• Эхлэл
  • ВЛАДИВОСТОК ОРЧООД ИРЛЭЭ

ВЛАДИВОСТОК ОРЧООД ИРЛЭЭ

2026/09/07

Валэдивосток гээд тэр хоолойгоор чихэнд хоногшцон ч байх шиг. Нүүрсээ тэрүүгээр тойруулаад зарвал л алах юм нэг хэсэг баахан ярьснаас болсон уу, нэр нь бол их л цуутай санагдана. Гэхдээ яагаад ч юм нэг л цас мөс, тицгий гэсэн хүйтэн салхитай гээд төсөөлчихсөн явсан маань буунгуут өөрчлөгдөв. Далайн эргийн дулаахан, чийглэг, хөөрхөн хот юм байна. Зам харгуй сайтай. Хойшоогоо битүү мод. Модоо ярж хусаад өндөр хүчдэл, зам мамаа тавьсныг онгоцны цонхоор харсан. Далай дээгүүр дурандвал Хойд Со, жоохон хажуу тийшээ харвал Хятад харагдах юм байна.

Автуусны жолооч нь сервиз үзүүлж байгаагаа нэлээд мэдэрцэн хүн. Найрсаг гэж.  Угаасаа чуулган болж байгаа кампуст ч, газарчилж яваа хүн нь ч, хоолны газраа  ч тэр оросууд хайлсан тугалга шиг л байна. Дэлхий даяар хоёр хоч зүүж яваа улсад энэ арга хэмжээ нь улам л чухал болдог байлгүй дээ. Тиймдээ ч “хүн болгон руу инээнэ шүү, монголчууд руу ч гэсэн” гэсэн чиглэл авсан юм байх даа гэж эрхгүй бодлоо. Гэхдээ бас нээх хэрэг болж улсдаа хүмүүс урьчихаад хэн л баргар царайлахав дээ, би арай хэтрүүлж бодсон байх.

Монголын Ерөнхий сайд ОХУ-д болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон айлчлалд хамт явах боломж гарч, яваад ирснээ хуучлах гэж байгаа санаатай. Арай л олон үгтэй эхэлчихэв үү кк.  Дорнын гэхээр Оросын азийн хэсэг, тэгээд тэр хавийн улсууд, урдаас Вьетнам, Лаос, усны чанадаас Индонез эднүүс ирж. Нийт 78 орон цуглажээ. Дунд нь оросуудын “найрсаг бус” гэж ангилсан орнууд ч байна. Солонгос, Япон гээд бараг хорь шахам тийм зочидтой. Зарим нь том, зарим нь хэд гурван хүний бүрэлдэхүүнтэй. Монголчууд мэдээж Ерөнхий сайдаараа толгойлоод том бүрэлдэхүүнтэй очсон. Ярих юм ч ихтэй дээ.

Очсон өдөр монголчуудад зориулаад алс дорнодын үзэсгэлэн гэх мэт юмнууд үзүүлэв. Буриадууд маань монголчууддаа зориулж монгол үндэсний хувцсаар ижилсэж, бүжиг дуу хийн угтаж авсан үзүүлсэн. Буриад республикийн Тэргүүн Цыденов манай Ерөнхий сайдтай уулзаж, тэврэлдэж, баахан юм ярив. Цай хоол ч идсэн байх. Би хүртэл наагуур нь доргиж, буриад элэг маань учиргүй дэвтээд дагаж яваа хүмүүстэй нь хуучилж, эргэж уулзана, ирнэ очно гэсэн амлалтууд өгөлцөж авалцлаа. Ойгоос авсан органик хүнсүүд, ноосон эдлэл гээд буриадын бүтээгдхүүн хөгжүүлэлтүүд сонирхолтой л юм.

Орой нь манайхан хамаг том даргатай нь уулзсан. Зочноо хүлээлгэдэгээрээ алдартай Путин гуай мөн л 2 цаг суулгасан. Монголчуудтай хамт хятадууд хүлээж байна лээ. Хүлээх танхим руу орох хамгаалалт, шалгалт гэж аймар. Хамрын цацлага ч оруулахгүй. Утас гаргаж ирээд “асааж үзүүл дээ” гэдэг. Жинхэнэ утас уу, утас хэлбэртэй зэвсэг үү гэдгийг хардаг бололтой. Нөхцөл байдал эмзэг байгааг ч хэлэх үү, ер нь ч тэгээд сүртэй хамгаалалтай хүн дээ. 2014 онд манай улсад ирээд бүх замыг хоосолж, цонхоороо харах ч эрсдэлтэй шүү, аягүй бол хусна шүү гэж сануулж байсан нь санаанд орлоо.

Тэгж тэгж нэг хүн гарч ирээд “монголчууд ороорой” гэхтэй нь зэрэгцээд манай зурагчин, сэтгүүлч нар орцгоов. Уулзалтын танхимын арваад метр ширээний зүүн талд Монголын төлөөлөгчид, өөдөөс нь хараад Оросын бүх л дарга нар иржээ. Мэдэхээс мөнөөх Лавров, эрчим хүчний Цивилёв, Шадар сайд Оверчук, Байгалийн нөөцийн Козлов гээд бүх сайд нар нь сууцгааж байна. Наад ханан талд нь Оросын хэвлэлийн бөөн л зурагчин, зураглаач нар чихэлдэж. Манайхан дундуур нь шингээстэй. Арай л нэгнээ тохойлдсонгүй. Тохойлдсон ч байж мэднэ. Гэм биш зан хойно кк.

Удалгүй “нөгөө хоёр” хамт орж ирлээ. Путин гуай 70 хол гарсан гэхэд түргэн түргэн алхдаг юм байна. Эрч хүчтэй харагдах гэхээсээ нээрээ эрч хүчтэй байж мэдэхээр. Манай Ерөнхий сайд ч угаасаа залуу хүн. Тэр танхимын үүдний хэсэгт хоёр улсын далбаатай булан байсан юм. Тэнд зурагаа авахуулж барьсийм байна лдаа. За тэгээ л хоёр талаас ямар сайхан түүхтэй, найрсаг сайхан харилцаатай орнууд болохоо ээлжилж хэлнэ угаасаа. Тэгээд асуудлаа ярилцана. Манай ярих юмнууд ойлгомжтой, “бинзээн тосоо битий таслаарай...”. ОХУ-ын Ерөнхийлөгч, “шатахууны хоригт ороогүй ганц улс Монгол. Цаашдаа ч ийм байна...”. Ингээд уулзалт амжилттай бөгөөд “найрсаг уур амьсгал дунд” болж өнгөрлөө. Гэхдээ хаашдаа л ойлгомжтой юм бишүү гэх нь бас өнгөц бодол шүү. Усалгаа байнга, зайлшгүй хэрэгтэй. Биднийг гараад явахад хятадууд орохдоо бэлтгэж байв.

Залуус үргэлж найдвар төрүүлж байдаг. Манайхны оросуудтай уулзахад үргэлж харж заншсан нэг тийм хөдөлгөөн, уулзалтын уур амьсгал энд ялимгүй өөр өрнөсөн. Мөнхийн хөрштэйгээ уулзаж байгаа мөнхийн хөршөөс нь ирсэн л зочин.

Ерөнхий сайд маргааш нь ч олон уулзалт хийсэн, зай завсар гараагүй. Үдээс өмнө хоёр сайд. Дараа нь орж ирсэн цав цагаан үстэй, балтийн герман уу гэмээр төрхтэй Дюков хэмээх эр, сайд нараасаа ч эготой болов уу гэмээр байх нь Газпромын босс ажээ. Дамдинням сайдын олонтоо уулзаж байгаа хүн. Тэрээр,  “Танай улсын нэг жилийн хэрэглээг бид нар сар хагасын дотор гаргачихна. Гэхдээ Цивилёв сайд л өгөх эсэхийг мэднэ” гэж байна. Тэр нь оросын Даймка лдаа. Байдал эвгүй байхад дотоодоо эхлээд хангах асуудлаа шийдчихээд гарганаа гээд байгаа эр. Гэтэл тэр уулзалтын өмнөхөн мань эртэй уулзчихсан байдаг. Тэгэнгүүт манай жинхэнэ Даймка “тэгвэл одоо нээлтэн дээр ахиад барьж авы” гэж байна.

Залгаад арга хэмжээний нээлт. Тайзан дээр гарч 4 цаг шахам илтгэл, асуулт хариулт гэж суусан. Хэлсэн илтгэл нь “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” оновчтой болов. Монгол хэлээрээ. Өмнө нь Индонезийн Ерөнхийлөгч англиар илтгэсэн. Учрал сайд ч гэсэн англиар илтгэхэд болохгүй ч юмгүй мэт. Гэхдээ монголоороо ярьсан нь нутагтаа илүү магтаал хүртэж байх шиг байна лээ. Тайзан дээр Путин 2 асуултад хариулангуут бусад нь нэг асуултад хариулах маягаар явсан. Монголын Ерөнхий сайд нийт 3 асуултад хариулж байна. Мөн л тугал үнээний аль нь ч гомдохооргүй товхийсэн хариултуудыг “энх тайван” гэсэн үг хавчуулаад өглөө. Тайзны ажил дуусаад бүгдээрээ босоод зогсохоор монгол нь их өндөр юм. Ер нь “өндөр” юмөө.

Нээлтийн дараа, орой нь Засгийн газрын орлогч дарга Оверчуктай уулзлаа. Учрал сайд уулзалтын дундуур “та биднийг юу ярихыг бүгдийг мэдэж байгаа. Гэхдээ бензинээ бататгаж ярья аа” гэсэн нь уулзалтыг хөгжөөж, цааших яриаг зөөлрүүлэв. Ер нь өнгөрсөн хугацаанд Дамдинням сайд арай ахиухан шатахуун авчих гээд бүх л аргаараа үзжээ. Албан уулзалт хийнэ, албан бус уулзалт ч хийнэ. Даймка сайдад зориулаад “улсын баатар элэг” гэсэн тэмдэг байдаг бол өгчилтэй билээ. Энэ бүхнийг харсан УИХ-ын Дэд, АН-ын Пүрэвдорж дарга “манайхан бинзээн авах гээд нээрээ хичээж байгаам байнаа” гэж дуугарлаа.

“Олон улсын Эдийн засгийн чуулгануудад орох их зүгээр. Уулзах ёстой олон хүн нэг дор ирчихдэг юм. Заавал айлчлал энэ тэр гэж зардал мөнгө үрэхгүй” гэж Ерөнхий сайд хэлж байна. Гэхдээ уулзалтуудыг товлож, зохицуулах нь өөрөө бөөн ажил байдаг бололтой. Газар газрын хэдэн мянган амьтан цуглацан, бүгд л наашаа цаашаа гэж байхад бас л лайтай байлгүй яахав. Энэ дээр манай гадаад яамныхан бол хөлсөө гартал гүйнэ. Ёслолын газрын Батбаяр захирал туршлага зааж бүгдийг нь зохицуулж байна. Залуус нь ч сайн шогшиж, минут алдахгүй нэгэндээ мэдээ өгч “за булан тойрлоо, баруун эргэлээ, за бариад оруулаарай” гэх нь холгүй өрөө тасалгаа руугаа чиглүүлж уулзуулдаг аж. Том арга хэмжээнд бүх л хуваарь дор хаяж хагас цагийн хоцролттой, бариа зөрүү алдвал алгасах аюул хаа сайгүй отож байна лдаа кк.

Монголчууд эрвийх дэрвийхээрээ л дэлхий тойрон явцгааж байнаа. ХХ зуунжингаа тэгж хичээлээ. ХХI зуунд ч ингэнэ. Сүүлийн арван жил Монголын ДНБ тав дахин өссөн. Үүнээс ч том ирээдүйг бүтээх нөөц бололцоо бидэнд бий. Өнөөдөртөө хэрүүл шуугиантай байна. Угаасаа бур бур салхитай бурхан бумбын орон үлгэрт л гардаг. Хүр хүр шуургатай хүний орчлонд бол үнэнтэйгээ эвлэрч, “нэгийг авбал солио, хоёрыг авбал хожоо” гээд явах нь бидний туулах учиртай тавилан. Царай алдаад байгаа ч юм алга. Гэлээ гэхдээ ногдсон газар, заяагдсан байршил, өгөгдсөн “араамандаа жайжганахаас” биш өөр яахым. Тэнд очиж тэрийг яриад, энд очихдоо энийг яриад явах нь Монголы геополитик шүү дээ. Владивостокоос бол монголчууд санаснаа хийчээд л ирцгээлээ. Ер нь бол бүх юм цаг хугацаатай. Дайн ч тэр. Харин Монголын хөршүүд үүрийн цолмон, үдшийн гялаан шиг хоёр шиг өглөө оройдоо заавал харагдаж байх нь биднээс даанч үл хамаарах. Тэгвэл Монгол дунд нь алтан гадас шиг гялалзаад оршиж байх нь бидний тэсвэр, ухаан, хүлээц биз дээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна