Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны энэ сарын 13, 14-ний хурлаар эдийн засаг, банк, санхүү, зах зээлийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан, бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Энэ шийдвэр нь инфляцыг зорилтот түвшид бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа аж. Жилийн инфляц өнгөрсөн сард улсын хэмжээнд 8.6, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарсан байна.
Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ, тээврийн зардлын өсөлт саарч байгаагаас гадна сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгснөөр инфляц ийнхүү буурчээ. Гэвч төсвийн зардал, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт ирэх онд үргэлжлэхээр байгаа нь эрэлтийн талын нөлөөг нэмж байгаа. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, эдийн засгийн өсөлт энэ оны эхний 3 улиралд хүлээлтээс өндөр байв. Уул уурхайн салбарын сэргэлтийг дагаад тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл идэвхжсэнээс гадна бодит орлогын өсөлтийг даган өрхийн хэрэглээ сэргэж байна. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл сайжирч, төсвийн зардал тэлэхээр байгаа нь эдийн засгийн өсөлтийн төлөвт эерэгээр нөлөөлнө. Ойрх-Дорнодод үүссэн хурцадмал байдал нь глобал эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдлыг нэмлээ. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин, инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг хэрэгжүүлэхийг төв банк мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна