
Канадын түүхч Маргарет Макмилланы “Current”, “New York Times”-т хэвлүүлсэн нийтлэлийг товчлон орчуулж гол утга санааг хөрвүүлж дор буулгая. Манай улс ч дэлхийн нийтийн эд эс учир манайд шууд хамаатай санаа оноо, дүгнэлт олон байгааг нийт монголчууд, улс төрчид, бодлого боловсруулж хэрэгжүүлэгчид анхааралдаа авна хэмээн найдна.
Хөрвүүлэгч Мягмаржавын Баяр (АНУ, Ричмонд хот)
Редактор судлаач-профессор Дашдоржийн Баярхүү
1945 оноос хойш АНУ оройлсон дэлхийн дэг суларч байна. НҮБ, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагууд ажиллаж, олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг мөрдсөөр ирсэн ч тэдгээрийн нэр хүнд, нөлөө буурчээ. АНУ-Хятадын өрсөлдөөн ширүүсч, Орос-Украины дайн дэгдсэн, АНУ урьд нь өөрөө дэлхийн дэг, холбоотнуудынхаа гол тулгуур нь байсан бол одоо АНУ-ын бодлогыг таахад хэцүү болж, Канад зэрэг хамгийн ойрын холбоотноо өөрөөсөө түлхэж байна.
Өнөөгийн энэ олон хямралыг тус тусдаа түр зуурынх гэж ойлгож андуурч болохгүй. Яагаад гэвэл хуучин тогтолцоо бүхэлдээ задарч байгаагийн шинж юм. Альбер Камюгийн “Тахал” романтай өнөөгийн дэлхийг зүйрлэмээр ч юм шиг. Хотын гудамжинд үхсэн харх хөглөрч эхлэхэд хүмүүс аюулын дохио гэж ойлголгүй, янз бүрээр тайлбарлан өнгөрөөдөг дөө, тэр романд. Гэтэл тэр нь удахгүй дэгдэх тахлын эхний шинж тэмдэг болж таардаг. Өнөөгийн энэ дайнууд, холбоотны харилцаанд гарч буй зөрчил, магадгүй задрал, олон улсын дүрэм журам зөрчигдөж байгаа нь тийм “үхсэн хархнууд” байж болзошгүйг анхааруулсаар байна. Өнөөдөр бидний эргэн тойронд “үхсэн хархнууд” хаа сайгүй байна.
2026 оны зун агаарын температурын дээд үзүүлэлт удаа дараа шинэчлэгдлээ, дэлхий ган гачигт нэрвэгдэж, ой хээрийн түймэр газар авлаа. Хөгжингүй орнуудын өрийн хэмжээ түүхэн дээд түвшиндээ ойртож байна. Ялангуяа АНУ эмнэлгийн болон хүнсний тэтгэлгээнүүдээ танасан нь урьдчилан сэргийлж болох байсан олон хүнийг үхэлд хүргэж, өвчин тархахад нөлөөллөө. Энэ олон өвчний аль нэг нь эрт орой хэзээ нэгэн цагт шинэ цар тахал руу хүргэж болзошгүй. Хиймэл оюун гэдэг нь ямар нэгэн зөв зохицуулалтгүйгээр маш хурдацтай хөгжсөөр байна. Ингэснээр ажлын байр, мөн аюулгүй байдалд мааньзаналхийлж байгаа ба хамгийн бараан таамгаар бол хүн төрөлхтний оршин тогтнолд аюул учруулж ч мэднэ.
Одоо байгаа дэлхийн дэгээ өөрчлөхийг хүсдэг гүрнүүд дүрэм журам, тогтсон хэм хэмжээг ямар ч шийтгэлгүйгээр зөрчиж байна. Сонгогчид уур бухимдалтай, үзэл бодол нь тогтворгүй болсон. Итгэлцэл, харилцан ойлголцол бий болгодог удаан, нягт нямбай, зайлшгүй, нууцлаг шинжтэй уламжлалт дипломат ажиллагааг тайзан дээр жүжиглэж байгаа мэт дээрэнгүй, бүдүүлэг арга барил орлох болжээ. Ийм арга барил нь TikTok руу донтож, анхаарлаа удаан төвлөрүүлж чаддаггүй хүмүүст, эсвэл хүүхдийн тоглоомын талбайд илүү тохирохоор харагдана.
Уппсалагийн мөргөлдөөний судалгааны хөтөлбөрт (энэ нь Шведийн Уппсала их сургуулийн судалгааны төсөл) өнгөрсөн 2025 онд улс орнууд оролцсон 65 зэвсэгт мөргөлдөөн бүртгэгдсэн нь 1946 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт байв. Их гүрнүүд өөрсдөө шинэ технологи чадварлаг ашиглаж буй орнуудтай хүчний тэгш бус дайнд татагдсан оролцсон нь харагдаж байна. Хэдхэн хоногийн дотор ялна гэж төлөвлөсөн Оросын дайн Украинд тав дахь жилдээ үргэлжилж байна. Хямд үнэтэй, олноор үйлдвэрлэсэн дронуудаараа Иран нь Америкийн цэрэг болон холбоотнууд руу нь довтолж, дэлхийн худалдааны амин чухал гарцын хяналтыг магадгүй бүрмөсөн гартаа авсан байх магадлалтай. Иранаас болж АНУ-ын пуужингийн нөөц багасан, Ерөнхийлөгч Д.Трамп өөрөөөөрийнхөө сонгож эхлүүлсэн дайндаа ороогдчихоод байж байна.
Дэлхийн дайн зайлшгүй дэгдэх албагүй. Гэвч асар их зэвсэгтэй том гүрнүүдийн хооронд сүйрлийн хэмжээний мөргөлдөөн дэгдэх аюул сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр ойртжээ. Камюгийн зохиолд (Альберт Камус-Алжирт төрсөн зохиолч, философич) бичсэнчлэн Оран хотын (Алжирын далайн эргийн хот) иргэдийн нэгэн адил бид дэлхий ямар их өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрөхөөс ойлгомжтой шалтгаанаар зайлсхийцгээсээр байна. Асуудал ярвигтай, ээдрээтэй, залхмаар учраас нүүр буруулах нь илүү амархан. Тиймээс түймэр дүрэлзэж байхад бид далайн эрэг дээр амарч, нохойгоо хэрхэн сургах, захидлаа яаж бичихийг хиймэл оюунаас асууж, өөрсдийнхөө өмнөөс сэтгүүлжбайна. Энэ олон дайн дуусч, тогтоон баригч хашлага, олон улсын байгууллага, эвслүүд дахин сэргэж, бидний мэддэг дэлхий эргэж хэвэндээ орж, цаашид оршин тогтноно гэжбид найдсаар байна.
Гэвч бодит байдал шинэчлэгдэн гайхмаар хурдтайгаар хэдийнээ буй болжээ. Бидний амьдралын ихэнхи хугацаанд дэлхийг тогтоон барьж байсан тэр дэг журамдаа дотор нь амьдарч байсан хүмүүс бид хэт тайвширч, хэнэггүй болсноос болж тэр дэг элэгдэн задарч эхэлжээ. Муу үйлдлийг хэт удаан тэвчиж, бүр сайшаан зөвшөөрч байснаас ч үүдэлтэй болов уу. Бид эмх замбараагүй байдлын шинэ үед иржээ. Юуны өмнө өнөөгийн нөхцөл байдал ямар ноцтойг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, хэврэг тогтолцоо маань ганхаж байгааг ойлгон бэлтгэлээ хангах ёстой. Улс орнууд сайн муу янз бүрийн хэлбэрээр шинэ нөхцөлд хэдийнээ зохицож эхэлснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Цаашдын аливаа хамтын ажиллагаа маань өмнөхөөс өөр хэлбэртэй байх болно. Өөрсдийгөө өөрчлөхөөс татгалзвал юу болдог вэ, юу болох вэ? Нурж буй тогтолцоо хуучнаараа үргэлжилж чадна гэж зүтгэн, шинэ нөхцөлд дасан зохицохоос татгалзсан хүмүүст юу тохиолддог вэ? Үүнийг ойлгохын тулд бодитой тохиосон гурван хувьсгал болон тохиох шахсан нэг хувьсгалыг түүхээс жишээлэн авч үзье.
Францын хувьсгалын өмнөхөн Европын хуурай газрын хамгийн хүчирхэг гүрэн нь Франц байсан ч дараа нь дампуурсан. Үүний гол шалтгаан нь Америкийн хувьсгалын үеэр британичуудыг ялахын тулд асар их хэмжээний мөнгө зээлсэн явдал байв. Үрэлгэн, авилгалд идэгдсэн эрх баригч дээд давхарга нь замаа алдсэн байв. Харин нөгөө талд нь улс төрийн эрх мэдлээс гадуурхагдсан, өсөн нэмэгдэж буй дундаж давхарга өөрчлөлтийг шаардаж байв. Нийгмийн доод хэсэгт ажилчид, тариачид өлсгөлөнд нэрвэгдэн, улам цөхөрсөн байв. Хүний эрхийг хангах, эрх мэдлийн тодорхой хэсгийг ард түмэнд олгох тийм засаглалын шинэ хэлбэрийн тухай “Соён гэгээрэл”-ийн хүчирхэг шинэ үзэл санаа түгэндэлгэрч, зарим үзэл нь Америкийн хувьсгалаас Францад халдварлаж байв. Францын хаад, хааны ордныхон ард түмний дургүйцэл ямар гүнзгий болсныг ойлгоогүй. Тэдний онцгой эрх дархтай байр суурийг юу ч ганхуулж чадахгүй гэж боджээ. Гэвч тэд том эндүүрчээ. Хаант засгийг түлхэн унагаж, эмх замбараагүй, хүчирхийлэл дагуулсан шинэ Бүгд найрамдах улс мэндлэв. Үүнээс хойш 10 жил ч өнгөрөөгүй байхад Наполеон эзэн хаан болж тодорчээ.
Хувьсгалт өөрчлөлтөд тохирох цорын ганц үнэмлэхүй загвар гэж ертөнцөд байхгүй. Гэхдээ эрх баригч тогтолцооны оройд суугаа хүмүүс өөрсдийнх нь тэр дэглэм ямар хэврэг болсныг ихэнхдээ таньж мэдэж чаддаггүй. 1917 оны Оросын хувьсгал байна. Энэ хувьсгал өндөр үнээр олдсон нь ялалтын бус, харин гадаад дайнд ялагдсаны шууд үр дагавар байв. Гэвч II Николай хаан бодит байдал, нөхцлийг ойлгоогүй. Харин ч эсрэгээрээ Оросын ард түмэн өөрийг нь хайрласаар байгаа учраас ямар ч шинэчлэл хийх шаардлагагүй гэж зүтгэсээр дууссан.
1930-аад оны Германд Гитлерийг эрх баригч дээд давхаргынхан өөрсдөө засгийн эрхэнд урьж залсан шүү дээ. Тэд Гитлерийг зорилгодоо ашиглаж чадна, одоо байгаа тогтолцоо нь Гитлерийг хязгаарлан барихад хангалттай хүчтэй гэж том эндүүрчээ. Дурдсан гурван хувьсгал тус бүртээ олон улсын хэмжээнд асар гүнзгий үр дагавар авчирсан. Наполеон нь Францыг Европ тивд давамгайлах хэмжээнд хүргэж, хаад төр барих тэнгэрээс заяасан эрхтэй гэх мэт хуучны тогтолцоо, үзэл санааг нураасан. Орост төрийн эрхийг авсан большевикууд хувьсгалт интернационализмыг сурталчлан дэвэргэж, дэлхий даяар капитализмын эсрэг, ардчилсан улсуудын эсрэг тэмцэл өрнүүлсэн. Гитлер Германыг дахин зэвсэглэж, Европын ихэнхи хэсгийг эзлэн түрэмгийлж, “Ари үндэстний ноёрхол”-ын нэрээр сая сая жүүд болон өөр олон сая хүнардыг санаатайгаар хөнөөсөн. Хувьсгалын үр дүн нь энэ.
Гэхдээ заримдаа улс орон, удирдагчид аюулын шинж тэмдгийг цаг тухайд нь зөв уншиж, олж харж чаддаг юм. 1820-иод онд аж үйлдвэрийн хувьсгалаар шинээр буй болсон ч улс төрийн шийдвэр гаргалтаас хасагдсан Их Британийн дундаж давхарга Засгийн газартаа хүчтэй шахалт үзүүлж чадсан. Францад тохиосон сүйрлийг анхааралтай ажигласан Британийн эрх баригчид оршин тогтнохын тулд өөрчлөгдөх шаардлагатайг ойлгосон. 1832 оны “Их шинэчлэлийн хууль”-иа батласан нь хуримтлагдсан дарамтаа суллах хавхлага болж, сонгуулийн эрхийг хангалттай хэмжээнд өргөжүүлснээр илүү өргөн хүрээтэй хямралаас зайлсхийж чадсан. Өнөө үетэй адил тал нь юу вэ гэвэл танихад тун амархан. Уурлаж бухимдсан ард түмэнбайна. Сонгогдоогүй атлаа асар их хөрөнгө, бас Засгийн газрыг хүссэнээрээ хөдөлгөх нөлөөтэй дээд давхаргынханбайна. Нийтийн зөвшилцөл бий болгохоос, бусдын зөвлөгөөг сонсохоос татгалздаг удирдагчид байна.
2026 нэгдүгээр сар. Ноён Д.Трампаас түүний эрх мэдэлд ямар хязгаар байдаг талаар асуухад “Миний өөрийн ёс суртахуун” гэж хариулсан байдаг. XIV Людовик хаан өөрийнхөө “la gloire” буюу хувийн алдар суугийнхаа төлөө дайн хийснээр Франц орноо асар ихээр сулруулсан түүх буй. Анхааруулах шинж тэмдэг ярайтлаа байсаар атал зориуд үл тоомсорлон, тэр түүх өнөөгийн энэ цаг үед ямар ч хамаагүй хэмээн үздэг хүмүүс хүсээгүй үйл явдал өөрсдөд нь гэнэт тохиолдоход гайхаж цочирдсон байдалтай хоцорч мэднэ. Олон улсын дэг ямагт их гүрнүүдийн дэмжлэг болон олон жижиг улс орнуудын хамтын ажиллагаа, зөвшилцөл, зөвшөөрөлд тулгуурлаж ирсэн байдгийг мартаж болохгүй.

“Хүйтэн дайн” дуусч, Зөвлөлт Холбоот Улс өөрөө задран унасны дараа АНУ нь 1945 оноос хойшхи энэ тогтолцооны батлан хамгаалагчийн үүргээ үргэлжлүүлэхэд бэлэн мэт харагдаж байлаа. Харин ноён Д.Трампын үед байдал тийм байхаа больжээ. Өөр Ерөнхийлөгчийн үед АНУ дахин давамгайлагч гүрний байр сууриа сэргээж болох л юм. Олон улсын байгууллага, тогтсон хэм хэмжээг дэмждэг; сайн, найдвартай холбоотон нь; дарангуйлагчдыг хатуу эсэргүүцэгч болж АНУ хөдлөж магадгүй. Тэгвэл дэлхийдахин 1945 оноос хойш, ядаж зарим нэг хүний өнцгөөс явж ирсэн шигээ харьцангуй тайван үргэлжилж болох юм. Хятад, Энэтхэгийг багтаасан их гүрнүүд хоорондоо зөрчилтэй ч зэрэгцэн оршиж, “Олон улсын хамтын нийгэмлэг” маань ядуурал, шударга бус байдал, мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтийг арилгах ажилдаа дахин хүч тавьж болох юм. Гэхдээ өөр хувилбар байвал яах вэ? Хэрэв бид удаан үргэлжлэх эмх замбараагүй үеийнхээ эхэнд аль хэдийн орчихсон бол яах вэ?
Өчигдөр үнэн байсан зүйл маргааш ч үнэн хэвээр байна гэж найдах боломжгүй, бат бөх мэт харагдсан олон улсын байгууллагууд оршин тогтносоор байна гэдэгт итгэх аргагүй тийм дэлхий ирж байж мэдэх юм. Тэгвэл бид өдөр бүрийн мэдээгээр үзүүлж буй үйл явдалд гайхахаа больж мэднэ. Балба, Түвдийг гэнэт нөмөрсөн үер шиг байгалийн гэнэтийн гамшиг тохиолдоход хэн туслахаар ирэх нь тодорхойгүй байна. Бид мөрөө хавчаад, өөрсдийн амьдралаа хөөгөөд өнгөрөх үү? Зарим их гүрнүүдийг татан оролцуулах аюултай олон мөргөлдөөн дэгдлээ гэхэд зохицуулах тодорхой зуучлагч ч олдохгүй байж мэдэхээр болж байна.
НАТО зэрэг холбоотны найдвартай тогтолцоо дахин дахин сорилттой тулгарч, бүр задарч ч болзошгүй юм. Европын эсрэг Оросын явуулж буй холимог гибрид дайн өргөжиж байна. Хятад, АНУ хоёр Тайванийн асуудлаар мөргөлдөж ч мэднэ. Улам халж, хуурайшиж буй энэ дэлхийд байгалийн нөөц баялгийн төлөөх өрсөлдөөн хүчирхийллийг аль хэдийнээ өдөөгөөд эхэлсэн. Энэ бол урьдчилан таамаглахын аргагүй эрсдэл улам олширсны илрэл юм. Ийм л дэлхийхарагдаж байна. Гадаад дүрэм, тогтолцоонд өмнөхөөсөө бага баригддаг, нөхцөл бүрт нь бодлогоо дур мэдэн зохиодог тийм лидерүүдийн ааш авираас болж бид төсөөлж байснаасаа хавьгүй их хамааралтай болж байна. Ийм нөхцөлд шийдвэр гаргагч эрх баригчдаа урьд урьдынхаас илүү ухаалаг сонгох ёстой. Харамсалтай нь сонгогчид яг одоо тэгэх сонирхол багатай мэт харагдаж байна. Энэ бол яах аргагүй бидний дээр хуримтлагдсан хар бараан үүлс мөн.
Гэхдээ хуучин тогтолцоо төгсгөл болж байгаа гэлээ гээд улс орнуудын хамтын ажиллагаа дуусна гэсэн үг биш л дээ. Үр ашигтай, зөв дэлхийн дэг бүрдүүлэх олон зүйл бидний гартодоо ч байна. Иргэний агаарын тээврээс эхлээд интернэт хүртэл улс орнуудын хоорондын хэлхээ холбоог зохицуулдаг, ихэвчлэн нүдэнд үл үзэгдэх олон улсынинституцын өргөн сүлжээ оршсоор байна. Олон улсын гэрээ хэлэлцээрүүдээ ерөнхийдөө одоо ч мөрдөж байна. Олон улсын хууль дүрэм мөрдүүлнэ, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хамгаална гэдэг амаргүй ч зөрчих аваас бидний олонхи нь эсэргүүцсэн хэвээрээ байна. “Олон улсын олон нийтийн санаа бодол” өөрөө оршин цагт удирдагчиддаа бидшахалт үзүүлж чадна. НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк зэрэг хуучирч буй тогтолцооны олон байгууллага хөрөнгө мөнгө, ач холбогдлоо алдаж байгаа ч оршин тогтносоор байна.
АНУ-тай хийсэн худалдааны хэлэлцээ нь мухардалд орохоос хэдэн сарын өмнө Канадын Ерөнхий сайд Марк Карни дунд гүрнүүдийн хамтын ажиллагааны тухай Швейцарийн Давост олны анхаарал татсан илтгэл тавьсан. “Pax Americana” буюу Америкийн манлайлалд тулгуурласан энх тайвны үе дууссаныг “Худал хуурмагаар дүүрсэн таатай төсөөлөл”-ийнх нь төгсгөл хэмээн тодорхойлсон. Гэхдээ бусад улс орнууд үүний эсрэг арга хэмжээ авч чадна гэж тэрбас хэлсэн. Ялангуяа ижил үнэт зүйлтэй, ижил зорилготой орнууд эвсэн нэгдэж чадвал боломжтой. “Өгөөмөр, сайн санаат их гүрэн”-ий үүргээсээ АНУ татгалзсанаас үүсдэлтэй сул орон зайг нөхөхийн тулд Канад, Австрали, Япон зэрэг хэд хэдэн дунд гүрэн хамтран ажиллаж чадна гэж уриалсныг анзаарууштай.
Хуучинтайгаа зууралдах аюул байна, тиймүүдэд нь өөрчлөлт хийх хэцүү. Гэхдээ хуучин арга барилтайгаа зууралдах нь явж явж аюултай төөрөгдөл рүү хүргэнэ. 1914 оны зуны түүх. Их Британийн Гадаад хэргийн сайд Эдвард Грей болон Британи, Европ даяархи эрх мэдэлтнүүд яасан бэ гэхлээр Балканы хойгийн ээлжит хямралыг өмнөх хямралуудын нэг адил их гүрнүүдийн бага хурлаар зохицуулна гэж бодсон. Европ тив дайн руу ямар хурдтай шилжиж байгааг Э.Грей тэр үед ойлгоогүй. Сөргөлдөгч талуудыг нэг ширээнд суулгахын тулд Британийн их гүрний нөлөөг цаг тухайд нь ашиглаж чадаагүй. Дэлхийн нэгдүгээр дайн Европ болон дэлхий ертөнцийг эргэж буцалтгүйгээрөөрчилсөн. 1945 он хүртэл Их Британи, Зөвлөлт Холбоот Улс, АНУ болон тэдний холбоотнууд ердөө 30-хан жилийн дотор хоёр аймшигт дэлхийн дайныг туулсан. Тэд олон улсын шинэ дэг тогтоох бүтэц төлөвшүүлэхдээ юуг дахин давтуулахгүй байхыг хүсч байгаагаа маш сайн ойлгож байсан ба өмнөх тогтолцоонууд бүтэлгүйтсэн учраас тэд дахин бүтэлгүйтэхгүй шинэ тогтолцоо байгуулахаар шийдсэн. Тэр тогтолцоо нь өнөө хүрсэн.
“Бүх зүйл аяндаа сайхан болно” гэж өөдрөгөөр итгэдэг Панглоссын зам (доктор Панглосс бол францын зохиолч Вольтерийн “Кандит” зохиолын дүр) бол мухардал юм. Гэхдээ энэ нь бид урьд өмнө олон удаа хийж байсан шигээ, шинэ зүйл байгуулах хүнд хэцүү үйл явцыг дахин эхлүүлж чадахгүй гэсэн үг биш. Цаашид юу болж таарах вэ? Минийхэлэх гэсэн хамгийн чухал зүйл юу вэ гэвэл:
- Дэлхийн III дайн заавал дэгдэнэ гэж хэлэхгүй.
- Харин жижиг, бүс нутгийн болон иргэний дайн олширно.
- Том гүрнүүд бусдын мөргөлдөөнд оролцож, байгалийн баялаг ба нөлөөний төлөө өрсөлдөнө.
- Олон улсын дүрэм журам зөрчсөн улсууд шийтгэлгүй үлдэх тусам бусад улс мөн адил үйлдэж эхэлнэ.
- Жижиг, дунд улсууд их гүрнүүдийн сайхан сэтгэл, хамгаалалтад найдах боломжгүй болно.
- Хуучин хэвийн байдал өөрөө аяндаа буцаад ирнэ гэж тайвширч бүр ч болохгүй.
- Гэхдээ айж сандран, дайн зайлшгүй гэж түгших хэрэггүй.
- Ирээдүй маань хүмүүс бидний гаргах шийдвэрээс л хамаарна.
Төгсгөлд нь хөрвүүлэгч ба редакторын санал дүгнэлт.
Монгол шиг жижиг улсын хувьд энэ нийтлэлийн утга санаа нэн чухал, бүр чухал. Зөвхөн нэг том гүрнээс хамааралгүй байх, олон талын харилцаатай байхыг чухалчлах хэрэгтэй. Аль болох олон улс оронтой бүгдтэй нь харилцаатай байх нь зөв. Иймд энх тайванч, олон тулгуурт, идэвхтэй, нээлттэй, прагматик гадаад бодлогоо тууштай явуулна. Үүний зэрэгцээ улс орныхоо хөгжлийн үндсэн чиг баримжаа, тусгаар тогтнол, дотоодын эв нэгдлийг алдахгүй байх, ямагт бэхжүүлж байх шаардлагатай гэсэн сургамжийг канадын нэртэй түүхч бидэнд мэдрүүлж ойлгуулсан бус уу?


Сэтгэгдэл байхгүй байна