• Эхлэл
  • Ройтерс: ОХУ тайван байдлыг чухалчилж, барууныхан ажиглаж байна

Ройтерс: ОХУ тайван байдлыг чухалчилж, барууныхан ажиглаж байна

2023/06/27

ОХУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд “Вагнер” хувийн цэргийн байгууллагын цэргүүд Москва хот руу дөхсөн томоохон үйл явдал болж дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа. “Путины тогооч” хэмээн нэрлэгддэг Евгений Пригожины удирддаг “Вагнер” хөлсний цэргийн байгууллагын цэргүүд тус улсын нийслэлд 200 километр хүртэл ойртоод байв. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг барьц алдуулахад хүргэсэн энэхүү үйл явдал хэдий хэлэлцээрээр өндөрлөсөн ч цаашид хэрхэн өрнөхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Тэгвэл дээрх үйл явдлыг олон улсын хэвлэл мэдэээллүүдээр хэрхэн дүгнэж байгааг тоймлон хүргэе.

 

CNN: Путины дэглэм суларч байна

 

“Е.Пригожин Кремльтэй тохиролцсоноор Москвад мөргөлдөөн гарсангүй. Гэхдээ хэрэв тохиролцоонд хүрээгүй бол ОХУ-д иргэний дайн гарахад ойрхон байлаа” хэмээн CNN онцолсон байна. Мөн энэхүү үйл явдал Путины дэглэмд том өөрчлөлт болж  түүний хүч суларч байгааг илтгэж байна гэж бичжээ.

“Путин 2000 онд ерөнхийлөгч болсноосоо хойш засгийн эрхийг барьж буй бөгөөд түүний засаглал нь ЗХУ-ын коммунист удирдагч Иосиф Сталины дараа хоёрдугаарт бичигдэх хэмжээний өндөр байлаа. Гэхдээ Путиныг шүүмжилсэн хүмүүсийн учир битүүлэг үхлүүд, Украины дайныг эсэргүүцэгчид  зэрэг олон шалтгаан нь түүний дэглэмд сэв суулгасаар байна. Вагнерын бослого бол удаан хугацаанд дарагдсан эсэргүүцлийн илрэл, Путины сул талыг харуулж байна гэж ажиглагчид дүгнэв” хэмээн  CNN агентлаг мэдээлжээ.

 

Ройтерс: ОХУ тайван байдлыг чухалчилж, барууныхан ажиглаж байна

 

“Орос дотоодын тайван байдлыг чухалчилж, барууныхан В.Путины хүч суларч байгааг харж байна” гарчигтай тоймыг Английн Ройтерс агентлаг нийтэлжээ. Энэхүү үйл явдал бол 20 гаруй жил засгийн эрх барьсан Путины өмнө тулгарсан томоохон сорилт болсон бөгөөд барууныхан түүний хүч суларч байгааг анхааралтай ажиглаж байна гэсэн байв. Мөн тус нийтлэлд “Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украинд явуулж буй цэргийн ажиллагаанд оролцож буй Оросын цэргүүд дээр зочилсон тухай ОХУ-ын төрийн мэдлийн РИА агентлаг даваа гарагт мэдээлсэн боловч хэзээ, хаана гэдэг талаар  дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. ОХУ-д болсон үйл явдалтай холбогдуулан Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ-болон Канадын удирдагчидтай хоёр ч удаа утсаар ярьсан байна. Энэ үеэр ерөнхийлөгч Ж.Байден болон Ерөнхий сайд Т.Жастин нар Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгджээ.

 

BBC: “Путин цаашид юу хийх вэ”

 

“Путин цаашид юу хийх вэ” гэсэн гарчигтай нийтлэлдээ ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин өөрийн итгэлт түнш байсан Е.Пригожиныг эрүүгийн гэмт хэрэгт буруутгахгүй гэж мэдэгдсэнээс хойш олон нийтийн өмнө гараагүйг онцолсон байна. Польшийн парламентын гишүүн Редек Сикорски “ОХУ-ын ерөнхийлөгч энэхүү үйл явдлын дараа өөрийг нь дэмжээгүй хүмүүст хариуцлага тооцох, арга хэмжээ авч болзошгүй. Хэрэв ийм явдал болвол Путины дэглэм илүү харгис, хатуу болж байгааг батлах болно” хэмээн ярьжээ.

 Беларус улс хэр удаан Е.Пригожиныг хяналтандаа байлгаж чадах вэ. Пригожин зүгээр л яваад өгөх хүн биш. Тэр эргэж “ноцвол” Орос, Украин болон Беларуст томоохон асуудал үүсч болзошгүй юм гэж BBC бичсэн байлаа. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд гал намжаах байдлаар хийсэн энэхүү хэлэлцээрийн хугацаа хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй болохыг тэд анхааруулжээ.

 

Ассошейтэд Пресс: Олон асуулт хариу нэхсэн хэвээр

 

“Хэлэлцээрийн үед юу яригдсан, Е.Пригожин болон түүний цэргүүд цаашид яах бол гэдэг асуултууд хариулт нэхсэн хэвээр л байна. Кремль болон Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хэлэлцээрийн талаар мэдэгдсэн боловч Е.Пригожин, В.Путин хоёр аль аль нь чимээгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен NBC телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо "Орост маш олон хагарал бий болсныг бид харлаа” гэсэн юм. Хоёр өдөр өрнөсөн үйл явдал Украины дайнд хэрхэн нөлөөлөх нь ч одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ эцсийн эцэст энэ бүхэн Оросын төлөө тулалдаж буй хамгийн шилдэг хүчнүүдийг тулалдааны талбараас татан буулгахад хүргэсэн” хэмээн дүгнэжээ.

 

Аль Жазера: Москвагийн стратегийн том алдааг харууллаа 

 

Орост Вагнерын хөлсний бүлэглэлийн бослого гарсан нь Москва Украины эсрэг дайн хийснээрээ стратегийн алдаа гаргасныг харуулж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв. Тэрбээр Литвийн нийслэлд айлчлах үеэрээ “Амралтын өдөр болсон үйл явдлууд бол Оросын дотоод асуудал бөгөөд ерөнхийлөгч Владимир Путин Крымийг хууль бусаар нэгтгэж, Украины эсрэг дайн хийснээрээ стратегийн том алдаа гаргасны бас нэг нотолгоо юм” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Орчуулсан Б.НАНДИН


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин