• Эхлэл
  • Гадаадын хөрөнгө оруулалт

Гадаадын хөрөнгө оруулалт

2024/01/23

Урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хэрхэн сайн удирдах нь улс орон бүрт хамгийн чухал асуудал байдаг. Тэгвэл улс орны эдийн засгийг өсгөх нэг чухал эх үүсвэр нь гадаадын хөрөнгө оруулалт байдаг. Ялангуяа санхүүгийн нөөц дутагдалтай манайх шиг улсад гадаадын хөрөнгө оруулалт хамгийн их хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн орлогын нэг хэсэг гадаадад гарах боловч санхүүгийн гадаад эх үүсвэр нь тус улс орны үйлдвэрийн чадавхыг өсгөх ба үйлдвэрлэлийн түвшин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлдэг. Бүхэлд нь авч үзвэл гадаадын хөрөнгө оруулалт тухайн улс орны хөрөнгө санхүүг нэмэгдүүлж, шинэ менежмент, ноу-хау, шилдэг техник, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хүний нөөцийг чадавхижуулах, зах зээлийг өргөтгөдөг гээд маш олон давуу талыг бий болгодог. Мөн гадны компанийн үйл ажиллагаа нь хүчтэй өрсөлдөөн бий болгож, үйлдвэрийн чанар, стандартыг сайжруулдаг. 

Манай улсын хувьд авч үзвэл гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт нь 2011 оны эдийн засгийн өсөлтөд хамгийн ихээр нөлөөлсөн гэж олон судлаачид үздэг. 2018 оны байдлаар улсын төсвийн татварын нийт орлогын 23.1 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын татвар эзэлж байсан. Өнгөрсөн зууны хамгийн том төсөл болох Эрдэнэт үйлдвэр мөн л гадаадын хөрөнгө оруулалтаар боссон. Монголын төмөр зам, Говь ноолуурын үйлдвэр гээд бүхий л том аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулалтаар бий болсон түүхтэй. Сүүлийн арван хэдэн жилд манай эдийн засагт хамгийн том хувь нэмэр оруулж байгаа Оюу Толгой төсөл бас гадаад хөрөнгө оруулалтаар боссон. 

Дэлхийн улс орнууд гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо тогтвортой явуулж, үргэлж сайжруулж ажилласаар. Улс орнуудын хооронд гадаадын хөрөнгө оруулалт татахын төлөөх өрсөлдөөн байнга өрнөж байна. Гэтэл өнөөдөр манайд гадаадын хөрөнгө оруулалтад чөдөр тушаа болдог төрийн бодлогын тогтворгүй, ойлгомжгүй байдал, авилга хүнд суртал, хэт үндсэрхэг үзэл, улс төрчдийн популизм улам газар аваад байна. Манай улс Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индексээр 2018 онд 128 орноос 74 явж байсан нь маш тааруу үзүүлэлт. Энэ тоог бид тухайн үед хэвлэлээр яриад хэсэг шуугиад өнгөрсөн. Өнөөдөр бодит нөхцөл байдал тэр үеийхээс улам дордсоор байна. 

Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татсан, хөрөнгө оруулагч нарт ээлтэй найрсаг улс болно гэж 30 жил ярилаа. Жил болгон том хэлэлцүүлэг хийж, улмаар хэвлэл мэдээллээр лоозон болгож давтан ярьдаг зүйлсээ ажил хэрэг болгож чадсангүй, харин бүр эсрэгээр нь хийсээр ирлээ. “Цөөн улсаас, нэг салбарт төвлөрсөн гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн эмзэг байдлыг бий болгож байна” үүнийг өөрчилнө гэж 20 орчим жил ярилаа. Байдал өөрчлөгдсөнгүй, харин ч гуравдагч хөршийн цөөхөн хөрөнгө оруулагчдыг үргээгээд дууслаа. Одоо бид нарт БНХАУ гэсэн ганц том хөрөнгө оруулагч боломжтой ашигтай гэсэн бүх салбарт ноёлоход бэлэн болох гэж байна. ОХУ бол өөрийн ноёрхлоо тогтоосон хэдэн салбараасаа гарахыг хүсэхгүй нь тодорхой. Ингээд бид хоёр хөршөөсөө улам хараат болох замруугаа өөрсдөө сайн дураараа гүйгээд орж болохгүй. 

Гадаадын хөрөнгө оруулалт бол Монголын эдийн засгийг дархлаажуулах вакцинуудын нэг. Ахиад Оюу Толгой шиг 3-4 том төслийг яаралтай эхлүүлмээр байна. Монгол улсын хамгийн өрсөлдөх чадвар бүхий уул уурхай, аялал жуулчлал, санхүү, хөдөө аж ахуй зэрэг салбарууд гадаадын хөрөнгө оруулалтаас хамгийн их өгөөж хүртэх боломжтой. Энэ боломжуудаа ашиглаж эхэлмээр байна. Олон жил ярьж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоо тогтвортой, цэгцтэй болгомоор байна. Иргэдийн мэдлэггүй байдал, тэдний айдас дээр дөрөөлж популизм хийдэг улс төрчдөөс салмаар байна. Иргэд бид мэдлэг рүү, эх сурвалжтай үнэн зөв мэдээллийг хэрэглэж дадмаар байна. Бэлэг сэлт өгч баяр наадам ивээн тэтгэж оноо цуглуулдаг улс төрчдийг биш бодлого шийдэл ярьдаг боловсролтой улс төрчдийг дэмжиж сонгодог болох хүртэл бид нар үзэх янз алга. Гадаадын хөрөнгө оруулалтыг айлгадаг биш даллан авчирч үр ашигтай хамтран ажиллаж, үр өгөөжийг нь хүртэж, эдийн засгийн хөгжлийнхөө дархлааг бүтээж чаддаг улс болж хөгжих хэрэгцээ шаардлага хаалга тогшсоор байна. Хуурамч эх орончдын балгаар сая хойшлуулсан хөрөнгө оруулалтын хуулиа дахин сайжруулаад яаралтай батлуулмаар байна. 

Эдийн засагч Рэгзэнгийн Шинэгэрэл


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин