Ердөө л хэдхэн хоногийн өмнө түймэрт шатаж, унтраах хүн олдохгүй шахам байсан газарт хувийн компанийн эзэмшил рүү сумын Засаг дарга нь тушаал өгөн төрийн цагдаагаа дайруулж, хашааг нь нураагаад өчигдөрхөн сумын даргын онцгой дэмжлэгээр морь уралдуулж цэнгүүлж байна итгэх үү?
Болсон явдлыг тоочвол тавдугаар сарын 2-нд Сэлэнгэ аймагт гарсан түймэр Хушаат сум руу давж гаран дийлдэхээ байлаа гэж Онцгой байдлын албаныхан, улс орон даяараа сандралдаж, сайн дурынхан өөрсдийнхөө унаагаар түймэр унтраахаар хотоос хүртэл зорьж очиж байхад тавдугаар сарын 3-нд Хушаат сумын Засаг дарга Н.Захирахбаатарын тушаалаар сумын төрийн албатууд нь цагдаагаа дагуулан “Монгол Ангус” компанийн хашааг нураах дажин өрнүүлсэн байх юм. Удахгүй хаврын тариалалт болох гээд талбайгаа бэлтгэж байгаагаа учирлахад Засаг даргын орлогч н.Ганзориг “Засаг даргын тушаал...” гэсэн тайлбар өгсөн.
Гэтэл ердөө өчигдөр буюу тавдугаар сарын 5-нд ой хээрийн аюулт түймрийн утаа сарниж амжаагүй шахам байхад яг энэ хашаа буулгах маргаан дэгдсэн газарт Хушаат сумынхан морь уралдуулж, арав гаруй том машин дагаж давхиж, цэнгэсэн байна. Нутгийнхны мэдээлэл, зураг бичлэгээс үзвэл найман морь уралдаж, арав гаруй машин дагалдаж давхиж сүйд болж. Юуун түймэр, юуун газар тариалан, юуун хувийн өмч...?
Арай ч сумын Засаг дарга, орлогч дарга тэргүүтэн тэнд давхилдаж яваагүй л болов уу гэж найдахын зэрэгцээ эх орон нь газар нутаг нь түймэрт шатчихаад байхад морь уралдуулах тав тухыг хангахын тулд тариалангийн талбай руу дайрч, тэр тусмаа хувийн хэвшлийн хашааг төрийн цагдаагаар далайлган нурааж, найрлан цэнгэнэ гэдэг арай ч байж боломгүй юм шиг.
Ноён Засаг дарга Н.Захирахбаатар хувийн эзэмшлийн хууль журам, зохицуулалтын мэддэг баймаар. Ноён Засаг дарга морь уралдуулахаас илүү хаврын тариалалт чухал гэдгийг мэддэг баймаар. Хамгийн гол нь газар нутаг нь түймэр шатаж байхад хувийн хашаа руу дайрч, дажин дэгдээж байх зав, зориг, ичих нүүр байна гэдэг үнэхээр гайхмаар.
Дашрамд сануулахад “Монгол ангус”-ын хашааг нураах дажин 2021 оноос эхтэй модон хашаа барихаар нураагаад хаячихдаг, дахиад бетоноор барихаар дахиад нураачихдаг түүх давтагдаж байгаа. Гэвчиг ийнхүү газар тариалан руугаа дайрч, хашааг нь нураадаг дажин ердөө л морь уралдуулах, бүр нарийндаа бол морь дагаж машинаар давхиж цэнгэх хэдхэн хүний таашаалыг хангах л зорилготой байж. Арай л өчүүхэн шунал хүсэл үү?
Гэтэл хажууханд нь сумынхан нутаг түймэрт шатаж байдаг? Хушаатынхаан хашаа буулгаж, морь уралдуулдаг Засаг даргаасаа ичиж байгаа байлгүй дээ. Түймэр дэгдэж байхад тариалангийн талбай руу, хашаа руу нь дайрч байдаг Засаг дарга даа хэл л дээ, нутгийн чинь нэр арай л бузарлагдаж байгаа биш үү?
Эцэст нь түймэр дарагдаагүй шахам байхад тариалангийн талбайн хашаа руу цагдаа дайруулж, хаврын тариалалтдаа талбайгаа бэлтгэж байгаа тариаланчдыг төрийн төмөр нударгаар сүрдүүлэн бүлтэлзүүлж, хээв нэг морь уралдуулж \машин дагалдуулж, бараг машин уралдуулж\ байгаа Засаг даргаа Н.Захирахбаатарыг захирах төрийн захиргаа удирдлага гэж байна уу, Ерөнхий сайд, Аймгийн Засаг дарга, холбогдох албаныхааан?
Сэтгэгдэл байхгүй байна