• Эхлэл
  • Х.Баттулга бол Л.Гантөмөрийн хоолойд тээглэсэн "яс" юм

Х.Баттулга бол Л.Гантөмөрийн хоолойд тээглэсэн "яс" юм

2023/03/23

Нийтлэлч Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.

АН-ын дарга Л.Гантөмөр өнгөрөгч долоо хоногт TV8 телевизийн “Уулзах цаг” нэвтрүүлэгт орж, ярилцлага өгчөө. Уг ярилцлагадаа “Х.Баттулга бид хоёрын хооронд ямар нэг тохироор наймаа байхгүй. Бид зөвхөн намын бодлогын талаар санал солилцсон” гэж ам алджээ. Түүний баталж хэлснээр бол Х.Баттулга гэдэг хүн шинээр зохион байгуулагдаж буй намын удирдлагаас явуулах үйлдвэржилтийн бодлогын талаар сонирхож асуусан бололтой юм. Гэвч Х.Баттулга гэдэг хүний тухай монголчууд хэтэрхий сайн мэдэх юм даа. Сонирхож байгаа асуудал нь ч тэр.

Л.Гантөмөрийн хувьд өнгөрөгч нэгдүгээр сард хуралдсан ҮБХ-ны гишүүдийн 51,9 хувийн салаар сонгогдож, намын дарга болсон. Үлдсэн 48 хувь нь С.Баярцогт, З.Нарантуяа нарт саналаа өгсөн байдаг юм. Тэгэхээр Л.Гантөмөрийн хувьд ҮБХ-ны гишүүдийн үлдсэн 48 хувийн дэмжлэгийг авах, ядаж л намынхаа гишүүдэд “олонхийн шийдвэрээ дагаж, цөөнхөө хүндэтгэх” соёлд суралцуулахад багагүй хугацаа туулах бололтой. Дээр нь Л.Гантөмөрийг бид л сонгуулсан гэж “аархаж” яваа Х.Баттулгын фракц гэж бас бий. Л.Гантөмөр, С.Баярцогт нарын дэмжигчид ойролцоо жин дарж ирэх үед Х.Баттулгын “квот”-оор ҮБХ-нд суудаг арван хэдэн хүн орж ирээд саналыг хагалсан гэдэг юм. Х.Баттулга ч гэсэн эрх мэдэлтэй байхдаа л С.Баярцогтыг шоронд хийж, шонд өлгөхийн төлөө бүх эрх мэдлээ дайчилсны хувьд "АН-ын дарга болчихоосой" гэж хүсэхгүй нь тодорхой.

Үр дүнд нь Л.Гантөмөр гэдэг хүн өнөөдөр нэг талаас эрх баригч АН, нөгөө талаас Х.Баттулга гэдэг хайчин гал дунд намаа эмхэтгэх гэж зүтгэж явна даа. (С.Баярцогт байсан бол... гэдэг яриа бол бүр ч худлаа) Намын дарга болсноосоо хойш намын бүлгийнхээ хуралд байнга оролцож харагддаг болсон. Харин ч АН даргатай болсны хүчинд УИХ дахь намын бүлгийн гишүүдийнх нь харц нь дээшилж, эрх баригч намтай бас нэг бодлого энэ тэр ярих гээд, маргаад байдаг болсон байна лээ. Өнгөрөгч долоо хоногт болсон чуулганы нэгдсэн хуралдаан дээр Н.Учралын хуулиар жинхэнэ "далаар нь тавьж" байгаа харагдсан. АН сөрөг хүчнийхээ байр суурьт эргэж ирлээ гэх итгэл найдвар иргэдийн дунд төрж эхэлсэн.

Л.Гантөмөрийн хувьд АН-ын даргад анх нэр дэвшихдээ л гишүүддээ “Сонгуулийн тогтолцоог өөрчилнө” гэдэг амлалт өгсөн. Энэ тал дээр АН-ын дарга, Ерөнхий сайдтай ч бас зөвшилцөлд хүрсэн бололтой байдаг. Хэрвээ сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, хувь тэнцүүлсэн системийг сонгуульд оруулж ирвэл өнгөрсөн удаагийнх нийт сонгогчдын 40 хувийн саналыг авсан нам (том тойрогт олон нэр дэвшигчид гаргаснаар нэг нэр дэвшигчид оногдох саналын хувь багассан) парламенты суудлын 80 гаруй хувийг эзлээд хаан суухгүй л дээ.

2012 оны УИХ-ын сонгуулийг пропорциональ, мажоритари хосолсон холимог системээр явуулахад АН түүхэндээ анх удаа парламентад хамгийн олон буюу 38 суудал авсан байдаг юм. Улс орны хэмжээнд бодлого тодорхойлох зиндааны том тоглогчид АН-д МАН-аас илүү олон байсан гэсэн үг. Хувь тэнцүүлсэн системээр буюу намын жагсаалтаар гарч ирсэн 28 мандатын дийлэнх нь АН-ын нэр дэвшигчид байлаа. АН ийм хэмжээний санал авахад хүчтэй нөлөөлсөн хоёр хүн бол яалт ч үгүй  АН-ын залуучуудын “Нэг Ардчилал” фракцийг байгуулсан Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар. АН-ын залуу үеийг энэ хоёр хүнээр төлөөлж байлаа л даа. Сонгуулийн өмнө намын дарга Н.Алтанхуяг нь үйлдвэржилтийн бодлогоо яриад, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин хоёр “Иргэнд суурилсан хөгжлийн яриа”-гаа дэлгээд 21 аймгаа бүтэн тойрч байлаа. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрч, Л.Гантөмөр ч намын тэргүүн шугамд гарч ирэв. Өнгөрсөн 2-3 жил 2-3 тийшээ салж бутарсан намын гишүүдийг нэг зүгт хардаг болгох, ирэх сонгуульд оролцох намын бодлого, эв нэгдлийг хийхэд бас л цаг хугацаа орох бололтой. Намын шинэ дарга ихэнхдээ ордонд бус, орон нутгийн намууд дээрээ яваа дүр зураг нийгмийн сүлжээнд үзэгдэх болсон.

Гэвч сайн юманд ч садаа мунддаггүй гэж үгтэй. АН-ын дарга одоо болтол намын тамга, гэрчилгээгүй яваа гэдэг нь гишүүдийг нь гонсойлгосон хэвээр. Л.Гантөмөртэй холбоотой гэхээсээ илүү өнгөрсөн хоёр, гурван жил үргэлжилсэн шүүхийн маргаан дахин давтагдах вий, АН дахиад эзгүйдэх вий гэдгээс жийрхэж байгаа нь ойлгомжтой. АН-ын тамга С.Эрдэнэд, гэрчилгээ нь Х.Баттулгад байгаа гэдгийг ч намын дарга нь өөрөө хүлээн зөвшөөрлөө.

Гэвч Л.Гантөмөрийг Дээд шүүх АН-ын даргаар бүртгэж, намын тамга, гэрчилгээний хууль ёсны эзэн болчихоод байхад Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр юунд найдаж тамга, гэрчилгээ булаацалдаад байгаа нь бас л сонирхолтой. Гэрчилгээтэй бол тамгаа хэвлүүлчихмээр байдаг. Гэтэл гэрчилгээ нь Х.Баттулгад явдаг. Ингээд Л.Гантөмөр гэдэг хүн “буга хэзээ эврийг авчирч өгөх бол оо” хэмээн хүлээдэг тэмээний үлгэр шиг юм болоод байна даа.

Уг нь бол УДШ Л.Гантөмөрийг АН-ын хууль ёсны дарга гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан юм чинь гэрчилгээ ч гэсэн шүүхийн шийдвэрээ дагаад Л.Гантөмөрт очих ёстой. Өмнөх шигээ дахиад “Х.Баттулгатайгаа тохиролцоод ир ээ” гэж хэлэх эрх лав шүүхэд байхгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг нь бас Х.Баттулга гэдэг хувь хүнд бий. Тиймээс хүсвэл Л.Гантөмөр өөрөө Х.Баттулгын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахад л бүх зүйл цэгцэрчих асуудал. Энэ тохиолдолд Х.Баттулга л муухай харагдахаас өөр хэн ч хохирохгүй. Тийм болохоор Х.Баттулга гэдэг хүн өөрөө гэрчилгээгээ бариад нам дээрээ ирэх нь хамгийн зөв зам. Гэртээ харих зам хамгийн зөв зам байдаг гэдэг шиг.

Хоёрдугаарт, Х.Баттулга бол намтай намгүй Х.Баттулга. Монгол Улсын төрийн тэргүүн явсан хүн. “Чапаев бол намтай намгүй Чапаев” гэдэг Х.Баттулга бол намтай ч, намгүй ч өөрийн гэсэн дэмжлэгтэй хүн. Монголын ард түмний бараг тал нь түүнийг “фанат”-алдаг гэхэд хилсдэхгүй. Энэ утгаараа С.Эрдэнээсээ илүү том байж, том харах ёстой.

Тиймээс АН-ын гэрчилгээг АН-ын даргад өгөхгүй байх нь Х.Баттулгын эрх ашиг лав биш бололтой. Тэгвэл хэний эрх ашиг байж таарах вэ? Л.Гантөмөр, Х.Баттулга, С.Эрдэнэ гурав дундаа нэг намтай, нэг тамгатай, нэг гэрчилгээтэй, өмнөх шигээ намаа хуваагаад сонгуульд орох нь хэнд ашигтай байх вэ?

Арай үүний ард эрх баригч МАН-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хийсэн ялын наймаа явж байгаа юм биш биз. Хэрэвзээ Х.Баттулга гэдэг хүн төмөр зам, Хөгжлийн банкны хэргээр ял үүрлээ гэхэд төмөр замын төслийг нь хэрэгжүүлсэн, Хөгжлийн банкаар дамжуулан хувийн компанид нь зээл олгосон МАН-ын дарга нар, ҮАБЗ-ийн гурван гишүүн ч гэсэн хамсаатан болж таарна. 

Ингээд харахаар Х.Баттулга гэдэг хүн өнгөрсөн бүхий л цаг хугацаанд АН-аас илүү МАН-тай хамтарч ирсэн байдаг юм. Ирэх сонгуульд АН ямар үр дүнтэй оролцох ч гэсэн энэ хүн лав "түй" ч хамаагүй бололтой.

АН-ын нэгдэж, нэг цул болох ёстой гэдэг дээр маш олон санал нэгддэг. Намын дарга нь ч тэгж ярьдаг. Гэвч Х.Баттулга бол АН-ын хувьд хоолойд тээглэсэн "яс" л юм байна.

inews.mn 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин