Нийтлэлч Б.Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.
Хөгжлийн банкны хэмээх 80 албан тушаалтан, дөрвөн компанид холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр (2023.05.01) 11 дэх өдрөө, гурав дахь долоо хоногтоо үргэлжиллээ. "Улаанбаатар" чуулгын байранд нээлттэй үргэлжилж, шууд дамжуулсан шүүх хуралд өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар нар оролцож, мэдүүлэг өглөө. Тэднийг Засгийн газрын 2013 оны 8-р сарын 16-ны өдрийн “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоол болон “Эрдэнэс Монгол” компанид олгосон 170 тэрбум төгрөгийн зээлийн асуудлаар шүүж байгаа юм.
Уг тогтоол нь хоёр заалттай.
Эхний нь Шивээхүрэн, Гашуунсухайт боомтууд дээр боомтын зориулалттай нарийн царигийн төмөр зам барьж, ашиглалтанд оруулах тухай.
Хоёр дахь нь,Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд “Говийн зам” компанийн барьсан автозам, “Энержи Ресурс” компанийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх тухай.
Эхний заалтыг 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнбатын Засгийн газар гарч ирээд хүчингүй болгосон байдаг юм. Хоёр дахь заалт нь одоо хэр нь хүчин төгөлдөр байгаа, хэрэгжилт нь дуусчихсан заалт. Тогтоолын энэ заалтыг "Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эрх мэдлээ хэтрүүлсэн, үгсэн хуйвалдсан" гэж буруутгаж байгаа юм байна. Хохирогч нь Хөгжлийн банк.
Шүүгдэгч Н.Алтанхуяг нь "үүнд ямар ч гэмт хэргийн чанартай зүйл байхгүй. Загийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд олонхиороо шийдвэр гаргасан. Үүний төлөө Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёсгүй. Хоёрдугаарт, энэ бол ямар ч хохирогчгүй, зохиомол, улс төрийн захиалгатай хэрэг" гэж хэлдэг юм.
Тэгвэл, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байгаа Бүжинлхам прокурор шүүгчдэгч Н.Алтанхуягаас асуухдаа,
“2022.03.02-нд хохирогч талын гаргаж өгсөн мэдээллээр үндсэн зээл 141,3 тэрбумын үлдэгдэлтэй, зээлийн хүү 21,8 тэрбум, нэмэгдүүлсэн хүү 10,2 тэрбум ингээд нийт 28,5 тэрбум төгрөг төгрөг (яаж ч тооцохоороо нийт дүн нь 28,5 тэрбум төгрөг болчихдог юм) 9-10 жил төлөгдөөгүй. Энэ зээл, хүү, алданги нь хугацаандаа төлөгдөөд явсан бол улс орны бүтээн байгуулалтад зарцуулагдаад явах боломжтой байсан” гэнэ ээ. Хэн ч хэлээд цээжлүүлчихсэн юм, чааваас.
Аа тийм, хэрэг шалгаж эхэлснээс хойш буюу 2022.03.02-ноос хойш Хөгжлийн банкинд учруулсан хохирол нь барагдаад, зээл хэвийн ангилалд ороод явж байгаа гэдгийг улсын яллагч өөрийн амаар хэлсэн. Тэгэхээр “Эрдэнэс Монгол” компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ мөн үеэс төлж барагдуулж эхэлсэн болж таарав.
Нэг зүйлийг тодруулахад, уг тогтоол гарснаас хойш жил дөрвөн сарын дараа буюу 2014 оны арванхоёрдугаар сард Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон. Энэ болтол тогтоолыг хэрэгжүүлэх ажил хийгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед автозам болон дэд бүтцийг худалдан авах ажиллагаа хийгдэж, “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Ингэхдээ хуалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг нэгдүгээрт, авто зам ашигласны төлбөрөөс, хоёрдугаарт, улсын төсвөөс санхүүжүүлэхээр болж, Хөгжлийн банкнаас зээл олгосон. “Эрдэнэс Монгол” компаниас эхний удаа тавьсан зээлийн хүсэлтэд Хөгжлийн банк “Санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй” хэмээн буцаасан. Хоёр дахь удаад нь Монголбанк “санхүүжилтийг гаргана” гэсэн учраас зээлийг олгосон байдаг. Энэ тухай Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат мэдүүлэгтээ хэлсэн. Монгол банк аж ахуйн нэгжид зориулсан зээл гаргадаггүй учраас Хөгжлийн банкаар дамжуулж санхүүжүүлсэн гэсэн үг л дээ.
Гэтэл хэргийг мөрдөн шалгахдаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хийгдсэн худалдан авалт, олгогдсон зээлийн асуудлыг Н.Алтанхуяг гэдэг хүн дээр тохсон нь эргэлзэж гайхах эхний шалтгаан. Уг нь бол дэлхийгээр нэг эрэн сурвалжлаад байгаа уг хүнээ авчираад асуух ёстой баймаар.
Хоёрдугаарт, “хэрэг шалгаж эхэлнээс хойш Хөгжлийн банкинд учруулсан хохирол барагдаад хэвийн зээлийн ангилалд орсон” гэдгийг улсын яллагч өөрийн амаар хэлсэн. Тэгвэл энэ хэргийг хэрэгсэхгүй болгоод хаах ёстой баймаар.
Гуравдугаарт, үнэхээр гэмт хэрэг гэж үзээд шалгах ёстой юм бол “Эрдэнэс Монгол” компанийн авсан зээл дээр яагаад компанийг биш, компанийг зээл авахаас бүр өмнө ажлаа өгчихсөн, огт хамаагүй Н.Алтанхуяг гэдэг хүнийг яллагдагчаар татаад байгаа нь бүр ч их гайхал төрүүлдэг. Угаасаа хууль, шүүхийнхэн алхам тутамдаа манийгаа гайхашруулж, алмайруулж чаддаг улс даа.
Уг нь бол зээлийг эргэн төлөлт нь Хөгжлийн банкны хэргийг нээхээс өмнө дуусчих боломж байсан юм билээ. Ч.Сайханбилэгийн үед зээлийг эргэн төлөх эх үүсвэрийг заахдаа нэгдүгээрт, зам ашигласны төлбөр, хоёрдугаарт улсын төсвөөс төлөх гэсэн хоёр эх үүсвэрийг зааж өгсөн. 2019, 2020 оны төсөвт суулгахаар тогтоол гаргачихсан байсан. Гэтэл 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнбатын Засгийн газар гарч ирээд “2019, 2020 оны төсөвт суулгах” гэсэн заалтыг нь хүчингүй болгочихсон. Уг нь бол өмнөх Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийг дараачийн Засгийн газар нь хэрэгжүүлэх үүрэгтэй. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар ийм. Эндээс харахад Хөгжлийн банкинд хохирол учруулсан “гэмтэн” нь Н.Алтанхуяг биш, Ч.Сайханбилэг ч биш, Ж.Эрдэнэбат л болж харагдаад байна. Энэ хүнийг тэгвэл яагаад шүүх хуралдаанд гэрчээр дуудсангүй вэ? Дахиад нэг асуулт...
Сануулахад, Засгийн газар Хөгжлийн банкны хулгайг сүр дуулиантай зарлаж, баахан хувийн хэвшлийнхнийг нэрлэсний дараа хэвлэлийнхэн цааш нь ухаад гаргаад ирсэн чинь хамгийн том зээлдэгчид нь төрийн өмчит компаниуд болж таарсан. “Эрдэнэс Монгол” магнайлаад. Тэгээд “эд нар чинь яахаараа зээлээ төлдөггүй юм” гээд иргэд шаардаад эхлэнгүүт Н.Алтанхуяг гэдэг хүн дээр буулгаж байгаа юм байна л даа.
Уг нь бол Н.Алтанхуяг гэдэг хүн 2014 онд, Ч.Сайханбилэг нь 2016 онд ажлаа өгснийг тооцвол үлдсэн долоон жилд нь МАН буюу Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрууд төрийн өмчит компаниудыг засагласан байна. Тэр үед компани удирдаж байсан хүмүүсээс яагаад нэг нь ирж мэдүүлэг өгсөнгүй вэ, шүүх яагаад дуудсангүй вэ? Уг нь тэд л шүүхийн өмнө зогсоод “Манайх ийм ийм учраас зээлээ төлж чадаагүй. Дараа нь ингэж ингэж төлсөн” гэдэг баримтаа яримаар.
Товчхон хэлбэл, Н.Алтанхуяг гэдэг хүний гарын үсэг зурсан Засгийн газрын тогтоол дээр “Хөгжлийн банк” гэдэг нэг ч үг байхгүй. Зөвхөн хувийн компанийн барьсан автозам, дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлэх тухай, энэ ажлыг зохион байгуулах үүргийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт нар даалгах тухай л байгаа. Худалдан авах болон Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх ажиллагаа дараачийн Засгийн газрын үед хийгдсэн гэдгийг өмнө хэлсэн.
Хоёрдугаарт, уг замыг төрийн өмчид авсанаар хэнд ямар хохирол учирсан бэ? Хөгжлийн банкинд учирсан хохирол бол төлөгдсөн, зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа гэдгийг өмнө хэлсэн.
Улсын яллагч Бүжинлхам эцэстээ аргаа бараад, бүр цайраад “зургаан долларын хураамж авах байсныг 1,5 доллар болгосноороо хохирол учруулсан юм биш үү? гэж Н.Алтанхуяг даргаас асууж үзэж байна лээ. Бас л өөрт нь хамаагүй асуулт л даа. Гэхдээ л, Хөгжлийн банкнаас зээлсэн 170 тэрбум чинь 400 гаруй тэрбум болоод хэд нугараад ороод ирчихсэн. Учирсан хохирол байхгүй гэдгийг хэлсэн. Угаасаа өнгөрөгч баасан гаригт болсон шүүх хуралдаан дээр холбогдох албаны хүмүүс нь ирээд мэдүүлгээ өгчихсөн юм байна. Тэгэхээр Хөгжлийн банкийг хохироосон нь Н.Алтанхуяг биш, түүнээс хойш үүнээс цааш ажил алба хариуцаж авч явсан нөхөд өөрсдөө болж таарлаа.
Эцэст нь хэлэхэд, арав гаруй өдөр үргэлжилж, олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүлээж байгаа хэдий ч нээлттэй шүүх хуралдаанаас авах нэг л зүйл байна. Тэр нь манай хууль сахиулах байгууллага, хуульчид буюу мөрдөгч, прокуроруудын мэргэжлийн ур чадвар, мэдлэг мэргэшил ямар дорд вэ гэдгийг иргэдэд ил тод, нийлттэй болгож өглөө. Ийм хэрэг боочихоод "Шүүх л бүгдийг зогсоодог, авилгаждаг" гээд байдаг прокуроруудын хэр хэмжээг ч тодорхой болгож өглөө. Н.Алтанхуяг, Н.Батбаяр хоёрын гарын үсэгтэй тогтоолыг заагаад "Засгийн газар олонхиороо шийдсэн гэдэг нь үнэн юм уу? Та итгэлтэй байна уу?" гэж асуугаад сууж байгаа улсын яллагчтай ер нь хэн, юунд найдаж маргах вэ дээ. Зүгээр хүчирхийлэл.(Засгийн газрын хуралдаанаар баталсан нэг л асуудал дээр хуралдаанд оролцсон бүх сайд нар гарын үсэг зурсан байдаг юм. Тэр бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан явдал. Онцгой тохиолдол) Ямар ч хуулийн болон улс төрийн мэдлэг байхгүй. Хэргээ ч бүрэн уншиж судалсан юм алга.
Ер нь ч тэгээд УИХ, Засгийн газрын түвшинд шийдсэн асуудлыг эрүүгийн шүүхээр шүүнэ гэж юу байх вэ дээ. Засгийн газрын шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл нэгд, Засгийн газар өөрөө, хоёрт, УИХ хүчингүй болгодог хуультай.
Бичвэрийн эхэнд хэлсэн "141,3 тэрбумын үлдэгдэлтэй, зээлийн хүү 21,8 тэрбум, нэмэгдүүлсэн хүү 10,2 тэрбум, нийт өр яагаад 28,5 тэрбум төгрөгийн өр төлбөр 9-10 жил төлөгдөөгүй" гэсэн прокурорын үгийг тайлах гээд үзье. Үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү дээр бол алдаагүй байх. Тэгээд "нийт 28.5 тэрбум төгрөг" гэсэн нь одоо үлдсэн зээлийн үлдэгдэл шиг байгаа юм. Хоёрдугаарт, энэ өр төлбөр 9-10 жил төлөгдөөгүй гэдэг нь дахиад баримтын алдаа. Н.Алтанхуяг гэдэг хүн 2014 оны арванхоёрдугаар сард ажлаа өгсөн. Зээлийн шийдвэр хамгийн эртдээ 2015 онд гарсан гэж тооцвол 2022 оны гуравдугаар сар хүртэл долоон жилийн хүү, алданги ярих боломжтой. Хуульч мэргэжилтэй хүн ийм хийтэй ярьж болохгүй.
Азаар гэх үү, шүүх хуралдааныг шууд дамжуулахдаа улсын яллагч-прокуроруудынхаа царайг харуулдаггүй юм байна. Хэрвээ харуулсан болж гэм, тэр хэдэн прокурор лав гудамжинд гарах эрхгүй боллоо. Замд таарсан захын хүн чулуугаар нүүлгэхээр юм ярьж байна, цаана чинь...
Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: inews.mn
Сэтгэгдэл байхгүй байна