• Эхлэл
  • Б.Сэмжидмаа: Би Засаг дарга болохгүй

Б.Сэмжидмаа: Би Засаг дарга болохгүй

2023/04/05

Өнөөдөр Засаг даргаа авч хаясан Баянгол дүүргийн ИТХ-ынхан сенсацийн эзэд болоод байгаа. Тэр тусмаа ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэмээх гал цогтой бүсгүй. Өмнө нь ч хурц шулуун яриагаараа олны анхааралд өртөж байсан бүсгүй энэ удаад “Улаан бал”-д ярилцлага өгч, бөмбөг дэлбэлснээр хэл амны гол бай болоод байна. Уг нь ч Б.Сэмжидмаа бөмбөг тэсэлсэн ч юм биш, угаасаа Баянгол дүүргийн асуудал хэл амны бай болоод байгаа. Баянгол ч өөрөө үхлийн тойрог гэмээр сонголттой, үеийн үед хурц асуудал дэгдээдэг “халуун” тойрог.

2020 оны сонгуулиар МАН нэлэнхүйдээ үнэмлэхүй ялалт байгуулж байхад Баянгол дүүрэг МАН-20, АН-19, ХҮН хоёр, МАХН нэг суудал авсан. Хэдийгээр МАН, МАХН нэгдсэн ч, АН дээр ХҮН хүч хавсрах юм бол хүч бараг тэнцүү. Дээр нь түүхэндээ Баянголд АН-ын С.Эрдэнэ “босоо“ явж ирсэн. Сүүлийн үед “Оргил”-ын Ганбаатар хэмээх бас нэг “босоо” гишүүнтэй болсон.

Ийм адармаатай гэмээр хүчний харьцаатай Баянголчууд өнгөрсөн жил Засаг даргаа огцруулна гэж хэсэг шуугиан дэгдээсэн. Гэтэл энэ жил ч мөн алдарт, Баянгол дахиад л дуулиан дэгдээж, Засаг дарга Ө.Сумьяабаатарыгаа огцруулж, нэр нэгтэй шахуу Хотын дарга Ч.Сумьяабазарынхаа толгойн өвчин болж байна. Хотын хамгийн анхаарал татах нэгэн дүүргийн энэхүү шуугианд нийслэлийн цорын ганц эмэгтэй ИТХ-ын дарга бүсгүй өөрийн эрхгүй татагдан орж, хэл амны бай болж байна. Мэдээж хэрэг яаж зүгээр байх вэ? Засаг даргаа огцруулаад оронд нь өөрөө дарга болох гэж байна гэсэн бор шувуу нисэлдэж байгаа юм байна.

Тэгвэл ИТХ-ын дарга бүсгүй “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо “Би Засаг дарга болохгүй” гэж яв цав, яс түс хэлчихэв. Түүнээс гадна янз бүрийн дуулиант асуудлуудаар ч өөртөө итгэлтэй хатуу чанга хоолойгоор яв цав, эргэлт буцалгүй тов тодорхой хариулт өгөв. Олонх хүмүүс “Улаан бал”-д ороод ёстой нөгөө нусаа хацартаа наана гэдэг шиг өөртөө хасах оноо аваад гарч ирдэг бол Б.Сэмжидмаа хэлж ярьж байгаа, өөртөө итгэлтэй байдал зэргээрээ бүр нэмэх оноо аваад гараад ирлээ. Баргийн хүнийг асуултаараа бүдрүүлдэг сэтгүүлч Ч.Лодойсамбууг бараг бүдрүүлэх шахав.

Зөвхөн энэ ярилцлагаараа Б.Сэмжидмаа баргийн зүйлд бүдрэхээргүй хатуу самар гэдгээ харуулаад авлаа. Энэ нэвтрүүлэгт орсон биш, хэл амны гал түүн рүү чиглэж байгаа ч царайлаг, эвлэг залуухан энэ эмэгтэй баргийн зүйлээс айхгүй,  цаашид ч ихийг дуулгаж магадгүй гэдгээ олон нийтэд харуулж чадлаа.  Өөрөө ч нэлээн холыг харж байгаа бололтой УИХ-д өрсөлдөх үү гэсэн асуултад үгүйсгэхгүй байна лээ шүү.


Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Энэ мэдрэл муутай албан тушаалын хэнээ туссан авгайг хэн сонгох вэ дээ.Бас царайлаг гэчихжээ халтайсан хар авгай бөөн мэс засал хийлгэсэн.
    2023 оны 04 сарын 17