БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 7-10-ны хооронд Москва хотноо айлчилж, Оросын Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм. Энэ үеэр хоёр орны төрийн тэргүүн нар бүс нутгийн болон олон улсын асуудлаар ярилцаж, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ням гаригт (2025.05.04) мэдэгдсэн юм. Тодруулбал, "Энэхүү айлчлал нь хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, стратегийн зохицуулалтад шинэ агуулгыг нэмж, олон салбарт хамтын ажиллагааг ахиулна гэдэгт бид итгэж байна" гэжээ. Мөн уг айлчлал нь Хятад, Оросын ард түмэнд ашиг тус авчирч, олон улсын хамтын нийгэмлэгт тогтвортой байдал, эерэг чиг баримжааг бий болгоно гэж хэвлэлийн төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.
Хятад болон Оросын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэхүү айлчлал нь барууны орнууд нэг талт үзлийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх гэж хичээж байх өнөө цагт болох гэж буй нь хоёр орны хатуу байр суурийг илэрхийлэх аж.
Тухайлбал, Орос, Хятадын олон талт үзлийг дэмжиж буйг илэрхийлэх төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт харуулах зорилготой бололтой. Ши Жиньпин 2013 оноос хойш 11 дэх удаагаа Орос улсад айлчлах гэж байна. Мөн хугацаанд Путинтэй 40 гаруй удаа уулзжээ. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Орос судлалын эрдэм шинжилгээний ажилтан Ли Юнхуй хэлэхдээ, Ши Жиньпины айлчлал нь 2019 онд байгуулагдсан Хятад, Оросын шинэ эрин зууны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг бэхжүүлэхэд туслах юм. Мөн хоёр орны удирдагчид ойр ойрхон уулзаж, харилцаагаа хадгалж байгаа нь олон улсын нөхцөл байдал, дэлхийн засаглалын асуудлаар байр сууриа солилцох боломжийг олгодог гэж Ли онцлов.
Тухайн хоёр орны хамтын ажиллагаа автомашин, цахилгаан механик, хөдөө аж ахуйн салбарт тэргүүлж буй.
2023 онд Хятад, Оросын худалдааны хэмжээ 240 тэрбум ам.доллар давсан нь тооцооллыг давсан үзүүлэлт байв. Хятад улс 14 жил дараалан Оросын хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгалсаар байгаа юм. Харин Орос улсын хувьд Хятадын найм дахь том түнш нь болтлоо худалдааны салбарт хамтран ажиллажээ. Хоёр орны удирдагчид энэ удаад эдийн засгийн хамтын ажиллагааны талаар гол төлөв хэлэлцэнэ гэж Оросын РУДН их сургуулийн дэд профессор Олег Тимофеев үзэж байна. Тэрбээр хэлэхдээ,"Сүүлийн хоёр жилийн хугацаанд Москва, Бээжингийн эрх баригчид хамтарч хоёр талын худалдааны тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлж чадсан. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаанд мэдэгдэхүйц нөөц бололцоо бий" гэсэн байна.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээний үеэр Ши Жиньпин болон Путин нар дайнд амь үрэгдсэн баатар эрсээ дурсаж, ялалтын үр дүн болон дайны дараах олон улсын дэг журмыг хамгаалж, шударга ёсыг баримтална гэж тохиролцсон аж.
Түүнчлэн энэ жил НҮБ үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож буй. Тиймээс Хятад Орос хоёр орон НҮБ болон бусад олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хамтын ажиллагаагаа бэхжүүлж буйгаа харуулах болно. Мөн дэлхийн засаглалыг зөв чиглэлд нь оруулахын тулд өмнөд бүс нутгийн улс орнуудыг нэгтгэж, хамтран болно гэж онцлон тэмдэглэсэн байна.
Россия-1 телевизийн сувгаар Ням гаригт гарсан баримтат кинонд Орос Хятадын найдвартай, тогтвортой харилцаа нь дэлхийн тогтвортой байдлыг бэхжүүлж байна гэж Путин хэлж буй хэсэг гарчээ.
Тэрбээр мөн 25 жилийн өмнө ерөнхийлөгч болж байхад олон улсын эдийн засгийн өсөлт Ази-Номхон далайн бүсэд төвлөрөх шинж ашиглагдсан гэж дурдсан байна. Үүний хүрээнд Хятадтай харилцаагаа хөгжүүлэх нь найдвартай, тогтвортой байдлыг бий болгож, стратегийн түншлэлийг тогтооно гэж Путин үзсэн бололтой. Ланжоугийн их сургуулийн Төв Ази судлалын хүрээлэнгийн дэд профессор Сун Шивэн "Global Times" сонинд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд барууны зарим хууль тогтоогчид фашизмын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд Хятад, Оросын оруулсан чухал хувь нэмрийг үл тоомсорлож, гуйвуулахыг хичээж байна гэв. Энэхүү өвөрмөц цаг үед хоёр орны удирдагчид уулзаж буй нь фашизмын эсрэг тэмцлийн үр дүнд олж авсан энх тайвныг хамгаалахын төлөө нэгдмэл байр суурьтай байгааг харуулж байна гэж тэрбээр үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: GLOBAL TIMES, CHINA DAILY
Сэтгэгдэл байхгүй байна