• Эхлэл
  • Сайд асан Б.Энх-Амгалангийн хэргийг прокурор хянаж байна

Сайд асан Б.Энх-Амгалангийн хэргийг прокурор хянаж байна

2023/06/09

Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгаланг Дарханы зам болон бусад асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ гэж АТГ-аас мэдээлснээс хойш чамгүй хугацаа өнгөрсөн. Дуулиант Дарханы замын асуудал мэдээж ойлгомжтой. Харин бусад гэдэгт нь ямар асуудал гэдэг нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байсан билээ. Тэгвэл сайд асныг Чойрын нүүрсний замын асуудлаар АТГ шалгасан бөгөөд тодруулбал Б.Энх-Амгалан нь албан тушаалаа урвуулан ашиглаж, “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон гэсэн асуудлаар АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Энэ нь олонтаа маргаан дэгдээж байсан Цогтцэций-Чойр чиглэлийн 470 км замын асуудал бөгөөд  энэхүү замын ашиглалтыг хариуцдаг   “Эко жишиг тээвэр”, “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-тай холбоотой тээвэрчдийн гомдлоос үүдэлтэй аж.  

Дашрамд сануулахад, Б.Энх-Амгалан Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2019.05.03-ны өдөр аймгийн төвийг нийслэлтэй, аймгийн төвүүдийг хооронд нь, аймгийн төвийг хилийн боомттой холбосон замуудыг улсын чанартай зам гэж Авто замын тухай хуульд тогтоосон атал дур мэдэн Цогтцэций-Чойрын нүүрс тээврийн замыг дур мэдэн улсын чанартай зам хэмээн 134 тоот тушаал гаргаж хууль зөрчсөн. Үүний цаана нүүрсний тээврийг будилаантуулж, зөвхөн хамаарал бүхий компаниудад давуу тал олгосон гэгдэж байсан юм.

Ингээд энэхүү асуудлыг АТГ шалган 2023 оны дөрөвдүгээр сард прокурорын байгууллагад шилжүүлсэн гэж мэдээлсэн. Энэ талаар бид Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад:

-Сайд асан Б.Энх-Амгалантай холбоотой хэргийг прокурор шалгаж байгаа бөгөөд одоогоор шийдвэр гараагүй байна гэлээ.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна