ХУДАЛДАА, ЛОГИСТИК, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖСӨН ХОТЫН ШИНЭ ТӨВ
- "СОНГИНОХАЙРХАН РУУ НҮҮЕ"
Тун удахгүй хотын төвийнхөн, 40, 50 мянгат, Их, Бага тойруугийнхан, мөн Чингэлтэй, Хайлааст, Зуун айлынхан бүгд "Сонгинохайрхан руу нүүе" гэдэг болно. Зайсангийнхан ч тэр чигээрээ баруун тийш хошуурна. Хотын төв гэдгийг Сүхбаатарын талбай тойрсон хэдэн байшин гэж төсөөлдөг цаг өнгөрнө. Сонгинохайрханы энгэр бэлийг түшсэн хотын шинэ төв хүн, машины хөдөлгөөн ихтэй олны хөлийн газар болно. Энэ бол мөрөөдөл биш төсөл, мөдхөн хэрэгжих төлөвлөлт. Энэ тухай дэлгэрүүлэн өгүүлье...
- АВТОХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОР
Авто замын түгжрэл нийслэлийнхний хоолой дээр тулсан, хойшлуулашгүй тулгамдсан асуудал болоод удав. Алхам тутамд мэдрэгдэж байгаа нь энэ болохоос биш хүн амын төвлөрөл, нягтрал суурьшилтай холбоотой олон хүндрэл бий. Тиймээс Улаанбаатар хотыг дор хаяж зургаан дэд төвтэй болгон хөгжүүлж, төвлөрлийг нь сааруулах ёстой. Ийм төлөвлөлт ч байгаа. Яармаг руу хотын захиргааг нүүлгэж байгаа нь энэ л бодлогын нэг хэсэг. Түүнчлэн нийслэл хот баруун тийшээ тэлж хөгжих хамгийн өргөн боломжтой. Хотын шинэ төвийг Сонгинохайрхан дүүрэг гэж төлөвлөж, тооцоо судалгаа ч хийж байсан. Тооцоо, судалгаа, төлөвлөлт хийх нэг хэрэг. Харин түүнийг бодит ажил хэрэг болгох чухал. Ингэхийн тулд бодитой судалгаа, хэрэгтэй. Ийм төлөвлөлтийн нэг жишээ нь Олон улсын худалдаа, логистикийн төвөөс боловсруулаад буй төслүүд аж. Тус төвийн талаар товч мэдээлэл хүргэхэд 2014 онд байгуулагдсан "Авто худалдааны цогцолбор" ОНӨҮГ-ыг 2018 онд НИТХ-ын шийдвэрээр "Олон улсын худалдаа, логистикийн төв" ХК болгон өөрчлөн байгуулсан юм байна. Анх байгуулагдахдаа зөвхөн нийслэл хот доторх авто машин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгсэл худалддаг зах, цэгүүдийг нэгтгэх зорилготой байсан бол дөрвөн жилийн өмнөөс үйл ажиллагааны цар хүрээ нь илүү өргөн, олон талтай болсон гэсэн үг. Гэхдээ мэдээж тус төвийн үйл ажиллагаа нийслэлийн агаар хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулахад чиглэсэн хэвээрээ.
Өнгөрсөн хугацаанд тус төв 20,4 га талбайд 6,375 автомашины зогсоол, цахилгааны дэд станц, агаарын шугам, шилэн кабель, гэрэлтүүлэг, хяналтын камер, зөөврийн сууц, хашаа, худаг зэргийг бүтээн байгуулаад байгаа аж.
- ТҮГЖРЭЛИЙГ СААРУУЛАХ ТҮЛХҮҮР
Олон улсын худалдаа, логистикийн төв 2021-2025 оны хооронд нэн тэргүүнд хэрэгжүүлэх долоон төсөл боловсруулжээ. Үүнд: "Хангарди терминаль" төсөл, “Төмөр замын гаалийн хяналтын бүс” төсөл, "Улаанбаатар экспо" үзэсгэлэнгийн танхим, Авто сэлбэг, тос тосолгооны материал, дагалдах хэрэгслийн бөөний төв, “Хүнс барааны бөөний худалдааны төв” төсөл, "Шувуут нуур" төсөл, “Мод үржүүлэг, нуурын тохижилт” хамгаалалтын бүс тогтоох, зураглал гаргах төсөл багтжээ.
Эдгээр төсөл цогцоороо хэрэгжих аваас нийслэлийн баруун дүүрэгт тээвэр логистик, гаалийн хяналтын бүс, олон улсын худалдаа, үйлчилгээний төв, аялал жуулчлал, амралт чөлөөт цагийн эко цогцолбор бүхий цоо шинэ төв бий болно гэж тооцоолжээ. Төсөл бүрийг задлан ярих юм бол бүхэл бүтэн илтгэл тавих хэрэг гарна. Онцлох заримаас нь дурдахад "Хангарди терминаль” төсөл бол яах аргагүй цагаа олсон, даацтай, олон талын ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болох аж. Хамгийн наад зах нь уг терминаль байгуулагдсанаар Таван шар, Сүлжмэл орчмын Энхтайваны өргөн чөлөөний авто замын түгжрэл буурна. Албан ёсоор 31-хэн автобусны зогсоолтой атлаа өдөрт 14 аймгийн 800 гаруй хот хоорондын зорчигч тээврийн автобус хүлээн авдаг “Драгон” төвийн дуу чимээ, хөдөлгөөний нягтрал, орчны бохирдол, түгжрэл зэрэг түмэн бэрхшээл, мянган зовлон үгүй болно. байхгү. Угаасаа "Драгон" төвийг “Хангарди” терминаль руу нүүлгэнэ гэсэн үг. Баруун болон төвийн 16 аймгийг холбосон 100 автобусны зогсоол, 16900 метр квадрат талбайтай оффисын барилга, үйлчилгээний талбай, 300 авто машины зогсоол, нийтийн тээврийн дулаан зогсоол зэргийг цогцоор нь төлөвлөжээ.
- АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДААНЫ ШИНЭ БҮС
Улаанбаатарын томоохон үзэсгэлэнгүүд "Мишээл экспо"-д л болдог. Нийслэлд томд орох уг төвийн талбай ердөө 2376 ам метр. Энэ нь олон улсын стандарт шаардлага хангадаггүй. Өөрөөр хэлбэл манай нийслэлд Олон улсын үзэсгэлэн, хурал, эвэнт, хүлээн авалт арга хэмжээ зохион байгуулах цогц төв байхгүй гэсэн үг юм. Харин "Олон улсын худалдаа, логистикийн төв" ХК-ийнхний боловсруулсан төслөөр бол шинээр баригдах үзэсгэлэнгийн танхим нь 10500 ам метр буюу "Мишээл экспо"-гоос дөрөв дахин том барилга, зоорийн давхартай дөрвөн давхар байгууламж баригдах юм. Үүнийг дагаад олон улсын үзэсгэлэн худалдаа, эвент арга хэмжээнүүд тасралтгүй зохион байгуулагдах боломж бүрдэнэ. Гадаад дотоодын жуулчдын урсгал ч Сонгинохайрхан руу чиглэнэ. Энэ хэсэгт Нийслэлийн иргэдийн хөл хөдөлгөөн ч тасралтгүй хөрвөөх аж. Тиймээс банк, татвар, даатгал, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, авто машины улсын дугаарын үйлдвэр, нотариат, авто машин худалдаа, түүний дагалдах сэлбэг хэрэгслийн худалдаа, техникийн хяналтын үзлэгийн төв буюу авто оношлогооны газар, бөөний худалдааны төв, цайны газар, нийтийн бие засах газар, автомашины угаалга, дугуй засвар, автомашины засварын газар зэргийг цогцоор нь шийдэх төлөвлөлт гаргажээ.
Сонгинохайрханы өвөрт орших Шувуут нуурыг л гэхэд орчны бохирдол, экологийн доройтлоос нь урьдчилан сэргийлэх, нүүдлийн болон суурин шувуудыг нь хамгаалах замаар бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийж аялагч, жуулчдын очих амралт, чөлөөт цагийн бүс болгох, уг нуурыг түшиглэн мод үржүүлгийн газар байгуулах төсөл боловсруулжээ.
Сэтгэгдэл байхгүй байна