Жалгархаг, доворхог үзэлтэй монголчуудын хувьд үе үе, нутаг усандаа манраа хутгасан сенсаци дэгддэг нь жам ёсны үзэгдэл шахуу болоод байгаа. Өөрсдийгөө орон нутгийн Засаг ноён гэж эндүүрсэн шинэ цагийн аархагчдын архи ууж, агсам согтуу тавьсан, бүр хүний амь нас ч хөнөөгдсөн хэргүүд гарсан. Эрх мэдлээ ашиглан газар зувчуулдаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дарамтладаг жишүүнүүдийг хойно өгүүлье. Найр наадам зохиож, ууж идэж, төсвийнхөө хөрөнгийг хөшөө, хаалга, морь мал, айраг найрт баруун солгойгүй цацдаг Засаг ноёд бий. Сүүлдээ энэ бүхэн хэтийдээд сумын Засаг дарга нар дур мэдэн зам хаачихдаг нь сүүлдээ нийт улсын экспортод нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг саяхан Б.Жавхлан сайд танилцуулж байсан. Хөвсгөл аймагт хувийн болон компанийн эзэмшлийн хашаанууд хяргаж, буулгаж, хөгөө чирсэн Засаг даргын талаар ч мэдээлэл гарч байсан билээ.
Тэгвэл одоо Сэлэнгэд гарсан гал түймрийн утаа сарниж амжаагүй байхад бусдын эзэмшлийн хашааг морь уралдахад саад болж байна гэж Засаг дарга Н.Захирахбаатарын тушаалаар төрийн цагдаагаар хүч нэмэгдүүлэн дөвчигнөсөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын орлогчийн үйлдэл шуугиан тарьж байна.
Өмнө нь ч хашаа, газрын дажин дэгдээж байсан Хушаатын хэрүүл маргааны шалтгаан нь ердөө хурдан морины уралдааныг үзэх эрхэм дарга нарын замыг чөлөөлөхийн тулд. Гэтэл нөгөө талд нь энэ хувийн компанийн тариалангийн талбай байгаад байдаг. Хууль журмыг нь сануулж, учирлахаар “Засаг дарга мэдэж байгаа...”л гэдэг. Гайхалтай нь өмнө нь ч ийм байдал давтагдаж байсан бөгөөд 2021 оноос хойш л хувийн талбайн компанийн талбайг дураа хүрсэн үедээ эвдлэн дайрна гэж заналхийлдэг болсон аж.
Өнөөдөр түймрийн айдаст автан гайхшаа баран сандарч байгаа Хушаат сумынхны хувьд Засаг даргын найр наадмын замыг чөлөөлөх бас нэгэн дажин ийнхүү дэгдээд байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Гэтэл ийн хувийн хэвшил рүү, тэр тусмаа стратегийн салбар болсон газар тариалангийн талбай руу дайрсан шалтгаан нь юутай өчүүхэн гээч????
Ердөө л өдгөө тариалалтанд бэлтгэж, бордоо юм хийж хучаад байгаа талбайгаар морь уралдуулах, морь ч гэж дээ, морь уралдахыг харж, машинтай дагаж баясах гэсэн дарга нарын хөлд саад болсон юм байх. Арай ч дээ, Сэлэнгийнхэн минь дээ, ийм өчүүхэн харалган байж болох уу?
Одоогоор сошиалаар мэр сэр гарсан мэдээгээр бол тариалангийн талбайн хашааг чөлөөлж буулгах гэсэн талбайдаа нутгийн баячууд морь уралдуулж наадаж байгаа юм байна. Нохойноосоо гинж нь гэдэг шиг найман морь уралдаж, арав гаруй машин дагаж давхисан сураг байна.
Сэлэнгэд тэр тусмаа Хушаатад өчигдөрхөн түймрээ дутуу хагас дараад, өнөө маргааш ч дахиж түймэр дэгдэхгүй гэхийн баталгаагүй байхад, өнөө маргаашгүй хаврын тариалалтын ажил эхлээд байхад ингэж тариалангийн талбайн хашааг төрийн цагдаагаар нураалгаад морь уралдуулж цэнгэж байна гэдэг арай л дэндүү биш үү?
Тариалангийн талбай биш морь уралдуулах, тэр тусмаа машинтай дарга нар дагаж давхин баясан цэнгэх нь чухал юм уу, өнөөдөр Монголд.
Хувийн компанийн хашааг төрийн цагдаагаар нураалгах захирах дуртай Засаг дарга ноёлдог болчихсон юм уу, өнөөдөр Монголд.
Захирах дуртай Н.Захирахбаатарыг захирах хүн байна уу, Ерөнхий сайд аа?
Сэтгэгдэл байхгүй байна