Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Нээлттэй Засгийн түншлэл (OGP)-ийн Ази, Номхон далайн Бүсийн чуулганд оролцох үеэр (2025.02.07) Бүгд Найрамдах Филиппин Улсын сонгуулийн төв байгууллагын дарга Жорж Эрвин Гарсиа болон гишүүдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд хоёр улсын сонгуулийн үйл явцыг ажиглаж, харилцан туршлага солилцдог сайн жишиг тогтсонд таатай байгааг талууд онцолсон юм.
Энэ удаагийн уулзалтаар сонгуулийн эрх зүй, хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Гадаад улс дахь сонгогчдын саналыг цахимаар авах эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр судалж, танилцуулах үүрэгтэй Улсын Их Хурлаас байгуулсан Ажлын хэсэг ажиллаж байгааг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ дурдаад энэ чиглэлээр судлах, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Филлипин улс ирэх тавдугаар сард зохион байгуулах сонгуулиар гадаад улс дахь иргэдийнхээ саналыг цахимаар авахаар төлөвлөж, холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байгааг Сонгуулийн комиссын дарга Жорж Эрвин Гарсиа танилцуулав. Түүнчлэн Монгол Улс сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж бүх санал авах байруудад хяналтын камер байршуулсан, санал хураалтын үр дүнг шууд дамжуулсан нь бусад улсад сайн туршлага болсныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль ажиглахдаа анзаарсныг тэрбээр онцолсон юм.
Сонгуулийн төв байгууллага Дэлхийн сонгуулийн байгууллагуудын дэд даргаар сонгогдон ажиллаж байгаагийн хувьд гишүүн орнуудын ажиглагчдаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Филиппин улсын сонгуулийн үеэр ажиллуулах хүсэлтийг хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороог ажиглагчын багт орж ажиллаж, туршлага судлахыг урилаа.
Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга байлцав.
Сэтгэгдэл байхгүй байна