ОТТАВА, 2025 оны зургаадугаар сарын 25. /ТАСС/. Олимп, дэлхийн аварга, Стэнлийн цомын эзэн Александр Могильный энэ онд Торонто хот дахь Хоккейн алдрын танхимд нэрээ мөнхөлнө.
Түүний нэрийг залах ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 8-10-нд болох ажээ. Могильныйн нэрийг тус танхимд залах тухай асуудал 2009 оноос хойш яригдаж байгаа юм.
Өдгөө 56 настай А.Могильный 1988 оны Олимпын аварга, 1989 оны дэлхийн аварга, 2000 оны Стэнлийн цомын эзэн юм. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн "Баффало", "Ванкувер", "Нью-Жерси", "Торонто" багуудад тоглохоосоо өмнө тэрбээр Москвагийн ЦСКА багийн бүрэлдэхүүнд ЗХУ-ын аваргаар гурван удаа шалгарч байжээ.
Өнгөрсөн онд Оросын довтлогч Павел Дацюк Алдрын танхимд заларсан бол түүнээс өмнө Орос, Зөвлөлтийн хоккейчид болох Владислав Третьяк (1989), Вячеслав Фетисов (2001), Валерий Харламов (2005), Игорь Ларионов (2008), Павел Буре (2012), Сергей Федоров (2015), Сергей Макаров (2016), Александр Якушев (2018), Сергей Зубов (2019) нарын нэрсийг тус танхимд мөнхөлжээ. Түүнчлэн 1974 онд Зөвлөлтийн дасгалжуулагч Анатолий Тарасов тус танхимд элссэн байна.
Алдрын танхимд нэрээ мөнхлөх хоккейчдын нэрсийг 18 хүнээс бүрдэх тусгай хороо тодруулдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь тоглогчид, шүүгчид, дасгалжуулагчид, менежерүүд, спортын тайлбарлагчид, багийн эзэд зэрэг хүмүүс багтдаг.
Энэ онд тус танхимд 2011 оны Стэнлийн цомын эзэн, “Бостон” багт тоглож байсан Словакийн хамгаалагч Здено Хара, Олимпын аварга, дэлхийн хошой аварга, Канадын довтлогч Жо Торнтон, Стэнлийн цомын тэмцээний гурван удаагийн аварга, Олимпын хошой аварга, Канадын хамгаалагч Данкан Кит, эмэгтэйчүүдээс Олимпын аварга, Канадын хоккейчин Женнифер Боттерил, Олимпын аварга, АНУ-ын хоккейчин Брианна Деккер нарын нэрсийг залах гэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна