• Эхлэл
  • АН-ын гишүүд арай ч Засгийн газарт ортлоо үзэл бодлоосоо урвахгүй байлгүй дээ

АН-ын гишүүд арай ч Засгийн газарт ортлоо үзэл бодлоосоо урвахгүй байлгүй дээ

2022/10/14

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Сүүдрийн парламентын Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Золжаргалтай ярилцлаа.

-Эрх баригч нам, УИХ-ын бодлого үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор танай нам Сүүдрийн парламент байгууллаа. Үүний утга учир нь юу вэ?

-Өнгөрсөн гуравдугаар сард манай намын шинэ дүрмийг Улсын Дээд шүүх бүртгэж авсан. Улмаар намын дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу УИХ-ын бүтэцтэй адил сүүдрийн парламент байгууллаа. Яг л УИХ-ын бүтцийн дагуу ажиллана. УИХ-ын Байнгын хороод орж ирсэн хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барьдаг шиг, УИХ-ын хаврын болоод намрын ээлжит чуулган хуралдуулдаг шиг л үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Байнгын хороод чиглэл чиглэлээрээ асуудлаа хэлэлцдэг шиг манай намын Үндэсний бодлогын хорооны чиглэл бодлогын хороод асуудлаа хэлэлцдэг дүрэмтэй болсон гэсэн үг. Үүний дагуу өчигдөр Үндэсний бодлогын хорооны намрын ээлжит чуулган эхэллээ. Дахиад хэлэхэд, манай намын Үндэсний бодлогын хороо УИХ шиг үйл ажиллагаа явуулна. Чиглэл бодлогын хороод нь УИХ-ын Байнгын хороод шиг үйл ажиллагаа явуулна л гэсэн үг. Нөгөөтэйгүүр манай намын дунд шатны дүрэмд ч адил өөрчлөлт орсон. Нийслэлийн, орон нутгийн ИТХ-ын үйл ажиллагаа шиг намын дунд шатны байгууллагууд адилхан ажиллах дүрэмтэй болсон.

-Таны хувьд Нийгмийн бодлогын хороог ахалж байх шиг байна. Тэгэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны үйл ажиллагаатай адилхан ажиллана гэсэн үг үү?

-Яг тийм. Миний хувьд 20 гаруй жил нийгмийн хамгааллын салбарт ажилласан. Тиймээс энэ чиглэлд бодлогын хороог ахалж ажиллаж байна. Манай бодлогын хороо нь УИХ-ын Нийгмийн бодлогын хорооноос гаргаж байгаа бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих, болж байгааг нь дэмжих, болохгүй байгааг нь шүүмжлэх, санал гаргах, дүгнэх зэрэг ажлуудыг хийнэ. Тухайлбал, өнөөдөр хүүхдийн мөнгийг нийгмийн халамжид оруулна гэж ярьж байна.

Энэ нь зөв үү, буруу юу гэдгийг манай бодлогын хороо хэлэлцэж, гаргасан санал дүгнэлтээ тухайн Байнгын хороонд уламжилна, мөн шаардаж ажиллана. Нөгөөтэйгүүр Ардчилсан нам бол Үндэсний том нам. Тиймээс эдгээр асуудлуудыг дотооддоо хэлэлцэж байх нь зөв гэсэн үүднээс ийм дүрмийн өөрчлөлт оруулж өгсөн гэж ойлгож болох юм. Нэг үгээр хэлэхэд, өнөөдрийн УИХ-ын хэлэлцэж байгаа асуудлыг дотооддоо хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт гаргаж ирнэ гэсэн үг. УИХ-аар төсөв хэлэлцэж байна, тийм үү. Тэгвэл манай намын Төсвийн бодлогын хороо ч гэсэн Төсвийг хэлэлцэнэ гэсэн үг.

-Байнгын хороодтой адилхан, УИХ-тай адилхан үйл ажиллагаа явуулна гэж байна. Та хэдийн хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, үнэлэлт, дүгнэлт бол эрх баригч намын үйл ажиллагаа цаашлаад УИХ-ын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэхгүй шүү дээ?

-Бидний гаргасан дүгнэлт, бодлого, шийдвэрийг хүлээж авах эсэх нь дараагийн асуудал. Бид батлагдсан намынхаа дүрмийн дагуу л ажиллаж байна. Нөгөөтэйгүүр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээрээ дамжуулаад гаргасан шийдвэр, санал, бодлого, дүгнэлтээ УИХ-д танилцуулна. Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хорооны санал дүгнэлт, чиглэл бодлогын хорооны санал дүгнэлтээ УИХ дахь гишүүдээрээ дамжуулж, УИХ-д оруулна гэсэн үг. Цаашид ч ингэж ажиллана.

-Сүүдрийн парламентад сайн ажилласан улстөрчдөө сонгуулиар дэмжих, цаашлаад олонх болж Засаг бүрдүүлэхэд чиглэл хороод ахалж байсан хүмүүсээ сайдад суулгах алсын бодлого барьж байна уу?

-Энэ асуудал мөн адил дараагийн бодлого, төлөвлөлт болов уу. Одоохондоо миний хэлж чадах ганц зүйл бол манай намын шинэчлэгдсэн дүрмээр дээрх үйл ажиллагаа, бодлогыг гарган ажил хэрэг болгож явуулж байгаа гэж харж байна. Өчигдөр Үндэсний бодлогын хороо намрын анхдугаар чуулганаа хийлээ. Үүнээс цаашлаад хаврын чуулган, бүр ээлжит бус чуулган зарлах зэрэг УИХ-ын үйл ажиллагаа, бүтцийн дагуу л ажиллана. Харин сонгуулиар дэвшүүлэх, сайд болох зэрэг нь дараагийн асуудал. Тодорхой хэлбэл, намын дараа дараагийн хурлуудаар шийдэгдэх асуудал гэж бодож байна.

-Та Үндэсний бодлогын хорооны гишүүн, мөн үү?

-Тийм ээ, би Архангай аймгаас сонгогдсон Үндэсний бодлогын хорооны гишүүн.

-С.Эрдэнэ даргатай АН-ын тамга, дүрэм, гэрчилгээ зэрэг албан бичиг баримтууд бүгд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн гэдгийг та мэдэж байгаа байлгүй?

-Тийм ээ, мэдэж байгаа.

-Үндэсний бодлогын хороо гэдэг бол танай намын эрх барих дээд байгууллага. Тиймээс одоо маргаантай байгаа намын удирдлагаа солих, намын даргын сунгааг явуулах эсэх нь танай хорооны эрх, үүрэг шүү дээ. Энэ ажлыг хэзээ хийж эхлэх вэ?

-Миний ойлгосноор даргын асуудал бол дүрмэндээ нээлттэй юм шиг байна лээ. Өмнө намын даргыг сонгохдоо дандаа сунгаа зарлаж тодруулдаг байсан. Одоо сунгаа зарлаж болно, эсвэл Үндэсний бодлогын хорооноос тодруулж болно. Мөн намын их хурлаар дарга, удирдлагуудаа сонгож болох боломжтой болсон. Ерөнхийдөө тухайн үеийн нөхцөл байдлаас л шалтгаалж дарга сонгох процессоо яаж явуулах уу гэдгээ тодорхойлно. Энэ нь дүрмэндээ нээлттэй. Хуучин дүрмэнд байсан шиг хатуу, зөвхөн сунгаагаар сонгоно гэсэн зүйл байхгүй гэж хувьдаа ойлгож байгаа. Тиймээс тун удахгүй шинэ даргын асуудал яригдах болов уу.

-Яг хэзээ ярих вэ, та Үндэсний бодлогын хорооны гишүүн шүү дээ. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Энэ асуудлыг намын их хурлаар л шийднэ. Намын их хурлаар Үндэсний бодлогын хороонд эрхийг нь шилжүүлэх, эсвэл сунгаа зарлах хоёр арга зам байгаа. Эсвэл намын их хурал даргын асуудлаа өөрөө шийдвэрлэх боломжтой.

-Намын их хурлаар шийднэ гэхээр одоо ээлжит бус их хурлаа зарлана гэсэн үг үү?

-Он гараад намын их хурал зарлагдах байх. Саяхан бас нэг хуралдсан. Одоо дүрэм журамд өөрчлөлт орсон, түүнийгээ батлаад он гаргаад хуралдах байх.

-Танай нам тал талдаа уулзалтууд хийж, нэгдье гэх акцыг идэвхтэй өрнүүлж байна. Ер нь удахгүй дотоод дахь асуудлаа шийдчих болов уу гэсэн итгэл төрж байна уу?

-Тал талдаа явж байхаар эвлэрч, нэгдсэн нь л дээр. Аймаг, орон нутагт манай нам хагарсан зүйл огт байхгүй. Дээд түвшиндээ энэ намын лидерүүдийг хоорондоо хурдан эвлэрээсэй л гээд харзанасан байдалтай л байна, үнэн дээ. Ер нь Ардчилсан намд ил тод янз бүрийн шүүмжлэл, маргаан гарч л байдаг. Гэхдээ энэ удаагийнх шиг ингэж доошоо ортлоо бид түүхэндээ маргалдаж, хагаралдаж үзээгүй. Одоо энэ асуудал бүр хэрээс хэтэрлээ. Цэг тавих цаг нь болсон л гэж ойлгож байгаа.

-Танай намын УИХ дахь гишүүд Засгийн газар руу орж ажиллах гээд эрх баригчдад тал засаж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр их явах юм. Үнэхээр ийм зүйл байна уу. Хэрэв Засгийн газарт орж ажиллавал намын зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Ард түмний сонголт. Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65, дараа нь 62 суудал өглөө. Тиймээс одоо Ардчилсан намыг Засагтаа оруулж ажиллуулна гэж урилга санал тавьж байгаа бол Ардын намын хувьд байж боломгүй үйлдэл. Миний хувьд Ардын намаас ч юм уу манай намаас Засагт орж ажиллая гэдэг зүйл хэн нь ч яриагүй болов уу. Ярих нь битгий хэл бодох ч үгүй яваа байх. Арай ч манай намын гишүүд Засгийн газарт ортлоо тэгж үзэл бодол, үнэт зүйлээсээ урвахгүй байлгүй дээ. Хэдий дотроо маргаантай байгаа ч сөрөг хүчин гэдэг утгаараа үйл ажиллагаа, бодлого зохицуулалтаа үргэлжлүүлээд л явах байлгүй. Гэхдээ хүний дотор орсон биш бид яаж мэдэх билээ. Эцсийн эцэст ард түмний сонголтыг л хүндэтгэх ёстой юм шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ:DNN.MM


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин