• Эхлэл
  • Улс тунхагласан өдрийн “зочид”

Улс тунхагласан өдрийн “зочид”

2022/11/26

Хоёрхон хоногийн өмнө Үндэсний бахархалт өдөр буюу Чингис хааныхаа “төрсөн өдөр”-ийг тэмдэглэсэн бид өнөөдөр Улс тунхагласан баяраа тэмдэглэж буй. Ирэх 12 дугаар сарын 29-нд бас Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэнэ. Тэгснээ долдугаар сарын 11-нд бас Улс тунхагласны баяр... Хүүхэд бүү хэл, үүхэд ч эндүүрмээр олон баяр. Үүнийг Ч.Болдбаатар багш их энгийнээр тайлбарлав. Хаант засаглалын тухай, хаан болон хааны үр садыг хэн ч сонгож, бас өрсөлдөж болдоггүй тухай  ярилцангаа эсрэг талд нь ямар засаглал байдаг тухай асуухад хүүхдүүд

-Ардчилсан, парламентийн... гэж өөр өөрийнхөөрөө хариулна. Үүнийг Ч.Болдбаатар багш Бүгд найрамдах  буюу олноороо сонгож болдог тогтолцоо гэж нэгтгэв. Тэгвэл тэднийг хэн сонгодог вэ?

-Гэрт чинь хэн хамгийн эрх мэдэлтэй вэ?

-Аав ...\зарим нь ээж\

-Хичээлээ давт, утсаа унтраа, хоолоо ид гэж хэн “дарамталдаг” вэ?

-Ээж...\зарим нь аав\

-Шинэ пүүз авмаар бол хэнд хандах вэ

-Ээж ... ихэнх нь ингэж хариулангаа хөгжилтэй инээнэ.  Бүгд Найрамдах засаглалын эрх хэнд байдаг вэ гэвэл хууль тогтоох, эсвэл санхүү-төсөв шийдэх эрх мэдлийг ХЭН шийдэж байна вэ гэдгээрээ л онцлог гэж багш, сурагчид бас санал нэгдэв.  Ингээд ярилцаж байтал лекцийн гол санаа тодорхой болж ирнэ.

Яагаад Үндэсний их баяр наадам, Үндэсний тусгаар тогтнолны өдөр, Улс тунхагласан өдөр ... гэсэн нэршлүүд толгой эргүүлээд байгаа тухайгаас эхлээд ... эцэст нь Эрх чөлөө-хамгийн гоё үнэт зүйл гэдэгт хүүхдүүд ч багш ч санал нэгдэв.

Ямар нэгэн зар сурталчилгаагүй, энгийн мөртлөө үлдэцтэй “хөөрхөн” яриа Монголын залуучуудын холбооны 210 гэдэг тоотод өрнөсөн юм. Энэ бол Дундговь аймгийн Монголын залуучуудын холбооны салбар зөвлөлийн санаачлагаар зохион байгуулж буй эрдэмтэн, судлаачдын уулзалтын анхны арга хэмжээ. Цаашид цувралаар зохион байгуулах лекцийн анхны зочид нь Түүхийн ухааны доктор, дэд профессор Ч.Болдбаатар нийслэлийн 38 дугаар сургуулийн 10 дугаар ангийн хүүхдүүд болон түүхийн ухааны оюутан, судлаачид байв.

Ч.Болдбаатар доктор лекцийнхээ төгсгөлд “Та хэн бэ, Та өөрийгөө олоод бусдыг олоорой” гэсэн нь яг үүний өмнө МЗХ-ын УЗ-гийн гишүүн Ж.Нямаагийн өөрийгөө хэрхэн танин мэдэх тухай хичээлтэй яг зохицов. МЗХ-ын анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч Ж.Нямаа “Нарны охид” төслийнхөө хүрээнд хүүхдүүд, багачуудад олон сургалт явуулж байсан бөгөөд одоо хүрээгээ өргөжүүлэн эрдэмтдийн цуврал хичээлийг МЗХ-ндоо явуулахаар болжээ. Энэхүү цуврал хичээлийг Дундговь аймгийн Залуучуудын холбоо санаачлан Монголын залуучуудын холбооны Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгуулж байх юм байна.   


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин