Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусчээ. Шинэ театр нийт 850 хүний багтаамжтай бөгөөд хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болохоос гадна номын сан, кафе, дугуйлан, сургалтын үйлчилгээтэй. Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээж, байнгын үйл ажиллагаатай болгохоор төлөвлөсөн байна.
Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ аваад буй. Харин шинэ театрын даргаар "Шинэ үе" продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболдыг 2022 онд томилсон аж.
Улсын театрт 110 уран бүтээлч, ажилтан ажиллах гэнэ. Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг “Аглут” компани 2019 онд эхлүүлсэн юм.
Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. Гэвч 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр найруулагч И.Нямгаваад хувьчилсан байна. Улмаар театрын үйл ажиллагаа зогсч, өдийг хүртэл хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болсон.
Монголын жүжгийн урлагийн үе үеийн нэрт төлөөлөгчид болох олон гайхалтай уран бүтээлчид тус театрт ажиллаж байсан бөгөөд найруулагчдаар Ө.Рэнцэнноров, С.Гэндэн, А.Цэрэндэндэв, Д.Лхасүрэн, С.Сугар зэрэг урлагийн гавъяатууд ажиллаж байжээ.
Мөн Ардын жүжигчин А.Очирбат, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн, С.Мандах, Ч.Авирмэд, Ц.Цэнд-Аюуш, Ж.Сүххуяг нарын 100 гаруй уран бүтээлч театрт бүтээлээ туурвиж, Мольерын “Шунал”, Шекспирийн “Ромео, Жульетта” гэх мэт олон гайхалтай дэлхийн сонгодог зохиолууд болон Монголын зохиолчдын шилмэл бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан түүхтэй.
Сэтгэгдэл байхгүй байна