• Эхлэл
  • Наадам үзэх хүсэлтэй 10 мянган жуулчны 2000-д нь тасалбар өгнө

Наадам үзэх хүсэлтэй 10 мянган жуулчны 2000-д нь тасалбар өгнө

2025/07/02

Монголд ирж байгаа гадаад жуулчдын ихэнх нь улсын баяр наадам үзэх хүсэлтэй байдаг бөгөөд одоогийн байдлаар Монголд ирэхээр захиалгаа баталгаажуулсан 10 мянган жуулчин байгаагаас энэ жил баяр наадмын нээлтийн 2000 тасалбар өгөхөөр болжээ. Энэ квот нь өнгөрсөн жилийнхээс 200-гаар бага байгаа юм. Баяр наадмын нээлт хаалтын арга хэмжээг оройн цагаар гадаад жуулчид үзэх боломжтой ч захиалга өгөхдөө албан ёсны хөтөлбөртөө төрийн ёслол хүндэтгэл, есөн хөлт цагаан туг залах ёслолыг үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг байна.

Европын орнуудаас ирж байгаа жуулчид наадам үзэхээр 1-2 жилийн өмнө урьдчилж захиалгаа баталгаажуулдаг бол Азийн орны жуулчид 2-3 сарын өмнө захиалгаа өгдөг гэдгийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлсэн.

Жуулчдын ихэнх нь улсын болон орон нутгийн баяр, наадмыг үзэх гэж зорин ирдэг бөгөөд жил бүрийн  баяр наадмын нээлтийн тасалбар аялал жуулчлалын компаниудад хязгаарлагдмал, зөвхөн наадам үзэхээр ирсэн жуулчид зорилгоо биелүүлж чадахгүй, сэтгэл дундуур буцах тохиолдол олон бий. Өнгөрсөн 2024 оны баяр наадмаар 2200 гадаад жуулчинд нээлтийн арга хэмжээг үзэх боломж олгосон. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 мянган суудлаас 5000 суудлыг гадаадын жуулчдад өгдөг байсан бол өнгөрсөн жил нийт суудлын тоо 12 мянга болж, жуулчдын суудал 2200 болж цөөрсөнд аялал жуулчлалын салбарынхан сэтгэл дундуур байгаагаа хэлж байсан юм.

МОНГОЛ УЛСАД БНСУ-ЫН ЖУУЛЧИД ОЛНООР ИРЖ БАЙНА

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 329,042 гадаад жуулчин иржээ. Энэ тоон үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 24 хувийн өсөлттэй байгааг салбарынхан мэдээлсэн юм. Энэ талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл ярихдаа "Анх удаа өнгөрсөн зургадугаар сард 87 мянган жуулчин хүлээн авчээ. Өдөрт дунджаар 2700-3500 орчим гадаад жуулчин Монгол Улсын хилээр орж ирж байна. Бид энэ тоон статистикийг Хил хамгаалах ерөнхий газраас өдөр бүр авдаг. Хил хамгаалах ерөнхий газар нь гадаад жуулчдын зорилгыг ангилж, Монгол Улсад байнгын оршин суух, албан хэргээр ирэх, суралцах гэсэн гурван төрлийн визний мэдүүлгээс бусдыг нь аялал жуулчлалын зорилгоор ирж байна гэж авч үздэг. Учир нь Монголд бизнес уулзалтад оролцсон ч гэсэн зочид буудалд байрлаж, үйлчилгээ авдаг. Тиймээс энэ тоо гадаад жуулчдын тоон дээр баттай ордог. Мөн хилийн боомтуудын мэдээллийг маш дэлгэрэнгүй авдаг. Өмнө нь бид долоо хоногт 12 нислэг авдаг байсан бол 2024 оноос эхлэн өдөрт 12-15 нислэг хүлээн авдаг болсон. Энэ бол гадаад жуулчдын тоог нотолж байгаа нэг үзүүлэлт.

Жишээлбэл, нэг өдөрт 1000 гаруй жуулчин Өмнөд Солонгос улсаас ирж байна.

Монгол Улс нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг учраас авто замын боомтоор жуулчид бас орж ирдэг бол БНСУ-ын жуулчид зөвхөн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын хилийн бүсээр орж ирдэг. Ойролцоогоор таван онгоц дүүрэн Өмнөд Солонгосын жуулчин Монголыг зорин ирж байна. Үүний дараагаар БНХАУ, ОХУ орж байга бол дараагаар нь Япон, АНУ, Герман, Франц, Австрали, Их Британи, Беларусь, Турк улсын жуулчид олноор ирэх хандлагатай байна. Энэ оны бүтцийг харахад, Монгол Улс зөвхөн Азийн орны жуулчин гэлтгүй Европын орнуудад маркетингийн үйл ажиллагаагаа жигд, идэвхтэй явуулсны үр дүн юм" гэдгийг онцолж байв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна