• Эхлэл
  • Л.Гантөмөрийн охиныг оруулж ирснээрээ МАН-ын пиар жинхэнээсээ "цөмөрлөө"

Л.Гантөмөрийн охиныг оруулж ирснээрээ МАН-ын пиар жинхэнээсээ "цөмөрлөө"

2023/05/24

Нийтлэлч Б.Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.

Боловсролын зээлийн сангийн хулгай дэлгэгдээд, Монголын төрийг насаараа зайдалсан МАН-ын “ах” нарын авсан, нуусан мөнгө ил гараад, илчлэгдээд ирсэн биш эрх баригч нам бачуурахдаа сөрөг хүчнийхээ намын даргыг барьж аваад “зодож” эхэллээ. Замын дундаас ингэж “мурих” байсан юм бол яах гэж анхнаасаа “шүгэл” үлээсэн нам, Засгийн газар вэ? 

Эхлээд "Хөгжлийн банкийг тоночихлоо" гэж шүгэл үлээсэн. Өөрсдийнхөө авсан зээл, банк бус руу хийсэн мөнгөө өдөрт нь төлчихөөд гараад явцгаасан. Одоо АН-ын дарга асан Н.Алтанхуяг гэдэг ганц хүнийг “шонд” өлгөчихөөд “АН хулгайлсан байна шүү харав уу, та нар” гээд ард түмэнд үзүүлээд зогсож байгаа. 

"Нүүрсний хулгай дэндлээ, 40 их наядыг хусчихсан байна штээ" гэж шүгэл үлээсэн. Эцэст нь “Хөгжлийн банкнаас туршлага авлаа. Нүүрсний сонсголыг хийвэл хууль зөрчих юм байна шүү” гээд хаалгыг нь хаацгаасан. Одоо Боловсролын зээлийн сан. Бас л Л.Гантөмөр гэдэг ганц хүнийг “шонд өлгөөд” нийтээрээ, нийгмээрээ балбаж байна. Яасан ч их мөнгөтэй нам юм, яасан ч олон троллуудтай юм. Тэр тусмаа гэр бүл, үр хүүхэд рүү чиглэсэн "субъектив" дайралт хэрээс хэтэрсэн тул үүнийг бичихэд хүрлээ. Л.Гантөмөрийн охин тэрбумтан, БЗС-гаас зээл авч болохгүй гэнэ дээ. 

Баян гэдгээрээ яг юуг илэрхийлээд байгаа юм. Инстаграм дээр зургаа тавиад, бүтээгдэхүүний сурталчилгаа хийгээд, эцэг эхээсээ хамаарахгүй өөрийгөө аваад явж байгаа жаахан охин л байна. Тэр охин монголчуудын, миний, таны ямар боломжийг хулгайлсан бэ, хэнийг хохироосон бэ? Тэр хүний хэнтэй суусан, өөрийгөө хэрхэн бий болгосон, яаж амьдардаг нь маньд ямар хамаатай вэ? Бид чинь эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа биз дээ. Хулгай хийгээгүй, хууль зөрчөөгүй л бол өөр өөрийнхөөрөө амьдрах эрхтэй биз дээ. Насаараа төр зайдалсан, төсвийн мөнгө, тендер, авилга, албан тушаалаар амьдардаг төрөөс төрсөн тэрбумтнуудын дэргэд хавьгүй гэгээн цагаан биш үү? Аав нь улстөрч учраас, АН-ын дарга учраас охин нь гэмтэн мэт гэлбэлзэж, буруутан мэт бусдаас нуугдаж явах ёстой гэсэн хууль хаана байна. 

Тэгээд ч эгчийнх сурсан зээл дүүд нь ямар хамаатай. Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурддаггүй байх аа. Харин ч Л.Гантөмөрийн охид хамаагүй эрт гараас гарчихсан, биеэ даачихсан юм байна л гэж харлаа. Энд нэг хэсэг нь “Хүүхдийнхээ авсан зээлийг хувиасаа төлж байгаа, хүнээс зээлээд төлчихнө өө” гэх мэтээр өөдөөс элдэвлээд сууж байхад тэнд айлын хүүхэд “авсан зээлээ өөрөө төлнө өө” гээд шүдээ зуугаад гадаадад ажиллаж байна. 

Гэтэл нийгмийн сүлжээнд олон дагагчтай дүүгийнх нь зургийг соошилд зориуд хаяж өгөөд, "Гантөмөрийн тэрбумтан охин БЗС-гаас авсан зээлээ төлөөгүй" гэж гэж хөөсрүүлж байгаад араас нь  "Л.Гантөмөрийн улс төр 2024 оноос өмнө дууслаа" ч гэх шиг... Жинхэнээсээ "пиар цөмөрнө" гэдэг нь болж байна. 

Улс төрийг ингэж хийхгүй ээ!  Хүний нялх хүүхдийг ийм бохир заваан юмандаа хутгахгүй ээ, МАНчид аа! Үйлийн үр нь үр хүүхэд дээр чинь ирнэ шүү! 

Уг нь бол Л.Гантөмөр гэдэг хүн дөрөвхөн жил Боловсролын сайдаар ажиллахдаа Монголын 1000 залуу инженерийн Япон улсад бэлтгэсэн. Тэд нь бүгдээрээ төгсөөд эх орондоо ирчихсэн. "Дэлхийн ТОП 100 сургуульд элсэлийн шалгалт өгөөд тэнцвэл төрийн зардлаар, улсын тэтгэлгээр сургана аа. Монголын ирээдүйг боловсролтой залуу үе нь авч явна шүү" гэж хэлсэн, хэлснээ хийсэн Боловсролын ганц сайд. Харин тэднээс хэд нь эргэж ирсэн, хаана ямар ажил эрхэлж байгаа, хэд нь гудамжинд яваа, хэд нь ажлын байр, ажиллах нөхцөл боломжгүй болоод гадагшаа гарсан бэ гэдгийг дараа дараачийн Боловсролын сайд нар хариулах ёстой. 

Боловсрол эзэмших нэг хэрэг. Эзэмшсэн боловсролыг нь эх орон нь үнэлдэг, ашигладаг байх чинь өөр асуудал. Үүнийг үргэлжилсэн том бодлогоор авч явдаг юмаа гэдгийг өмнө хэлсэн дээ. Тэрийг нь нутагшуулах хөрс нь байхгүй, боловсон хүчний бодлого үгүй, ажлын байрыг нь суллаж өгөхгүй, ашиглахгүй юм бол боловсролд оруулсан энэ хөрөнгө оруулалт элсэнд асгасан ус болоод л өнгөрнө. 

Харамсалтай нь, Л.Гантөмөрийн дараа ажил авсан сайд нар, ялсан нам, Засгийн газарт ийм бодлого, уураг тархи байсангүй. Эсрэгээрээ өөрсдөө давхиж ороод, үр хүүхдээрээ, намаараа нийлээд бүхэл бүтэн санг тоноод дууссаныг сая  харлаа. (Санг нь тоноод зогсохгүй ажлын байрыг нь булаасан. Солонгост очиж хар ажил хий, ийм л сонголт үлдээсэн) Зарим нь бүр тэтгэлгээ авчихаад сургуульдаа очоогүй, амьжиргааны зардлаа сангаас авч байсан, хувийн дансандаа хийсэн, яасан яасан гэнэ вэ. Чадах чадах чадахаараа, даах даахаараа л хулгайлсан байна. ЖДҮ-гээс 950 тэрбумыг гишүүн тус бүртээ өгсөн МАН Боловсролын сангаас хүн түс бүрт 32000 доллар тэгшитгээд тараасан байна. Нэг хүн, нэг хэсэг нь хулгайч байж болох ч бүхэл бүтэн намаараа яаж ингэж хулгайлдаг байна аа. Нөгөө сүрхий “шүгэл үлээгээд” байсан Ерөнхий сайд нь өөрөө сангийн хөрөнгийг “Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” гээд тараачихсан байна шүү дээ. Хэн үүнийг ярих вэ?

Тийм болохоор БЗС-г жинхэнээсээ цэвэрлэе гэж байгаа бол хэний хүүхэд хаана, хэдэн төгрөгөөр сурсан, яаж тэнцсэн, ямар оноо авсан, хэд нь зээлээ төлсөн, төлөөгүй, гэрээгээ зөрчсөн, зөрчөөгүй гэдгийг бүгдийг нь баримт нотолгоотой нь гаргаж тавиад хариуцлагаа ярь, сангаа цэвэрлэ. Тэгээд ийм сан байх ёстой юм уу, үгүй юу? Байвал яаж ажиллах ёстой юм гэдгээ нэг мөр цэгцэлж ав. (Юун нөгөө Үндсэн хууль өөрчлөх барих) Тэгэхгүй нэг, хоёр дээр нүдээ хурцалж байгаад нийтээрээ нүдээд, ард нь асуудлаа нуугаад, намаараа хамгаалаад үлддэг байж болохгүй.

Би хэрвээ шийддэг байсан бол, Л.Гантөмөр гэдэг хүнийг Монголын залуу үеийг “Сур, боловсор, сурсан мэдсэнээ эх орондоо үзүүл” гэснийх нь төлөө, тэр үүд хаалгыг нь нээж өгснийх нь төлөө дөрвөн хүүхдийг нь дөрвүүлэнг нь зээлээр сургана. Босгыг нь даваад орж ирж чаддаг л юм бол. Тэрсэж байгаа ч юм биш. Түмний хүүхдэд боломж нээж өгснийх нь төлөө өөрийнх нь ялгаварлагдаж болохгүй биз дээ.

inews.mn


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин