• Эхлэл
  • Байтагийн тулгаралт буюу Бэйташанийн хэрэг

Байтагийн тулгаралт буюу Бэйташанийн хэрэг

2022/11/01

Баабар ийнхүү өгүүлэв.

БАЙТАГИЙН ТУЛГАРАЛТ БУЮУ   БЭЙТАШАНИЙН ХЭРЭГ ЯВДАЛ

Сталины даалгавраар Чойбалсан Шиньжааны хасаг босогчдод 1943 оны хавар тусламж үзүүлсний дараагаас энэ районы байдал нэлээд ээдрээтэй боллоо. Босогчдын толгойлогч Оспан сайтар зэвсэглэж аваад Өрөмч дэх Шэн Шицайгийн Засгийн эсрэг үхэтлээ үзэлцэв. Өрөмчийн (Urumqi) захиргаанынхан Оспаны эсрэг хүчтэй довтолгоон хийсний дүнд олон мянган хасагууд ухран хил давж Монголын нутагт орж ирэв. 1944 оны гуравдугаар сард Шэн Шицай[1] Зөвлөлтийн өрөнхий консулд эсэргүүцлээ илэрхийлэн босогчдыг дэмжиж буйгаа зогсоохыг шаардав. Хариуд нь ТАСС дөрөвдүгээр сарын 2-нд Улаанбаатарт мэдэгдэл гаргаж, Хятадын цэргүүд хасагуудыг Монголын хил рүү шахаж оруулсан тул БНМАУ-ын цэргийн хүчин урдаас нь хөөж гаргасан болохыг тайлбарлажээ. 

Оспан[2] өөрийн цэргүүдээ дагуулан мөн л уул хадаар хэсүүчлэн, бослогоо үргэлжлүүллээ. Харин түүнийг цэргүүд нь орхин орхисоор тэрээр тун ч цөөхүүл үлдсэн байна. Захиргаагүй болсон оргодолуудын ихэнх нь хил орчмын дээрэмчид, өрдийн тонуулчид болжээ. Тэд бөөн цөөнөөрөө Монголын хилийг нэвтэрч хилийн харуулыг довтлох, нутгийн гүн рүү орж айл хунар дээрэмдэх, адуу мал булаах ажлаар оролдох болжээ. 

Чухам ийм үед л Бэйташаний хэрэг (Peita shan) гэгддэг, Байтаг Богдын хавьцаах мөргөлдөөн болсон байна. Байтагийн нурууг хятадууд Бэйташань буюу "Хойд цамхаг" гэж нэрэлдэг бол монголчууд Байтаг гэдэг нь "Баян орой" гэсэн утгатай түрэг үг. 

1946 оны “11 зүйлт эвслийн гэрээгээр” Оспан нь Алтай мужийн амбан захирагчаар томилогдсон юм. Гэвч удалгүй эвслийн засаг тарсан. Харин тэрээр Гоминьданы талд эргэлтгүй орсон, тэндээс зэр зэвсгийн тусламж авах болжээ. Энэ хавийн бүхий л лал шашинтныг генерал Хан Ювэн[3] (Han Youwen) захирч байлаа, Оспан түүнд үнэнч зүтгэх болсон. Тэрээр лалын нутгийг умар тийш тэлэх сонирхолтой аж. Америкийн сэтгүүлч Док Барнэтт[4]-д (Doak Barnett) ярихдаа “Хилийн шугам Монгол руу 40 мил (64 км) байх ёстой юм” гэжээ.[5]

Ингээд түүний тушаалаар дунгаан, хасагийн цэрэг Оспанаар толгойлуулан Монголын хилд халдав. 1946 оны зургаан сараас 1947 оны долоон сар хүртэл 13 сарын турш тэд дээрэм тонуул хийжээ. 1947 оны хоёрдугаар сард Османыхан Монголын хилээс хөөгдөн гарсны дараа Шинжааны гарнизоны захирагч Сун Силянь Оспанд туслах үүргийг генерал Ма Сижэнь[6] (Ma Xizhen)-д өгчээ. Тавдугаар сарын 18-нд Оспан дахин Монголын хил нэвтэрч монголын хилийн цэрэг 8 хүнийг олзолсон байна. Тэгэнгүүт Ховдын цэргийн командлалаас монгол хэлээр бичсэн тулган шаардах бичгийг Ма Сижэньд хүргүүлэв: “Байтаг Богд нь БНМАУ-ын нутаг мөн тул 48 цагийн дотор бүхий л цэргээ морь унааныхаа хамт манай нутгаас гарч явахыг шаардаж байна. Эс зөвшөөрсөн тохиолдолд мөргөлдөөний бүхий л хариуцлагыг Ма Сижэнь хариуцах болно.”[7]

Ингээд 1947 оны зургадугаар сарын 5-нд Монголын хилийн цэрэг Ма Синжэний хороо руу гэнэдүүлэн довтоллоо. Даруй Зөвлөлтийн улаан таван хошуутай таван онгоц нэмж ирэн бөмбөгдсөн байна. Бөмбөгдөлтөнд өртсөн нутаг албан ёсоор Хятадад хамаарч байлаа. Энэ үед Ил Тарвагатайг зөвлөлтүүд хяналтаа байлгаж байсан, бөмбөгдөгч онгоцнууд тэндээс ниссэн бололтой. Ийнхүү дээрэмчдийг Монголын хилээс хөөн гаргасан боловч цааш ахин Хятадад хамаарах Байтаг Богд ууланд хүрчээ. Байтаг Богд нь дан уул биш, бүхэл бүтэн нуруу юм. Байтаг Богдын өмнөд хэсгийг хятадууд өөрийн нутаг гэж үзэж байсан тул эл довтолгооныг Хятадын эсрэг халдлага гэж үзэв. Ингээд гоминданы Засгийн газраас Байтаг Богд руу Цинхай дахь лалын цэргийн тусгай хороог илгээжээ. Ийнхүү 1947 оны долдугаар сарын эхээр монголчуудад эзлэгдсэн газрыг эргүүлж авлаа.

Монгол Зөвлөлтийн хилийн халдлагыг Хятадын Москва дахь Элчин сайд нь Кремельд эсэргүүцлийн ноот гардуулав. Хариуд нь ТАСС радиогоор дамжуулан Шиньжаан руу Монголын цэрэг халдсаныг тайлбарласан ба үүнд Зөвлөлтийн оролцоо байхгүй гэж мэдэгдэв. Байтаг Богдын мөргөлдөөнд монгол цэргүүдээс олзолсон зөвлөлтийн цэргийн малгай, зөвлөлтийн газрын зургийг генерал Сүн АНУ-ын Элчин сайдад баримт болгон үзүүлсэн байна. Бээжинд суух АНУ Элчин сайдын яамнаас Байтаг Богдын мөргөлдөөнд Гадаад Монгол нь Зөвлөлтийн түрэмгийллийн зөвхөн нохойд барьдаг мод нь болсон гэж дүгнэжээ.[8] Харин Улаанбаатар Байтаг Богдыг Монголын нутаг гэж мэдэгдэв. 

1947 оны зургадугаар сарын 15-нд БНМАУ-ын ГЯЯ-аас мэдэгдэл гаргав. 

“Монголын арми Зөвлөлтийн нисэх онгоцоор халхавчлан Хятадын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэх мэдээлэл нь шал худлаа. Байтаг Богд уулс нь Хятадын биш, харин БНМАУ-ын нутаг дэвсгэр… Хятадын арми БНМАУ-ын хилийг давж, хилээс 15 км гүнд буудаллан бэхлэлт ухаж эхэлсэн. Хятадын арми өөрийнх нь нутаг дэвсгэрт орж ирснийг Монголын хил хамгаалах командлал мэдээд Хятадын армийн командлагч руу хэлэлцээний төлөөлөгчид явуулж тэднийг цэргээ арагш татахыг хүссэн байна. Хятадын командлагч олон улсын практикийн зөрчин шаардлага биелүүлэхээс татгалзжээ. Монголын хилчид Монголын хэд хэдэн онгоцоор халхавчлан Хятадын цэргийг эх орноосоо хөөн гаргасан юм.

Монголын арми Хятадын хилээр нэвтрээгүй. Зургадугаар сарын 9-нд Хятадын хуарангийн газарт Монголын талын хэлэлцээрт очсон хүмүүсийн цогцос олдсон. Монголын хэлэлцээчдийг эрүүдэн шүүж, гар хөлийг нь шатааж, гэдсийг нь задалсан байв. Мөн нүдийг нь ухсан байв. Ийм байдалтайгаар хэлэлцээ хийхээр очсонМонголын дөрвөн хилчний цогцос олдсон.

БНМАУ-ын Засгийн газар Хятадын Засгийн газарт ноцтой эсэргүүцэл илэрхийлж, алуурчныг хатуу шийтгэж, учруулсан хохирлыг барагдуулахыг Хятадын Засгийн газраас шаардах эрхтэй.”[9]

ТАСС дараах мэдэгдлийг гаргав:

“Зөвлөлтийн далбаа бүхий таних тэмдэгтэй онгоцнууд Бэйташаний мөргөлдөөнд оролцсон гэсэн Хятадын ГЯЯ-ы мэдэгдэл нь үнэнтэй огт нийцэхгүй өдөөн хатгалга юм.”[10] Арваннэг дүгээр сард Зөвлөлтийн Гадаад явдлын сайд Громыко “Хятадууд Бэйташань дахьГадаад Монголын нутаг дэвсгэрт халдсан” гэж НҮБ-ын Ерөнхий ассамблэйн Улс төрийн хороонд мэдэгдэв.[11]

Нэгэнт Хятадыг дэмжих болсон Оспаныг нэг мөсөн дарж авахын тулд Зөвлөлтийн тагнуул тусгай комиссар Ли Жиханд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор монголчууд Хятадын хил рүү цөмөрчээ гэж үздэг.[12] Мэдээж энэ нь Зөвлөлтийн даалгавар. “Хятадын тал Гадаад Монголын 8 цэрэг, 30 морь олзолсон бол бөмбөгдөлтөнд хятадын хоёр цэрэг амт эрстжээ” гэж албан мэдээнд дурьджээ.[13] Маргаан хэсэг өрнөж, Хятадын Батлан хамгаалахын төлөөлөгч “Гадаад Монголын цэргүүд манай нутгийн Бэйташань уулыг эзэллээ” гэж мэдэгдэв. Улмаар асуудал НҮБ-ын хэмжээнд хүртэл яригдан, “Монголчууд түүхийн турш гадагш түрэмгийлэл үйлдсээр ирсэний нэг баталгаа бол Бэйташаний мөргөлдөөн” гэж мэдэгдсэн. 

Гэхдээ л Бэйташаний хэрэг нь их гүрнүүдийн хоорондох сөргөлдөөнд жижиг үндэстнүүд золиослогддогийн өрдийн нэг жишээ. Уул хэрэг явдал гарах болсон шалтгааны тухай шалгагдаагүй боловч тун магадлалтай нэг тайлбар байдаг. 1945-1946 онд Бэйташань уулын орчмоор айхтар зуд болсон тул оршин суугч нүүдэлчин голдуу хасагууд Монголын Ховдын Булган орчимд нүүдэллэн ирж өвөлжижээ. Хил давж орж ирсэн хасаг малчдыг Зөвлөлтийн онгоцнууд араас нь элдэн энгийн номхон иргэдийг хэдэн зуугаар нь сүйтгэжээ.[14] Тэднийг эргэж хил нэвтрүүлэхгүй хийгээд араас нь очиж бөмбөгдөх тушаал Чойбалсангаар дамжин Сталинаас гарсан аж. Учир нь, Оспан өөрийн цэрэгт байсан Зөвлөлтийн тагнуул Абай Хасимовыг илчлэн буудан алжээ. Сталин үүнд нь Оспанд маш их хонзогносон аж. Үүнээс хойш ч Чойбалсан Оспаныг амьдаар нь баривчлуулахаар хэд хэдэн удаа тагнуул туршуул илгээж байсан боловч нэг нь ч бүтээгүй юм.

Ялтын гэрээ Монголын одоо байгаа статус кво-г нь зөвшөөрсөн бол Зөвлөлт-Хятадын гэрээгээр Монгол улсыг “одоогийн байгаа хилээр” нь зөвшөөрчээ. Гэтэл энэхүү “одоогийн хил” гэдэг нь демаркаци тогтоогүй учир нэлээд будлиантай асуудал байв. Будлиантай цэгийн нэг нь Бэйташань байлаа. Уул нь хил гарч орох дээрэмчин болон нүүдэлчин хасагийг “зохицуулах” үүднээс хилийн энэ цэг гэнэт анхаарал татсан юм. 

Гэвч монголчуудад Байтаг Богд зарчмын асуудал байсан бол хятадуудад Бэйташань монголчуудын дараагийн өнгөлзлөгөөс сэргийлэх хэрэг байв. Учир нь, 1915 оны Хиагтын гэрээгээр Урианхайн 7 хошууны ихэнх буюу Алтайн чанад дахийг Гадаад Монголын нутгаас хасч тооцжээ. Гадаад Монголын зүгээс Шиньжааны удирдлагад хандан Алтайн хязгаарыг Монголд эргүүлж өгөхийг аль 1924 оноос шаардсаар байсан. Алтайн тойргийг 1907 оны “Шинэ засгийн бодлого”-ын үеэр Ховдын тойргоос салгаж шинээр байгуулсан юм. Тойргийн амбанаар Палт[15] ванг тавьсан, харин тэр нь Хүрээнийхэнтэй түнжин муу нэгэн байлаа. 1913 оны Орос-Хятадын тунхаглал, 1915 оны Гурван улсын гэрээгээр Алтайн тойргийг Ховдоос гадуур байхаар шийдсэн юм. Үүнийг 1919 онд Сю Шүйжэн Монголд орж ирэхдээ de facto болгосон, үүнээс ч болоод Шар сүмийн маргаан байнга үргэлжилж байлаа. 1924 оны тавдугаар сарын 20-нд Шар Сүмийн захирагч Ли Чунси-д Монголын Засгийн газар явуулсан албан захидалдаа: “Манай Монгол Алтайн урианхайчуудад тусгай аймаг байгуулсан байхад танай Хятадын Засгийн газар Алтай мужид суух монголчуудын эрх ашгийг хөсөрдүүлж Шиньжаанд дур мэдэн нийлүүлсэн... Алтайн тойргийг булаан авч өөрийн болгох нь Хятадын аугаа их хувьсгалын үзэл санаанд тохирохгүй” гээд Ли Чунси-г Алтайгаас гарч явахыг сануулсан байна[16]. Монголчууд энэ хуваалтанд сэтгэл дундуур байсан тул Бэйташанийг авбал дараагийн ээлжинд Алтайн чанад руу довтолно гэж хятадууд айсан байна[17]. 

Нэгэнт Улаанбаатарт Хятадын Элчин сайдын яам үгүй тул хоёр тал Москвад маргалдан Элчин сайдууд 10 гаруй эсэргүүцлийн нот бичиг солилцжээ. Хятадууд үүгээр зогссонгүй Монголын түрэмгийллийн тухай НҮБ-д гомдол гаргасан аж. Хожим Маогийн улаан Хятад буй болсны дараа ч Бэйташаний маргаан үргэлжилсээр байв. 1950 оны дундуур энд дахин буун дуу гарч хоёр талаас буудалцан хүний амь хохирч байсан байна[18]. Дараа нь хоёр талаас өөрийн хил гэж үзсэн газраа хүмүүс оруулж суурьшуулах, хадлан авах, геологийн хайгуул хийх зэргээр “тайван” байдлаар олон жил толхилцжээ. Эцэст нь 1962 онд Монгол, Хятад хоёр демаркаци хийж хилээ тогтоохдоо маргалдсан газраа хувааж авснаар асуудал нэгмөсөн цэгцэрсэн түүхтэй.

 

[1] Шэн Шицай (1895-1970) Хятадын цэргийн эрхтэн. Шиньжааны дарангуйлагч асан (1933-1944)

[2] Оспан Исмулы (1899-1951) Оспан батыр ч гэдэг. Жунгаар дахь үндэсний чөлөөлөх хөдөлгөөний толгойлогч.

[3] Хан Ювэн (1912-1998) Жинхэнэ нэр нь Мухаммад Халибуллах. Огуз үндэстэн, генерал. Гоминьданы тал баримтлагч. Шиньжааны лал шашинтнуудыг удидаж байв (1931-1949)

[4] Барнэтт, Док (1921-1999) Америкийн сэтгүүлч, улс төр судлаач

[5] Forbes, Andrew D. W. Warlords and Muslims in Chinese Central Asia: A political history of Republican Sinkiang 1911-1949. (Cambridge, UK: Cambridge University Press). (1986).

[6] Ма Сижэнь Тавдугаар морьт армийн Цинхай дахь салбарын удирдагч, лалын дунгаан генерал

[7] Жан Дажүн, "Шинжаан дахь Ининий явдал ба Зүүн Туркестаны тоглоомын Бүгд Найрамдах Улс байгуулагдаж, задрах нь", Хятадын Хилийн Түүх Филологийн Нийгэмлэг, 1964, х-347.

[8] Perkins, E. Ralph, ed. (1947). Unsuccessful attempts to resolve political problems in Sinkiang; extent of Soviet aid and encouragement to rebel groups in Sinkiang; border incident at Baitag Bogd. (The Far East: China (PDF). (Foreign Relations of the United States, 1947.  Washington, DC: United States Government Printing Office).

[9] United Press. London, June 16, 1947

Синьхуа агентлаг 17-ны өдөр Шэньси мужийн мэдээ

[10] People's Daily. 1947-06-16

[11] Xinhua News Agency, Shaanxi Province on the 14th

[12] "Political Implications in Mongolian Invasion of N. China Province". The Canberra Times. 13 June 1947.

[13] Perkins, E. Ralph, ed. (1947). Unsuccessful attempts to resolve political problems in Sinkiang; extent of Soviet aid and encouragement to rebel groups in Sinkiang; border incident at Baitag Bogd. (The Far East: China (PDF). (Foreign Relations of the United States, 1947.  Washington, DC: United States Government Printing Office). р-546–587.

[14] Султан.Т.И.Оспаны амьдрал, үйл ажиллагаатай холбоотой зүйлүүд (гар бичмэл)

[15] Палт, Бамбарын (1882-1920) Балт ван, Па ван гэж бас дууддаг. Шиньжааны Алтайн хязгаарын захирагчМ, торгууд хүн

[16] Лузянин, С. Г. Россия, Монголия, Китай в первой половине XX в. (изд-во Института Дальнего Востока РАН, Москва, 2003)стр -146 [Luzyanin, S.G. Russia, Mongolia, China in first half of XX century ]

[17] Цэдэн-Иш, Б. Монгол улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхээс (Улаанбаатар 1997) х-107 [Tseden-Ish, B. History of the formation of the borders of the State of Mongolia]

[18] Цэдэн-Иш, Б. Монгол улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхээс (Улаанбаатар 1997) х-108 [History of the formation of the borders of the State of Mongolia]

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Одоо ч гэсэн фэодаль хэвээрээ
    2022 оны 11 сарын 04
Сонин хачин