлд хэрэг бүртгэлт нээн ажиллаж болох байсан авч хэргийн шийдвэрлэлтийн байдалд ач холбогдол бүхий эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх нэмэлт ажиллагаа явуулах нь зүйтэй хэмээн үзсэнээр энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, хяналтад хүргэх тусгай ажиллагааг хамтран зохион байгуулсан байдаг. Хяналттай хүргэлтээр илгээсэн сэжиг бүхий эд зүйлийн хүлээн авагч этгээдийгүйлдэл дээр нь саатуулах үед тэрбээр хэн нэгний хүсэлтээр уг илгээмжийг авч байгаагаа сандран мэдүүлжээ.
Харин түүнийг явуулсан этгээд буюу “илгээмжийн жинхэнэ эзэн”-ийг хүлээсний эцэст “эзэн” ирсэн нь ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрх бүхий удирдах албан тушаалтан байсан нь холбогдох баримтуудын хамт бий. Ингээд хуулийн дагуу тэрхүү “амфетамин” нэртэй хар тамхины эзэн,цагдаагийн өнөөх даргад холбогдох хэргийг ЦЕГ-ын Дотоод хяналтын хэлтэс, Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлж энэ хэргийг нууцалсаар өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа тул “Ёс зүйн ДЕЛО” цувралдаа онцолж байна.
Магадгүй өөдрөгөөр бодвол дээрх хар тамхийг хүлээн авсан анхны этгээдийн мэдүүлэг нотлогдохгүй, эцсийн хүлээн авагч нь тогтоогдохгүй, эсвэл тохиолдлоор цагдаагийн дарга тухайн илгээмжийг авах гэж андуурч ирсэн байж болох. Гэвч нэгэнт газар дээр нь илрүүлээд, илгээмж хүлээн авагч эхний этгээдийг саатуулсан энэ ноцтой хэргийг зохих байгууллагад шилжүүлэн эцэслэн шийдэгдтэл нь шалгаж, тухайн цагдаагийн дарга холбоотой эсэхийг цагдаа өөрсдөө биш АТГ зэрэг хөндлөнгийн байгууллагаар шалгуулж, хэд дэх удаагаа үйлдсэн, бусдаар зөөлгөсөн илгээмж буюу хар тамхиа өөрөө хэрэглэдэг үү, зардаг уу гэх зэргийг нь тодруулж хуулийн хариуцлага тооцох ёстой байтал нэг сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад нам гүм байгаа нь маш хариуцлагагүй явдал биш гэж үү.
Ердөө 2-3 жилийн өмнө, мөн л Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын нэр бүхий алба хаагч, удирдах албан тушаалтан хар тамхитай холбоотой хэрэгт холбогдон шалгагдаж байгаад саяхнаас зарим нэг нь албан тушаалдаа дахин томилогдсон нь энэ төрлийн ноцтой хэрэгт цагдаагийн алба хаагч холбогдсон тохиолдолд замхрах, сарних магадлал өндөр байгааг харуулж байна.
Дашрамд дурдахад амфетамин нь “мөс”-тэй нэг ангилалд хамаарах маш хүчтэй сэтгэцэд нөлөөтэй үйлчилгээтэй, урьд өмнө улсын хилээр нэвтрүүлж байсан тохиолдол бараг гарч байгаагүй хор хөнөөл ихтэй хар тамхи ажээ. Цагдаагийн байгууллага дээр дурдсан мэдээллийн мөрөөр ямар хяналт шалгалт явуулж, хэрхэн шийдвэрлэсэн, хариуцлага тооцсон тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэйг “Ёс зүйн ДЕЛО” сануулъя.
У.Оргилмаа
Сэтгэгдэл байхгүй байна