• Эхлэл
  • Д.Монголхүүгээс прокурор юуны учир бултав

Д.Монголхүүгээс прокурор юуны учир бултав

2023/06/08

Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цахим гав зүүх буюу тодорхой байршлаас гарахыг хориглох шийтгэл эдэлж буй Д.Монголхүү өнөөдөр өөрийн цахим сүлжээндээ маршрутыг өөрчлөх хүсэлт гаргасан боловч прокурорын байгууллагаас хариултыг нь өгөхгүй байсаар байгаа талаар мэдээлсэн. Ингээд ажлын цаг дуусахын өмнө буюу 17.00 цагт түүнтэй холбогдлоо. Тэрээр Баянзүрх дүүргийн прокурорын гадаа гурван цаг сууж байна гэсэн юм.

-Маршрут өөрчлөх хүсэлт гаргаснаас хойш ажилд ороогүй байхдаа ажлаас халагдчихлаа гэсэн байсан. Үүнээс хойш  прокурорын шийдвэр гарсан гэж ойлгосон. Харин та одоо яагаад энд сууж байгаа билээ?

-Прокурорын шийдвэрээ хүлээгээд л сууж байна. Би бүх бичиг баримтаа ном журмаар нь бүрдүүлээд зургадугаар сарын 1-нд ажилдаа очих ёстой байсан. Гэтэл шийдвэр гарахгүй байсаар өнөөдөр өглөө 08.00 цагт ажилдаа очих байсан ч мөн л шийдвэр гараагүйгээс ажилдаа орж чадсангүй. Гэтэл үдээс хойш шийдвэр гарсан гэсэн мөртлөө надад цаасаар өгөөгүй байна. Надад өөрт минь цаасан шийдвэр байхгүй тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх нь тодорхой. Маршрут зөрчсөн гээд дахиад л ял нэмнэ.  Өмнө нь ч хуурамж бичиг баримт бүрдүүлж, миний ялыг хорих ялаар сольж байсныг та бүхэн мэднэ шүү дээ.

-Одоо яая гэж бодож байна?

-Ямар ч гэсэн шийдвэрээ хүлээнэ дээ. Сая ахлах прокурортой уулзах хүсэлт тавьсан боловч бултаад алга болчихлоо.

Биднийг ийн ярилцах зуур түүний утас тасарч, холбогдох боломжгүй гэсэн хариулт өгч эхэлсэн. Одоогоор ямар нөхцөл байдалтай байгаа нь тодорхойгүй байна.

А.Туяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна