• Эхлэл
  • С.Мөнхбат: 22-ын авто төв нийслэлийн түгжрэлийг 20% бууруулна

С.Мөнхбат: 22-ын авто төв нийслэлийн түгжрэлийг 20% бууруулна

2024/01/18

“Олон улсын худалдаа логистикийн төв” буюу олны нэршиж заншсанаар 22-ын товчооны авто төвийн захирал С.Мөнхбатын ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө танай хамт олон “Гранд авардс” нэр хүндтэй шагнал авсанд баяр хүргэе. Өнгөрсөн жилийнхээ ажил, амжилтыхаа талаар товч мэдээлэл өгнө үү?

-Баярлалаа. Өнгөрсөн 2023 он ажил бүтээлээр өндөр байлаа. Ялангуяа 1,5 тэрбум төгрөгний өрийг дарж, 150 сая төгрөг үлдсэн. Эдийн засаг санхүүгийн хувьд хэмнэлээ. Улсын үйлдвэр, орон нутгийн өмчит газруудыг ашиггүй ажилладаг гэж шүүмжилдэг. Бид бол төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр яаж өр дарж болдог, яаж ажилчдынхаа цалин нэмж болдог гэдгийг харуулсан. Дээр нь бүтээн байгуулалт, үйлчилгээний хүртээмжээ сайжруулж ажилласан нь олон нийтэд, хэвлэл мэдээлэлд ил байсан учраас нэр хүндтэй шагнал авсан гэж бодож байна.

-Танай төв төвлөрлийг бууруулах, цаашдаа дэд бүтцийг хөгжүүлэх онцгой төсөл. Одоогийн байдлаар төслийн явц ямархуу байна гэж бодож байна?

-Нийслэлээс барааны бөөний төв, гаалийн баталгаатай болгох хоёр төслийн ТЭЗҮ хийх мөнгө шийдэж өгсөн. Манайд Драгоныг нүүлгэх, Хангарьд терминал төсөл, хүнс барааны бөөний төв төсөл, амралт чөлөөт цагийн Шувуут нуурын төсөл, гаалийн баталгаат агуулах болон үзэсгэлэнгийн танхим гээд цогц төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

Энэ маань баруун аймгаас бараагаа татах, дайвар өгөх, буцах том машинуудын түгжрэлийг шийдэх боломжтой. Олон хотуудын жишгээр шөнийн бөөний төв бий болно. Аль ч аймгаас хэдэн цагт ч хүрээд ирсэн бараагаа ачаад буцаад явчихдаг. Дээрээс нь хотын төв рүү орохгүйгээр зочид буудал, үйлчилгээ, хүнс бараа, барилгын материал, автомашины сэлбэг гээд бүх зүйлээ шийдээд буцаад аймаг руугаа явчихдаг байвал хэн хэнийхээ хэрэгцээг хангаж байгаа юм.

Ийм сайхан л үйлчилгээ хийхийг бид зорьж байна. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхээр Зам, тээврийн яам, УБТЗ-аас ажлын хэсэг гарган хэрэгжих боломжтой гэсэн ажлын дүгнэлт гарсан. Бид төслүүдээ хэрэгжүүлэх алхмуудаа бага, багаар нь хийгээд явж байна. Төр хувийн хэвшил, эсвэл гадны хөрөнгө оруулалтаар нээлттэй зарлаад төслүүд хэрэгжих боломжтой.

-Баруун аймгуудын нийтийн тээврийн асуудалд тодорхой төлөвлөлт байсан санагдаж байна. Автобусны зогсоолыг танайд төвлөрүүлэх ажил хэр явцтай байна вэ?

-22 руу Драгоныг нүүлгэнэ гэсэн ЗГ-ын хурлын тэмдэглэл гарсан. Одоо аандаа дэд бүтэц хөгжөөд, худалдааны төвүүд нэмэгдэхээр хүссэн, хүсээгүй 16 аймгийн иргэд үйлчилгээгээ нэг дороос шийдүүлээд буцаад явах боломжтой. Дэлхийн олон том хотуудын жишгээр шөнийн бөөний төвүүдийг байгуулна. Энэ төслүүд хэрэгжвэл Улаанбаатар хотын түгжрэлийг 20% бууруулах боломжтой.

- Хэр хугацаанд энэ төслүүд хэрэгжиж эхлэх бол? Одоогийн байдлаар тооцоолж үзвэл?

-Дэд бүтцийн үлдэгдэл мөнгийг нийслэлийн төсөвт суулгаж өгсөн. Дэд бүтэц орж ирж байж төсөл урагшилна. Онцлог нь гэвэл Улаанбаатарт баруун, зүүн гээд хоёр талаасаа ачаа тээвэр орж ирдэг. Зүүн талд Дорнод, Хэнтий, Сүхбаатар гээд хэдхэн аймаг, үлдсэн дийлэнх аймгийнхан баруун талаас орж ирдэг.  Тэгэхээр баруун аймгууд хүнс, бараагаа татах, ах дүү рүүгээ ачаа хүргэдэг үйлчилгээг манай 22-руу буюу хотоосоо гаргаад шийдчихвэл энэ асуудал цэгцрэх, түгжрэлд маш том нөлөө үзүүлэх юм.

-Та урт биш хугацаанд энэ байгууллагыг толгойлж байна. Хоёр жилийн хугацаанд хийсэн таны гол ажил юу вэ?

-Би хоёр жилийн өмнө энэ ажлыг авахад хамгийн түрүүнд айж байсан зүйл өр байсан. Төвөөс зайтай учраас хүний нөөц, боловсон хүчний асуудал бас төвөгтэй байсан. Одоо манай ажилчид тогтвортой ажиллаж, өрөө ерөнхийд нь дараад дуусч байна.

Тэнд хөгжил аваачих гэсэн мөрөөдөл маань бага, багаар биелж байна. Бид иргэд, бизнес эрхлэгчидтэйгээ хамтраад 22-ын авто худалдаа цогцолборын зар сурталчилгаагаа 16 аймагт хүргэх гэж байна. Ингээд манай тэнд амьдрал өрнөөд, үйл ажиллагаа сайжраад бизнес эрхлэгчдийн ч, манай орлого мөн адил ихсээд ирвэл бидний мөрөөдөл биелнэ. Миний энэ байгууллагыг авсан хэрэг бүтнэ. Амьд явсаны хэрэг бүтнэ гэдэг шиг өргүй болгоод дараагийн дарга ирвэл нүүр бардам хүлээлгээд өгвөл хэрэг бүтнэ гэж бодож байна.

-Одоо зогсоол дээр хэдэн машин худалдаалагддаг вэ? Даацаараа байгаа юу.

-2 жилийн өмнө 700 машинтай байсан. Яг одоо цагаан сарын өмнөх таталтууд ихэссэн, өнөөдрийн тооллогоор 3576 машин байна гэсэн байна. Манайх бусад захыг бодвол машинаа шахаж тавьдаггүй. Хүйтэнд машинаараа тойроод үзчих боломжтой, их онцлогтой, сэлүүхэн. Баруун аймгуудаас ирж байгаа хүмүүс цаг алдалгүй манайхаар ороод дугаар, АТҮТ, даатгал, зээлээр авах боломжтой ББСБ-ууд гээд автомашинтай холбоотой бүх асуудлын шийдэл, дээр нь хурдан нэг цэгийн үйлчилгээ манайд бий.

-Та СХД-ийн иргэдийн төлөөлөгч. Иргэдийн чиглэлээр ямар ажил хийж байгаагаа танилцуулна уу?

-Би тойрог сэлгэлгүй нэг хорооноосоо 4 сонгогдож байна. Ерөнхийдөө их хурал, нийслэл, дүүрэг, доошоо хорооны иргэдтэй холбоо сайтай ажилладаг. Том ажлуудыг УИХ-ын гишүүд, дунд шатны ажлыг нийслэл, бусад асуудлаа бид өөрсдөө хүчээрээ зохицуулаад зовлон жаргалаа сонсоод шийдэх боломжтой асуудал юу байна гээд шийдээд явдаг. Ганц нэг улсын том бүтээн байгуулалттай холбоотой толгой өвтгөсөн асуудал бий. Дарханаас орж ирдэг замд анх зургийг нь хийхдээ иргэд, анхан шатны байгууллагаас санал аваагүй, хол явж байж буцаж эргэдэг, үзэгдэх орчин хязгаарлагдсан, автобусны буудал, явган хүний гарц байхгүй, дундуур нь урт бетонон хаалттай, эрдэнэт хүний амь нас үрэгдэх, осол аваар гарах асуудал байна. Энэ чиглэлээр бид бас Зам, тээврийн яам руу бичиг явуулж, уулзалт зохион байгуулж энэ чиглэл рүү ажиллаж байна.

-Баярлалаа. Та бүхэнд дахин амжилт хүсье.

Видео ярилцлагыг дор дарж үзнэ үү.

"Олон улсын худалдаа ложистикийн төв" Grand awards хүртлээ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин