• Эхлэл
  • “Geomine-2024”-аар ногоон технологийн судалгааг танилцууллаа

“Geomine-2024”-аар ногоон технологийн судалгааг танилцууллаа

2024/10/09

Уул уурхайн сургалт, судалгааны “Geomine-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис” зочид буудалд өнөөдөр боллоо.

 

ШУТИС болон БНХАУ-ын Хуан технологийн их сургууль хамтран зохион байгуулж буй олон улсын уг эрдэм шинжилгээний бага хуралд АНУ, Герман, Чех, Австрали, Казахстан, БНСУ, Япон, БНХАУ зэрэг 14 орны, уул уурхайн салбарт сургалт, судалгаа явуулдаг судлаач, эрдэмтдийн төлөөлөл, инжежер, техникийн мэргэжилтнүүд оролцов.

Монголд анх удаа зохион байгуулж буй “Geomine-2024” олон улсын хурал хариуцлагатай, тогтвортой, ногоон технологид чиглэсэн уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэлхий нийтээр хамтарч оролцьё уриан дор боллоо. Энэ талаар Монголын Гео-мэдээллийн холбооны тэргүүн Г.Өлзийсайханаас тодруулбал,

-Өнөөдрийн хурал эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаар зогсохгүй уул уурхайн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэдэг бүхий байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдийн оролцоог хамруулан зохион байгуулж байна гэв.

“Geomine-2024” олон улсын хурлаар орон орны эрдэмтэн, судлаач нар ногоон технологийн судалгааг танилцуулсан юм. Манай улсаас уул уурхайн салбарт ногоон технологи хэрэгжүүлж буйг Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж буй Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” компанийн ураныг газар доор уусган боловсруулж, байгаль орчинд хоргүй технологийг ашиглаж буй байдал, мөн ШУТИС-ийн оюутнууд Герман улсад эрдэс баялгийн ашиглалтын ногоон технологид суралцаж буй жишээгээр дурдлаа.

Манай улсад геологийн тогтоц, түүний газар нутгийн зохион байгуулалт, төлөвлөлтийн талаар, тодруулбал, бэлчээр нутгийг эрдэс баялгийн ашиглалттай хэрхэн оновчтой зохицуулах талаар нарийвчилсан олон судалгааг хийж ирсэн.

Одоо харин гол нь тэдгээр судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрхэн зөв зохион байгуулж хэрэгжүүлэх асуудал бий. Үүнийг өнөөдрийн хурлаар талаар хэлэлцэж буйг ШУТИС-ийн ректор Т.Намнан тодотгов.

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин