• Эхлэл
  • М.Энхболдыг сонгуульд ялуулах бооцоог яагаад ТӨР төлөх ёстой гэж?

М.Энхболдыг сонгуульд ялуулах бооцоог яагаад ТӨР төлөх ёстой гэж?

2023/12/25

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Төрийн банкны 20 тэрбум төгрөгийг Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө, ганцхан өдрийн дотор таван хүн тойрч гарын үсэг зураад “Шинжиан Шинфа” компанид гаргаад өгчихөж билээ. Мэдээж үүнийг зээл болголт гэж үзэхгүй, хохирол учруулсан болохыг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоож энэ шийдвэрийн дагуу 2020 оны 4 дүгээр сард “Шинжиан Шиньфа” компани Төрийн банкны 20 тэрбум төгрөгийг эргүүлэн төлсөн гэх мэдээллүүд цацагдаж Төрийн банк ч үгүйсгэсэнгүй. Харин хүү нь 15 тэрбум төгрөгөөр яригдаж байгаа ч уг асуудал иргэний хэргийн шүүхийн шатанд яваа гэх мэдээлэл өгөөд өнгөрөв. Энэ хэргийн хамгийн зэвүүн нь юу гээч? Хятад компани “Шинжиан Шиньфан” энэхүү 20 тэрбум төгрөгийг Төрийн банкинд төлж байгаа хэрэг биш! Монгол компаниуд төлнө! “Шинжиан Шиньфан” компанид өртэй байсан монгол компаниуд энэ 20 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан байдаг юм. Тэдгээрийн нэрийг Банкны тухай хуульд заасны дагуу нууцална! Энд юу юу болоод өнгөрсөн бэ?

Тэгвэл яг үүнтэй адилхан асуудал үүсч ужиграад маш том лобби яваа нь харагдаж эхэллээ. Харамсалтай нь үүнд ШШГГ-ын удирдлага, цаашилбал ЕТГ-ын дарга Я.Содбаатар оролцсон байж болзошгүй нөхцөл байдал харагдав. (Б.Нямжав ЕТГ-ын дарга Я.Содбаатар нар морины нэг уяаны найз нөхөд юм байна) 

Ингээд Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр Монгол Улсын манлай уяач, олны сайн мэдэхээр “Богд хээр”-ийн эзэн Б.Нямжав нь “Эм Жи Эл корпораци” ХХК-ийнхаа нэр дээр манай томоохон банкнаас 10 тэрбум гаруй төгрөгийг зээлсэн байдаг. Гэтэл “бооцоо”-ны гол эзэн, нэр дэвшигч М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Банкны зээлийг төлж л таарна. Монгол хүн болсон хойно мөрөөрөө төлчихгүй шүүхдэж таарав. Ингээд Б.Нямжавын “Эм Жи Эл корпораци” Худалдаа хөгжил тэргүүтэй банкуудад 10 гаруй тэрбум төгрөг төлөхөөр болж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Үүний хажуугаар их “заваан” юм болж.

 Та бидний сайн мэдэх “Лениний музейн” байрыг Нийслэлийн МАН-ын байр болгож авсан байсныг нь төрөөс хурааж аваад “Батаар” гэгч динозаврын музей болгосон доо. М.Энхболдыг сонгуульд уяад ялагдсан манлай уяач Б.Нямжав тэр үеэр Лениний музейг МАН-аас ерөнхий түрээслэгч нэрээр авчихсан , өөрийн “бар”-ыг оруулчихсан байжээ. Гэтэл манай “бар” байрлаж байсан байрыг хураачихлаа, олох байсан ашгийг төр төлөх ёстой гэж шүүхдээд Дээд шүүхийн иргэний танхимаар шийдвэрлүүлээд ялсан байгаа юм. Мэдээж шүүхийн шийдвэрийг биелүүлэх болов. Эхний 5 тэрбум төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны төсвөөс гаргаж өгөв. Гэхдээ энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга нь 22280555/151-06 тоот тогтоол гаргаад Төлбөр төлөгч “Эм Жи Эл Корпораци” ХХК, “Чоко метрополис” ХХК, “Кастл цогцолбор” ХХК, “Сэт клуб” ХХК-уудын бүх банкин дахь дансуудыг битүүмжилсэн хязгаарлалтыг цуцлуулж байгаад мөнгөө төсвөөс авчээ. 

Үүнээс хойно 4 хоногийн дараа төлбөр авагчид энэ тухай мэдэж банкин дахь дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн шаардлага нийт 10.5 тэрбум төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, данс нээх, хаах, эзэмших эрхэд  хязгаарлалт тогтоохыг даалгасан 2023 оны 12 дугаар сарын 25-ны 22280555/151 тоот тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гаргуулсан байна. Энэхүү тогтоолын дагуу битүүмжлэгдсэн данснаас 5.0 тэрбум төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Голомт банк дахь 3405133858 дансанд шилжүүлжээ.

Ийм явдал болоод байна. Өөрөөр хэлбэл уяач Б.Нямжавын Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг дэмжиж өгсөн сонгуулийн зардлыг төр төсвөөсөө шийдэж Шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа нь харамсалтай. Гэтэл өртэй этгээдийн дансанд орж ирж байгаа мөнгийгшүүхийн шийдвэрээр авлагатай, шийдвэрийг нь албадан гүйцэтгэх шүүхийн шийдвэртэй банкны зээлийн өрийг төлөх зориулалтаар нь биш, төлбөр төлөгч Б.Нямжавт өөрт нь олгуулах гээд дарга нар нь мундагдаад байгаа нь бүр ч ноцтой хэрэг байгаа биз. 

Яагаад ШШГЕГ үүнд оролцож мөнгөө дангаар авах нөхцөлийг бүрдүүлэв гэдэг нь анхаарал татна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2023 оны 12 дугаар сарын 18-ны А/418 тоот тушаалын дагуу “Төрийн байгууллага, ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирлын нөхөн төлбөр гэдэг ангиллаар эхний 5 тэрбум төгрөгийг “Эм Жи Эл Корпораци” ХХК-д шилжүүлсэн байгаа юм. Б.Энхбаяр сайдын дээрх тоотын дагуу шийдвэр гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ШШГЕГ-ын удирдлага идэвхтэй оролцсон байж болзошгүй гэж хардаж болохоор байна. 

Тэгэхээр манлай уяач Б.Нямжав гэх иргэн бусад иргэнээс илүү эрх эдэлж, зөвхөн өөрийн компанид зориулсан тогтоол шийдвэрүүд гаргуулж эхний 5 тэрбум төгрөгөө ч, ирэх оны төсвөөс үлдсэн мөнгөө ч гаргуулж авах нь хэр зохимжтой вэ? 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд банкнаас зээл авч дэмжээд, нэр дэвшигч нь ялагдчихсны дараа төсвөөс мөнгө зувчуулж, тэр ч байтугай төрөөс төлсөн мөнгийг нь иргэн Б.Нямжав банкны зээлээ төлөхгүй өөртөө авахаар ийнхүү бужигнуулж байна. Энэ мэт сонгууль тойрсон мөнгөний будлиан хэзээ дуусах вэ? Цагдаагийн байгууллага, АТГ, ийнхүү бусдаас давуу эрх эдэлсээр, эдлэхээр мундагдуулж яваа иргэн Б.Нямжавыг, түүнд давуу байдал олгосон нөхцөл байдлыг үүсгэхээр оролдож байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага, түүнийг харъяалах ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр яагаад ийнхүү улайран хууль зөрчих гээд байгааг анхаарч шалгах ёстой гэж үзэж нийтэд мэдээлж байна.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин