• Эхлэл
  • Ши Жиньпиний илтгэл юу өгүүлэв

Ши Жиньпиний илтгэл юу өгүүлэв

2022/10/17

Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр \2022.10.16\ эхэлсэн Коммунист намын Ардын их хуралд илтгэлээ тавилаа. Бүтэн хоёр цаг үргэлжилсэн түүний илтгэл Хятадын эрх барих намын ирэх таван жилийн төлөвлөгөө, Тайвань, Хонгконгийн асуудлаас эхлээд технологийн бодлогыг хамарсан. Тэгвэл Ши Жиньпиний илтгэлийн онцлох эшлэл, санаануудыг орчуулан хүргэж байна.

ГАДААД БОДЛОГО

Ши Жиньпин: Хятадын олон улсын нөлөөлөл, сонирхол, дэлхий ертөнцийг тодорхойлох хүч эрс нэмэгдсэн. Бид олон улсын нөхцөл байдалд гарсан эрс өөрчлөлттэй нүүр тулж, стратегийн шийдэмгий байдлаа хадгалж, тэмцэгч байсаар ирсэн. Энэхүү хүчин чармайлтын туршид бид Хятадын нэр төр, язгуур ашиг сонирхлыг хамгаалж, хөгжил дэвшил, аюулгүй байдлыг хангахад сайн байр сууриа хадгалсаар ирлээ.

Ши Жиньпин 2017 онд болсон 19-р их хурал дээр Хятад улс "Дорно зүгт тууштай, бат зогсох болно" гэдгээ зарлаж, удирдагч асан Дэн Сяопины /1970-1990 хүртэл удирдсан/ "хүчээ нөөж, тохиромжтой цагийг хүлээх" стратегиас татгалзсан. Энэхүү шилжилт нь Хонгконг, Шинжааны эсэргүүцлийг дарж, Covid-19-ийн гарал үүслийг нээлттэй танилцуулаагүй, түрэмгийлэгч ОХУ-тай хамтарсан Тайвань, Өмнөд Хятадын тэнгист түрэмгий бодлого баримталж буй зэргээс шалтгаалан баруунтай сөргөлдөхөд хүргэсэн юм.

ХӨГЖЛИЙН ЗАГВАР

Ши Жиньпин: Хятадын шинэчлэлт нь хүн төрөлхтөнд орчин үеийн чиг хандлагад хүрэх шинэ сонголтыг санал болгож байна.

 Хятад улс нь эртнээс өөрийн өвөрмөц хөгжлийн замыг сонгож, капитализмд суурилсан барууны уламжлалт арга барилаас зайлсхийсээр ирсэн. Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын загвар нь энх тайванч, намынхаа удирдлагыг хэвээр хадгалж, өндөр чанартай өсөлтийг бий болгож, "нийтийн хөгжил цэцэглэлт"-д хүрэхэд тулгуурласан загвар гэдгийг онцлов. Бээжин нь  хөгжлийн загвараа экспортлохыг эрмэлздэггүй гэж өмнө нь онцолж байсан ч өөр хувилбар санал болгосноор дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх хүсэл эрмэлзэлтэй байна.

НИЙТИЙН ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ

Ши Жиньпин: Бид хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай зүтгэнэ. Орлогын хуваарилалтын тогтолцоог боловсронгуй болгоно. Бид илүү өндөр цалин хөлстэй ажлын байруудыг бий болгож,  шаргуу хөдөлмөрөөр хөгжил цэцэглэлтэд хүрэхийг урамшуулах болно. Бид боломжийг тэгш хүртээхэд анхаарч, бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлж, дундаж орлоготой иргэдийн хүрээг тэлэх болно. Орлогын хуваарилалт, баялгийг хуримтлуулах арга хэрэгслийг сайн зохицуулалттай байлгана. 

Ши Жиньпин өнгөрсөн жил  технологи, боловсрол, үл хөдлөх хөрөнгийн салбарт том хэлмэгдүүлэлт хийсэн. Ингэхдээ нийтийн хөгжил цэцэглэлтийн уриа дэвшүүлсэн. Энэхүү бодлогын гэнэтийн өөрчлөлт нь ихээхэн хэмжээний хохирол амссан хөрөнгө оруулагчдын дургүйцлийг төрүүлэв.
Энэ жил Ковидын хөл хорио эдийн засагт сөргөөр нөлөөлсөн тул Хятадын орлогын тэгш бус байдлыг арилгах  кампанит ажил олны анхаарлын төвд оров. Өнөөдөр Ши Жиньпин энэ нь тэргүүлэх жагсаалтад дээгүүрт бичигдсэн хэвээр байгааг тодорхой илэрхийлэв.

