Баабар ийн өгүүлэв.
МОНГОЛ ТҮҮХИЙН АЙМААРК ХУВИЛБАР
ХЯТАД СУДЛААЧИЙН МОНГОЛЫН ТҮҮХ
Хэдэн жилийн өмнө Америкт үе өнгөрч амжаагүй байгаа Монголын ардчилсан хувьсгалын тухай Орчин үеийн Монгол: Хаадаас комиссарууд, капиталистууд хүртэл гэсэн авсаархан ном хэвлэгджээ. Үүнийг мөн яаран монгол хэлээр ч хөрвүүлсэн байна, бодвол цаанаа ивээн тэтгэгчтэй биз. Орчуулагч өөрөө зурагтаар ярихдаа “Ерэн онд баахан бужигнаан болсон. Гэтэл цаанаа их нарийн учиртай, бидний ажиглаж мэдээгүй бөөн юм болсон юм байна. Түүхийн үнэн ингэж илрэв” хэмээн дүгнэсэн. Номыг өдгөө зарим нэгэн барьж аван мэдээллийн хэрэгслэлээр тодруулахдаа нэр заан бусдыгаа хужаа хувхай, эрлийз хурлийзаар дуудан, түүхийн хөдөлбөргүй нотолгоо болгон эш татна.
Номын ориг зохиогч нь Колумбын их сургуулийн багш Моррис Россаби гэгч. Хятад судлаач. Гэхдээ дундад зууны Хятадын түүхээр мэргэшсэн нэгэн. Тэрээр Хубилай хаан гэж нэг ном бичсэн. Хубилай нь дундад зууны Хятадын хаан учраас энэ асуудлыг шүүрч авсан болохоос талын монгол гэдэг нь түүний судалхуун биш аж. Урьд нь Хубилайн тухай олон монограф гарсан, Россаби нэмж шинээр ганц мөр дүгнэлт бодож олж чадаагүй юм. Хэдийгээр Россаби араб гаралтай нэгэн авч тэр үеийн араб хятадын хооронд шинээр үүссэн олон талт харилцааны тухай нэмж юу ч олж судалсангүй. Ер нь дундад зууны монголчуудын түүхийг эхлэн гуйвуулагчид нь араб, персийн түүхчид байсан юм шүү.
Монголын тухай ойлголтгүй америкчууд Хятад, Монгол хоёрыг өөрийн орны баруун зүүн хоёр эргийн дайтай ялгаж байвал их юм. Ингэхээр XII зууны хятадууд, ХХ зууны сүүлчийн монголчууд төдийлөн ялгаагүй бололтой. Адилхан л онигор нүдтэй, хавтгай нүүртэй, ойлгомжгүй хэлээр ярилцдаг. Ингээд Рассаби гуай 1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгал хэмээх мэдэхгүй сэдэв рүү занг нь мэдэхгүй моринд дөрөөлөх мэт зоригтой орлоо. Гол нь ийм төсөл хэрэгжүүлэх мөнгө бэлэн болсон байсан хэрэг. Мөнгөнд дургүй хэн байх билээ?
Орчин үеийн Монгол ном туурьвих гэж тэрээр өөртөө нэг их зовлон хураасангүй. Америкт зам зуур явж байсан явуулын ганц хоёр монгол элит хүнтэй уулзсанаар эх материал цуглуулах ажлаа өндөрлөжээ. Ер нь бичих нь гол байснаас нотлох, хүнд зөвөөр ойлгуулах, тэр ч бүү хэл ядахнаа өөрөө бодитой ойлгоод авчих энэ тэр нь хоёр гуравдугаар асуудал байжээ гэлтэй.Хубилайн тухай бичихэд амьд гэрчүүд түүнд тааралдаагүйтэй харьцуулахад Орчин үеийн Монгол монограф түүнээс илүүтэй хөлс хөдөлмөр, чармайлт шаардсанаараа харьцуулшгүй “хүнд”, “шинжлэх ухаанч” болсон бололтой. Үнэндээ Улаанбаатарт ажиллаж амьдарч байсан олон америкчуудтай харьцуулахад орчин үеийн байтугай ерөөсөө монголчуудын тухай Россабигийн ойлголт илүүтэй үлгэр домгийн шинжтэй.
МОНГОЛЫН ЭЛИТ АНГИЙН ТУХАЙ
1989 оны 12-р сарын 10 өдөр анхны цуглаан Улаанбаатарт болсон тухай Россабигийн таамаглал огнооны хувьд зөв таарч байгаа нь нэн олзуурхууштай. Гэхдээ энэ өдөр Россабигийн таамагласан шиг жагсаал болоогүй, цуглаан л болсон юм. Энэ хоёр ялгаатай л даа. Уг нь бүр нарийвчилбал гурав хоногийн өмнө Ховдод, нэг хоногийн өмнө Эрдэнэтэд мөн жагсаал болсон байдаг юм. Харин цуглаан Засгийн газрын ордны өмнө болж, хүүхдүүдээ хэрхэн сахилгагүйтэж буйг элит аав ээж нь албан тасалгааныхаа цонхоор харж суусан гэдэг ч арай дэгсдүүлэл байхаа. Анхны цуглаан зохион байгуулсан бүх хүмүүсийн дотор төрийн ордонд ядахнаа үйлчлэгч ажил бүхий эцэг эхтэй хүн ганц ч байгаагүй гэдгийг энэ талаар нэлээд судалгаа хийсэн хүний хувьд баттай хэлэх байна. Энэ хувьсгалыг яахаараа заавал сайд дарга нарын хүүхдүүд хийсэн гэж Россаби зүтгээд байгаа нь хачирхалтай. Гадаадад дипломат ажил хийж байсан хүнийг элит гээд байгаа шинж харагдана. Ядарсан бүдүүлэг тэнэг мунхаг монголчуудын хувьд Москвад гурван жил амьдарсан л бол элит болчихдог нийгэмтэй ажгуу. Дээр үед цэрэгт алба хаагаад ирсэн залуу сумандаа элит болчихдог шиг л юмаа даа. Хэрэв сэхээтнийг элит гэж шинээр нэрлэж байгаа бол ерээд оны Монголд сэхээтний маш том арми байсан. Арван мянган хүнд ноогдох сэхээтэн, оюутны тоогоор Монгол нь хөгжилтэй орны зэрэглэлд багтаж байв. Цуглаан зохион байгуулагчдын дунд Зориг, Цогтсайхан, Энхтөвшин гээд дундач сэхээтэн гаралтай нь ч, Сосорбарам, Элбэгдорж гээд ард малчин гаралтай нь ч байсан. Тэр үед Улаанбаатарт дундач хамтлаг буй болгоход ямар бүрэлдэхүүн үүсэх байв, тийм л дундач дүр зургийн хамт олон. Хожим хоёр сарын дараа нэгэн цуглаан дээр НҮБ-д суугаа дипломатчийн хүүхэд Сүх-Эрдэнэ үг хэлсэн нь Россаби авгайн хүсээд байгаа “элит” гарлын цорын ганц аймаарк үнэн юм.
ГОРБАЧЁВЫН ТАГНУУЛУУД
Россабигийн мэтгэж буйгаар Ардчилсан хувьгалыг гардагсад нь Москва хавьд перестройкийн нууц дугуйлангаар хүмүүжсэн, юм ойлгодог гадаад хэлтэй хэдэн нөхөд байжээ. Бараг л Горбачевийн тагнуулууд байсан бололтой. Эд л төрийн ордонд ажилладаг аав ээжүүдтэйгээ нийлж урдаас төлөвлөж бодож байгаад хувьсгал хийсэн гэнэ. Нийгмийн хамгааллыг сайтар бодсон, капитализмын муу талуудыг олж илрүүлээд дүн шинжилгээ хийсний дүнд тойрон гарах аргуудыг нь тодорхойлчихсон хүмүүнлэг хувьсгалыг “нуль ухаан” болсон “элит” нар хийжээ. Тэр байтугай авилга хөгжинө гэдгийг мэдээд урьдчилан эсэргүүцэж байсан байх юм. 1917 оны большевик хувьсгалтай их төстэй байгаа биз? Гадаадад олон жил суусан, ард түмэндээ аз жаргал авч ирэхээр зориг шулуудсан мэргэжлийн элит хувьсгалчид ажилчин ангид хувьсгалын санааг халдаан хүн төрлөхтнийг мөнхийн жаргалд дуудан дагуулсан тухай Коммунист намын түүхийг цээжээрээ мэддэг хүний үг байгаа биз? Россаби бичихдээ: “Монголын сурвалжит элит давхаргын хөвгүүд охид л авторитар тогтолцоог нураахад хүргэсэн хүчирхийлэлгүй хөдөлгөөнийг санаачилсан юм. Их төлөв сэхээтний болон мэргэжилтний анги давхаргаас гаралтай шинэчлэгчид ямар ч цэргийн хүчинг удирдаагүй бөгөөд хүчирхийллийн арга хэрэглэхийг эсэргүүцэж байв. Тийнхүү өөрчлөлтийн хөдөлгөөн нийгмийн давхаргын дээд хэсэгт үүсч нийгмийн пирамидын ёроолд байгаа хүмүүсийг хөдөлгөөндөө татсаар, аажмаар өргөн олны байгууллага болж хувьсчээ. Эрх баригчид дарангуйлах арга хэмжээ аваагүй нь нэг талаар ардчилсан эсэргүүцэгчид элит давхаргад хамаарч байсантай холбоотой юм”.
БОЛЬШЕВИК НАМЫН ТҮҮХИЙН ХУУЛБАР
Ер нь энэ ном их наргиантай, элитийн хувьсгал гээч нэг юм түрүүлээд бодоод олчихсон, түүндээ тохируулж үйл явдлыг санаанаасаа зохион “баримтжуулжээ”. Бичлэг, дизайн, баримтжуулалт, дүгнэлт зэрэг нь Сталины 1938 онд хэлж өгч бичүүлсэн Большевик намын түүх-тэй гайхмаар төстэй.
Нүүдэлчин малчны удам болсон ХХ зууны монголчууд элит давхрага үүсгэж амжаагүй өдий хүрсэн юм. Язгууртнууд нь гучаад оны хядлагад толгой дараалан өртсөн тул үнэхээр Марксын мөрөөдсөн сурвалж язгуургүй, үгэйгүүчүүдийн нэгэн анги болж чадсан магадгүй цорын ганц нийгэм ажгуу. Ардчилсан хувьсгалаас хойшхи нэгэн үеэ оруулж тооцоод сэхээтэн албан хаагч, хотын иргэний дөнгөж гурав дугаар үе рүүгээ орж байгаа нийгэм шүү дээ. Нэгнийх нь аав нь, нөгөөгийнх нь өвөө нь тал нутгаа орхин Улаанбаатарт орж ирсэн болохоор хот бараадсан хориодхон жилийн ялгаагаар хэн нь хэнийгээ элит сурвалжит болж дээрэлхэх вэ дээ? Номонд бичсэнээр Элбэгдорж хэмээх ард гаралтай хөдөөний молхи, бүдүүлэг маанаг эр Ардчилсан холбоог үүсгэсэн гадаад хэлтэй, гадаадад амьдарч байсан элит ухаантнуудын дургүй зэвүүг хүргэж хөх инээдийг нь бардаг байсан тухай өгүүлжээ. Малчин эцэгтэй Элбэгдорж хот орж ирсэн нэгдүгээр үеийн төлөөлөгч байснаараа л гадаадад амьдарч байсан ч мөн л малчин өвөөтэй хоёрдугаар үеийнхнээс хорин жилийн л ялгаатай байлаа. Түүнээс биш тэр өөрөө ч гадаадад сурсан, мөн л орос хэлтэй нэгэн. Харин тэдний хооронд нэг том ялгаа байсан юм. Номонд Ардчилсан хувьсгалыг анхлан сэдэж хэрэгжүүлсэн гэгдээд байгаа, уран зохиолын хэлээр бол “эх дүр” маягтай зохиогдсон дарга нарын хүүхдүүд үнэндээ бэртэгчид байлаа. Сайд дарга нарын хүүхдээс хэн нь ч ардчилсан хувьсгалд огтоос оролцоогүй. Бэртэгчид зөвхөн ялсан талд нь ордог юм. Хэн ялах нь мэдэгдээгүй тэр үед тэд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд дулаан буланд нуугдаж байсан. Ардчилал үзэл санааны хувьд ялсан өнөөдөр тэд нийгмийн бялууны аль өнгөтэй өөдтэйг нь өөрийн болгосон төдийгүй, завьжаараа гоожих тосоо ч арчих завгүй, хэрхэн Ардчилсан хувьсгалыг бодож олсон тухайгаа, сайхан санааг нь мэдэрлийн өвчтэй, архичин монголчууд хэрхэн сүйд хийн балласан тухай баруун солгойгүй гайхуулан ярьж яваа. Үнэндээ тэдний түрүүч нь бүх юм болоод дууссан 1992 оны үеэс л зориг зүрх орон АХ-ы үүдээр эргэлдэн латин үсэгтэйгээрээ гайхуулж олбогны дээгүүр гарч суух гэж оролдон, нэгэнт буй болоод олширсон намуудыг шилж сонгож эхэлсэн юм.
ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД ХУВЬСГАЛ ХИЙСЭН НЬ
Ардчилсан холбоог цэрэглэн дарах гэсэн хэсэг махчингууд байсныг мөнөөх элит аав ээжүүд сэрэмжлүүлэн Горбачевоор боль гэж хэлүүлж байсан ч юм болоод явчихлаа. Гэтэл дараа үеийнхэндээ төрийн эрх мэдлээ шилжүүлэх цаг болсон гэдгийг ойлгож үүнийг гардсан хүн нь “махчингийн толгойлогч” Батмөнх гуай өөрөө байсан юм. Ерөөс ардчилсан хувьсгал нь монголчуудын зөвшлийн үр дүн байсан. Гэтэл мань хятад судлаачийн пантааз нь бүр сагаад хятадууд цэрэг илгээж магадгүй гэж Монголын коммунист удирдагчид айгаад Ардчилсан холбооныхонд бууж өгсөн болгож зохиомжилжээ. Монголд Зөвлөлтийн 100 мянган цэрэг байрлаж байхад хятадууд цэрэглэн халдахаас өнөө “ухаант” элитүүд айж байж гэнээ! Ардчилсан холбоо өлсгөлөн зарласан явдал ч нэгэн хятад хэлтэй элит эрлийз л Тэньаньминд хятад оюутнууд хэрхсэн тухай сонссоноос үүдэн хэрэгжүүлсэн болж таарав. Россабигийн судладаг Сүн, Юань, Мингийн үед ч монголчууд хятадуудаас айж шийдвэр гаргаж байгаагүй. Айж байсан Чин династийн үе судлах хүрээнээс нь халих учир мань эр мэдэхгүй. Гэтэл Манж-Чингээс хойш дахиад 100 жил өнгөрчихөөд байна шүү дээ.
Россаби хувьсгалын элитар онолдоо хэт хөтлөгдөөд гудамжинд ярьдаг худал цуу үгийг баримтжуулан “шинжлэх ухаанжуулжээ”. Түүний бичсэнчлэн Энхсайхан, Амаржаргал нар саяхан хөдөөнөөс шилжин нүүж ирэгсэд, Ганболдын аав хятад, Зоригийн ээжийн аав буриад малчныг зөвлөлтүүд даалгавар өгч монголчууд алсан, Бат-Үүл ерөнхий сайд Бямбасүрэн нар ойрын хамаатан зэрэг нь бүгд худлаа. Иймэрхүү яриаг Ардчилсан холбоог анхлан байгуулсан гэгдэж номонд бичигдээд байгаа бэртэгчдийн эх эцэг тухайн үедээ Дотоод яамны чекист байхдаа зохиож тарааж байсан юм. Монголын ардчилсан хувьсгалыг хятадын болон оросын элит эрлийзүүд хийсэн гэж Россаби батлахыг оролджээ. Ийм яриаг 1989 онд До яамныхан зохиож Үнэн сониноор нийтэд тарааж байсан. Одоо ч ийм яриаг нь үнэн болгон чалчиж явдаг шаарууд нэг бус. Монголын ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний ухамсартай сонголт байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна