• Эхлэл
  • УЦОШГ: Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй

УЦОШГ: Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй

2025/04/10

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар Дархан-Уул аймгаас Сүхбаатар хүртэлх зам дагуу нойтон цас, цас ороод шуурч байгаа тул замд үзэгдэх орчин хязгаарлагдаж, оройдоо халтиргаа гулгаа үүсэхийг албаныхан анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 10-11-нд шилжих шөнө Төв, Хэнтийн нутгаар, 11-ний өдөр Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Мөн Улаанбаатар хот орчим, Өвөрхангай, Говьсүмбэрийн нутаг,  11-ний өдөр Дундговийн зүүн хэсэг, Хэнтийн өмнөд, Дорнодын нутаг, 11-12-нд шилжих шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, хүчтэй шороон шуурга шуурах бол Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч хүчтэй салхилна.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Арбулаг сумдын нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн, Цэцэрлэг, Жаргалант, Шинэ-Идэр, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Уул, Хатгал, Эрдэнэбулган сумдын нутгаар цасан шуурга шуурах цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээллийг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Иймд иргэд, малчид, тээвэрчид:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна