• Эхлэл
  • “Хаан ордны хавар-2026” хөтөлбөрийн нээлттэй өдрүүд эхэллээ

“Хаан ордны хавар-2026” хөтөлбөрийн нээлттэй өдрүүд эхэллээ

2026/05/18

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Богд Хааны ордон музей уламжлалт 7 дахь удаагийн “Хаан ордны хавар-2026” тусгай хөтөлбөрийн нээлттэй өдрүүдээ эхлүүллээ.

Тус үйл ажиллагаа 5 дугаар сарын 18-28-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд “Энэрэхүйн хүч” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Жанрайсиг бурхны дүр бүхий 30 гаруй ховор дурсгалт бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

Бурхны шашинд энэрэн нигүүлсэхүйг хамгийн дээд ариун чанар хэмээн үздэг бөгөөд түүний бэлгэдэл болсон дүр нь Жанрайсиг бурхан юм. Гэгээрсэн бүх оршихуйн энэрэнгүй сэтгэлийг илэрхийлсэн энэхүү шүтээн нь хайр, нигүүлсэл, энэрлийн хүчийг бэлгэддэг утга агуулгатай ажээ.

 

Үзэсгэлэнд 11 нүүрт, мянган мутарт, мянган мэлмийт Жанрайсиг, дөрвөн мутарт Хасарваань Жанрайсиг, арслан хөлөгт Жанрайсиг зэрэг олон төрлийн дүр дүрслэлийг толилуулж байгаа бөгөөд бүтээлүүд нь хийц, урлал, дүрслэлийн хувьд харилцан адилгүйгээрээ онцлогтой.

 

Мөн металл урлалын аргаар гууль, зэсээр цутгаж, алтаар бүрсэн бүтээлүүдээс гадна шавар болон цацан баримал, торгон урлал, эрдэнийн чулуун шигтгээтэй бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна. Түүнчлэн “танка” хэмээх уламжлалт зургийн төрлөөр зотон дээр байгалийн шороон будгаар зурсан ховор бүтээлүүд ч багтжээ.

 

Богд Хааны орлон музейн захирал Ц.Эрдэнэбаатар ярихдаа, “Энэхүү уламжлалт өдөрлөгийг жил бүрийн 5 дугаар сарын 18-нд тохиодог Олон улсын музейн өдөртэй хамтатган зохион байгуулдгаараа онцлогтой. Энэ жил дэлхийн музейн байгууллагууд “Хуваагдмал дэлхийг нэгтгэх музейнүүд” уриан дор үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр дэлхий ертөнцөд хуваагдал, үл ойлголцол нэмэгдэж байгаа нь хүмүүсийн аминч үзэл, бие биеэ үл хүндэтгэх, хайрлах, энэрэх сэтгэл дутмаг байгаатай холбоотой гэж үзэж байна. Иймээс манай музей “Энэрэхүйн хүч” үзэсгэлэнгээ зохион байгуулж байгаа юм. “Хаан ордны хавар” үйл ажиллагаа жил бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй онцлогтой болдог. Үзэсгэлэн бүр шинэ агуулгатай байдаг төдийгүй оролцож буй уран бүтээлчид ч жил бүр өөрчлөгдөн шинэ өнгө төрхийг бий болгодог. Мөн Богд Хааны ордон музейд ирсэн хүн бүрт юу ойлгуулах, ямар үнэ цэн, үзэл санааг хүргэх вэ гэсэн музейн хандлага, өнцөг жилээс жилд шинэчлэгдэж байдгаараа онцлогтой болж байна” гэв.

“Энэрэхүйн хүч” хэмээн нэрлэсний учир нь бурхадын энэрэн нигүүлсэхүйн үзлийг бүрэн төгс илэрхийлдэг онцгой дүр бол Мэгжид Жанрайсиг юм. “Мэлмийгээр болгоогч” хэмээн алдаршсан энэхүү Мэгжид Жанрайсиг бурхныг 1911 онд Богд хаан лүндэн буулган бүтээлгэснээр Монголчууд тусгаар тогтнолоо сэргээхэд бэлгэдлийн томоохон утга учир болсон гэж үздэг байна.

 

Тиймээс энэхүү бурхны үйл хэрэг, сургаал номлолыг олон нийтэд түгээж буй нь дэлхийн музейн байгууллагуудаас дэвшүүлсэн “Хуваагдмал дэлхийг нэгтгэх” үзэл санаатай гүн утгаараа нийцэж байгаа аж. Мөн “Хаан ордны хавар-2026” үйл ажиллагааны үеэр олон уран бүтээлчид оролцон ардын дуу, богино дуу, рок поп зэрэг төрөл жанрын уран бүтээлээ толилуулж байна. Уран бүтээлээрээ дамжуулан хүмүүсийг бие биеэ хайрлах, хүндэтгэх, энэрэх үзлийг түгээж буй юм.

Түүнчлэн энэ үеэр веган хоолны өдөрлөг зохион байгуулж байна. Учир нь дэлхий ертөнц зөвхөн хүнийх бус, бүх амьд оршихуйн нийтлэг орон зай билээ. Харин хүн төрөлхтөн махан хэрэглээг хэт их хэрэглэж буй өнөө үед веган хоолны соёлыг олон нийтэд санал болгох нь чухал гэж зохион байгуулагчид үзэж байна.

Үүнээс гадна боловсролын олон төрлийн хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна. Эдгээр хөтөлбөрөөр дамжуулан бурхны шашны үзэл санаа, Богд хааны үйл хэрэг, хатан эрдэнийн утга агуулга зэрэг сэдвүүдийг хүүхэд залууст ойлгуулан таниулж байгаа ажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна