• Эхлэл
  • Сайжруулсан шахмал түлшний асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Сайжруулсан шахмал түлшний асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

2023/12/28

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтын санаачилгаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, сайжруулсан шахмал түлшний асуудлаарх “Иргэний үг” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тодруулбал, 2018 оноос хойш нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхүүдийн дулааны хэрэгцээг хангаж байгаа сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн стандарт, чанар, иргэдийн эрүүл мэнд, агаар, орчны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар төрийн холбогдох байгууллагуудын газар, хэлтсийн дарга нараас мэдээлэл тайлбар авч, иргэд санал шүүмжээ хэллээ.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын ХШХ-ийн дарга Б.Угтахбаяр, НЭМГ-ын мэргэжилтэн Л.Түвшинбаяр, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал, “Таван толгой түлш” ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат, Ерөнхий технологич Х.Галынбек нар оролцсон юм.

Тухайлбал, НЭМГ-ын гамшиг, нийтийг хамарсан ноцтой байдлын үеийн болон шуурхай хариу арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Л.Түвшинбаяр утаажилтаас үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд учирч байгаа хохирол, хүндрэл бэрхшээлийн талаар өгсөн мэдээлэлдээ “Архаг хордлогыг бүртгэдэггүй бөгөөд стандартгүй. Зөвхөн цочмог хордлогын үеийн эмчилгээний стандарт байдаг. Үүнд 2013 онд баталсан стандартаар зөвхөн цусан дахь карбоксины хэмжээгээр хөнгөн, дунд, хүнд гээд заачихсан. Гэтэл Түргэн тусламжийн төв л гэхэд өнөөдөр карбоксин хэмжигчгүй байна” хэмээв. 

Үүнээс гадна агаар дахь хорт дэгдэмхий бодисыг хэмжих боломжгүй, сайжруулсан түлшний барьцалдуулагчид стандарт байдаггүй, мидлингийг сайжруулж, цааш хөгжүүлэлт хийх боломжгүй, хүхрийн хий түүхий нүүрс хэрэглэж байснаас ихэссэн, агаарын бохирдлыг үүсгэгч бодисоос зөвхөн 7-8 төрлийг л хэмжих боломжтой, цахилгаан тасарсан үед агаарын чанар хэмжигч суурин харуулууд ажилдаггүй, угаарын дуудлагын тоо нэмэгдэж, хордсон болон нас барсан иргэдийн тоо нэмэгдсэн, Засгийн газраас 2018 онд баталсан түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол хэрэгжихгүй байгаа зэрэг асуудлуудыг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Утаанаас болж Улаанбаатар хотод хавдын асуудал, эрүүл мэндийн асуудал үүсчихсэн гэдгийг ХСҮТ-ийн эмч нар хэлж, сануулсаар байна. Магадгүй 10, 15 жилийн дараа Улаанбаатар хотод яг энэ утаан дунд төрж өссөн хүүхдүүдийн эрүүл мэнд хохирох юм бол, хавдар гэх аюултай өвчнөөр өвчилсөн тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ, гэдэг асуулт хурцаар тавигдана. Өнөөдөр та нар тоо, статистик яриад сууж байна. Сайжруулсан шахмал түлш ямар ч хоргүй гэлээ. Бодит нөхцөл байдал тийм биш байна. Тиймээс бид нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа сайжруулсан шахмал түлшний асуудлыг онцгойлон хөндөж, цаашид холбогдох дарга нараас хариуцлага нэхэх болно” хэмээн сануулав.

Тэгвэл иргэдийн зүгээс цаашид сайжруулсан шахмал түлшний хэрэглээг халж, цахилгаанд шилжих шаардлагатай бөгөөд түлшээр бизнес хийж, хувьдаа хөрөнгө завшсан дарга нарт харуицлага тооцож, үйлдвэрлэлийн чанар, стандартыг шинэчлэх шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин