• Эхлэл
  •  Монголчуудыг мөрөөдөлд автуулсан уран гулгалтын гайхамшиг

 Монголчуудыг мөрөөдөлд автуулсан уран гулгалтын гайхамшиг

2023/05/08

Уран гулгалтаараа дэлхийг тэргүүлдэг ОХУ-ын шигшээ багын шилдэг 16 тамирчин Монголд үзүүлэх тоглолт хийн, монголчууд хоёр өдрийн турш сэтгэл оюун, мэлмийгээ баясгасан өдрүүд болж өнгөрлөө. Тоглолт  болохоос өмнө тасалбар нь  аль  хэдийнэ  дуусч хоёр өдрийн турш “Стэп арена” төв үзэгчид битүү байгаагаас харахад энэхүү тоглолт  монголчуудын хувьд маш их хүлээлт үүсгэсэн нь тодорхой харагдана.

Охид хөвгүүдээ  дагуулсан эцэг эхийн хөлд дарагдсан олон улсын жишиг бүхий “Мөсөн өргөө”-г Монголдоо  бүтээн босгосон баг  хамт олонд  юуны түрүүнд алга ташиж,  баяр  хүргэмээр санагдсан. Эгнээ суудал нь  бүгд үзэгчээр дүүрч хамгийн дээд хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцэртэйгээ ямар ч саад бэрхшээлгүй сууж үзэх боломжоор хангасан байгааг  харахад энэхүү төвийн зохион байгуулалт дэлхийн  стандартад яв цав нийцсэний нэг илэрхийлэл. Уран гулгалтын үеэр үзэгч фэнүүд цэцэг биш чихмэл тоглоом “илгээдэг” заншлыг тэд мартсангүй. Тэгэхдээ бас зөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлдвэрлэдэг зөөлөн тоглоомуудыг худалдаалахаар борлуулах цэг хүртэл гаргаж өгсөн бас нэг чин сэтгэл, хандлага санагдсан.

ОХУ-ын тамирчид олон улсын  тэмцээн  уралдаанд орох боломжгүй  болсон нь уран гулгалтын гайхамшгийг монголчууд  бидэнд дэргэдээсээ  үзэх боломж боллоо гэсэн олзуурхсан гэмээр тайлбар ч бас сонсогдож байсан, магад ч үгүй юм. Гэхдээ нэг талаасаа үгүйсгэх ч аргагүй алдарт Камила Валиева, Марк Кондратюк, Елизавета Туктамышева, Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян нарын гайхамшигтай ганцаарчилсан төрлийн тоглолт, Анастасия Мишина, Александр Галлямов болон Виктория Синицина, Никита Кацалапов, Евгения Тарасова, Владимир Морозов нарын хослолыг дэргэдээс нь үзнэ гэдэг гайхалтай шүү дээ. Тиймдээ ч хоёр хэсгээс бүрдсэн тоглолт гурван цагийн турш үзэгчдийг суудлаас өндөлзүүлсээр байв.

Хамгийн оргил  хэсэг нь “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2020 оны Европын аварга Камила Валиева мөсөн талбайд гарч ирснээс хэдхэн  секундын дараа  техникийн саатал гарч  хөгжим зогссон ч тэрбээр үзэгчдийн халуун  алга  ташилт  уухайн  дунд  тоглолтоо ямарч  алдаагүй  гүйцэтгэл  өндөртэй хийж дуусгасан юм.   

Түүнийг гарч ирэх тоолонд үзэгчид нижигнэтэл алга ташиж тоглолтын турш амьсгаа даран  үзэж  байгааг харахад монголчууд  энэ бяцхан охинд  ямар их хайртайг харуулах мэт.  Мөн  “Бээжин 2022” олимпын хосын төрлийн хүрэл медальт, багийн төрлийн аварга, 2021 оны ДАШТ-ий алт, 2022 оны ЕАШТ-ий аварга Анастасия Мишина, Александр Галлямов нар МУГЖ зууны манлай дуучин Б.Сарантуяагийн “Амьдрал” дууны аялгуун дээр үзүүлбэрээ үзүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг багагүй огшоогоод авна лээ.

Мөн  “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2022 оны ЕАШТ-ий аварга Марк Кондратюк “Чингис хаан” дууны монгол хувилбар дээр монгол үндэсний цамцаар гангарч, дууны аянд  тохируулсан  ритмтэй гулгаж бүжих нь мөсөн өргөөг доргиосон үзүүлбэр  болж  чадсан  билээ. Тоглолтын эхний хэсэгт уянгын  романтик, хайр сэтгэл,  хагацал  гансарлын сэдвийн үзүүлбэрүүд зонхилсон бол, хоёрдох  хэсгийн зохиомж нь илүү орчин үелэг ритмтэй, рок стильтэй үзүүлбэрүүд байсан нь үзэгчдийг өндөлзүүлсээр байв.  Монголчуудад уран гулгалтын гайхамшгийг утгаар нь мэдрүүлсэн тоглолт гурван  цаг  гаруй  үргэлжилж түмэн олны мэлмийг  баясаж, жаргаж үзсэн нь үзэгчдийн харцнаас  илт мэдрэгдэж байсныг энд онцлон дурдах  хэрэгтэй.

Ийнхүү “Уран гулгалтын одод Монголд” тоглолт хоёр өдрийн турш амжилттай тоглогдож дууссан. Лавтайяа  хүү, охиноо уран гулгагч болгоё гэсэн над шиг мөрөөдөлтэй эцэг эх  олон байсан нь гарцаагүй. Тоглолтыг шимтсэн хүүхдүүдэд ч их спортод хүч үзэх хүсэл мөрөөдөл төрсөн буй за.

Баярлалаа, мөсөн талбайн гайхамшигт эзэд минь

Л.САХИУС

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин