УДБЭТ-ын уран бүтээлчид тавдугаар сарын ээлжит үзвэрээрээ Төрийн шагналт Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг олны хүртээл болгох гэж байна.
Энэ сарын 17, 18-нд тоглох 100 минутын гурван бүлэг, зургаан үзэгдэлт дуурийг УДБЭТ-ын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир анх удаа удирдахаар болжээ. Уг дуурийг их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэг, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолыг бичиж, Төрийн шагналт Х.Билэгжаргал хөгжмийг нь зохиосон юм. Тус дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан тавьж, анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон түүхтэй.
XIX зууны Монголын бодит амьдралаас сэдэвлэн зохиосон энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд театрын тайзнаа тоглож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм. Үйл явдлыг сийрүүлбэл Гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо ил болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд уйлан үлдэнэ.
“Ламбугайн нулимс”-ыг үндэсний дуурийн урын санд дэлхийн сонгодог дууриудтай эн зэрэгцэн бичигдсэн цорын ганц Монголын бүтээл гэж үнэлдэг билээ. УДБЭТ-ынхан 2011 онд театрын 48 жилийн ойд зориулан шинэ тайз засалт, хувцас гоёлтойгоор шинэчлэн тайзнаа тоглосон юм.
Сэтгэгдэл байхгүй байна