КОВИДЫГ ТЭГЛЭХ

Ши Жиньпин: Ковид-19-ын гэнэтийн дайралтын эсрэг хариу арга хэмжээ авахдаа бид ард түмэн, тэдний амьдралыг бүхнээс дээгүүр тавьж, "Тэг Ковид"-ын динамик бодлогыг тууштай баримталсан. Бид ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг аль болох хамгаалж, тахал өвчний эсрэг тэмцэл, эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их урам зориг өгсөн амжилтад хүрсэн.

Өсөн нэмэгдэж буй эдийн засаг, нийгмийн зардлаар вирусийн нас баралтын тоог бага байлгаж байгаа Хятадын "Ковидыг тэглэх" стратеги төгсөх шинж тэмдгийг хайж буй хэн бүхэн сэтгэл дундуур үлдэв. Ши Жиньпин түүний удирдлагын тулгын чулуу болох үл тэвчих стратеги нь олон нийтийн хүлцэнгүй байдал алдарч байгаа ч илүү хүчтэйгээр хэрээгжинэ гэдгийг илтгэв.

ЭДИЙН ЗАСАГ

Ши Жиньпин: Өндөр чанартай хөгжил нь социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулахын нэн тэргүүний зорилт юм. Намын засаглалын тэргүүлэх чиглэл бол хөгжил юм. Материал, технологийн бат бөх үндэс суурьгүйгээр социалист орчин үеийн хүчирхэг улсыг бүх талаар бий болгох боломжгүй.

Үндэсний аюулгүй байдлыг хангаж, эдийн засгаа өсгөхийн тулд Ши Жиньпиний хэлэх үгэнд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй гэж зарим шинжээч үзэж байсан ч тэрбээр өмнөх намын их хурлын үеэр хэлсэн үгэндээ “Хөгжил бол намын нэн тэргүүний зорилт” гэсэн уриаг давтан хэлсэн. Зарим Хятад судлаачид таамаглахдаа, Ши Жиньпин аюулгүй байдал, хөгжил дэвшилд эн тэнцүү ач холбогдол өгнө үзэж байсан ч Бээжин бусад бодлогын зорилтуудыг биелүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтийг удаашруулж чадна гэсэн дохиог өгөв. Гэхдээ өмнөх хэллэгээ баримталснаар Ши Жиньпин эдийн засгийн зорилгоос бодитойгоор ухрахгүй гэсэн үг юм.

ТАЙВАНЬ

Ши Жиньпин:  Бид  чин сэтгэлээсээ, бүх хүчин чармайлтаар энх тайвнаар дахин нэгдэхийн төлөө үргэлжлүүлэн хичээх болно. Гэхдээ бид хэзээ ч хүч хэрэглэхгүй гэж  амлахгүй бөгөөд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно. Түүхийн хүрд Хятад улсыг нэгтгэж, Хятад үндэстнийг дахин хүчирхэгжихийн төлөө эргэлдэж байна. Манай улсын бүрэн нэгдэх үйл явц зайлшгүй хэрэгжих ёстой бөгөөд энэ нь эргэлзээгүй хэрэгжиж чадна.

Бээжингийн АНУ-тай зөрчилдөж буй гол цэгүүдийн нэг болох Тайванийн асуудлаарх намын байр суурийг Ши Жиньпин дахин нотлов. Бээжин тус арлыг өөрийн нутаг дэвсгэр гэж үзэж, сүүлийн нэг жилийн хугацаанд цэргийн шахалтаа нэмэгдүүлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Хэрвээ Тайвань халдлагад өртвөл ардчилалд тусламж үзүүлнэ" гэж удаа дараа мэдэгдсэн. Хэдийгээр Цагаан ордоноос үгүйсгэж байгаа ч  энэ нь АНУ-Хятадын харилцааг хэдэн арван жилийн турш удирдан чиглүүлж ирсэн “стратегийн тодорхой бус байдлын” бодлогод өөрчлөлт орсныг илэрхийлсэн.

ХОНГКОНГ

Ши Жиньпин:  Хонконгод болж буй үймээн самуунтай холбогдуулан төв засгийн газар Хятадын үндсэн хууль болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Энэ нь Хонконгийг эх орончид удирддаг болохыг баталгаажуулсан. Хонгконгод дэг журам сэргэж, бүс нутагтаа сайн сайханд чиглэсэн томоохон эргэлт боллоо гэдгийг онцлов.

ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин