Өмнөд Хятадад болсон сургуулийн дээрэлхэлтийн хэрэгтэй холбоотой бичлэг цахим орчинд түгж, олон нийтийн бухимдлыг төрүүлэн Сычуань мужийн Жяньюү хотод хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал өрнөлөө. 14 настай охиныг бусад гурван охин зодож, албадан өвдөглүүлж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, нийтийн анхаарлыг татсан.
Цагдаагийн газраас мэдээлснээр, хэрэг үйлдсэн гурван охин нь бүгд насанд хүрээгүй (13, 14, 15 настай) бөгөөд хоёрыг нь “сургамжийн тусгай сургуульд” шилжсэн байна. Гэвч олон нийтийн зүгээс энэ шийтгэл хэт зөөлөн гэж үзсэн. Хохирогч охин удаан хугацаанд дээрэлхүүлж байсан гэх мэдээлэл, мөн түүний сонсголгүй эх нь эрх баригчдаас охиндоо илүү их шударга ёс шаардаж байсан нь асуудлыг улам хурцатгав.
Бичлэгт охин модон саваагаар зодуулж байхдаа “би цагдаад хандана” гэхэ, нэг нь “айхгүй байна”, нөгөө нь “цагдаагийн газар арваас дээш удаа очоод 20 минут ч болоогүй суллагддаг” гэж ярьжээ. Эдгээр үгс нь дээрэлхэлтийн эсрэг хуулийн сул дорой байдлыг хөндөж, олон нийтийн бухимдлыг өдөөсөн байна.
Наймдугаар сарын 4-нд Жяньюү хотын захиргааны байрын гадаа мянга гаруй хүн цугларч шөнийн дунд болтол жагссан талаар орон нутгийн худалдаачид мэдээлжээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд бороохой, цахилгаан бороохой ашиглаж, хүч хэрэглэсэн бичлэгүүд цахим орчинд гарсан бөгөөд хүмүүс усны сав шидэлж, заримыг нь гудамжнаас чирж байжээ. Гэхдээ нэрээ хэлэхээс олон иргэн татгалзаж байгаа нь цагдаагийнхан оршин суугчдад энэ талаар ярихгүй байхыг сануулсантай холбоотой ажээ.
BBC орон нутгийн Цагдаагийн газарт хандахад “гадаадын хэвлэл мэдээлэлд хязгаарлалттай” гэсэн хариулт өгчээ.
Мөн дэгсдүүлсэн худал мэдээлэл цацсан хоёр хүнийг “олон нийтийн эмх журмыг алдагдуулсан” шийтгэсэн байна. Тухайлбал, зодсон охидын ар гэрийнхнийг хуульч болон цагдаагийн дээд албан тушаалтнууд гэж худал мэдээлэл түгээсэ гэж цагдаа мэдэгдсэн. Тэдний эцэг эхийн хоёр нь ажилгүй, хоёр нь өөр мужид ажилладаг, хоёр нь борлуулагч, хүргэлтийн ажилтан гэж албаны эх сурвалж мэдээлэв.
Шанхайд ажилладаг нэг хуульч энэ хэрэг нь Хятадын хуулийн нэг зөрчлийг илчилж буйг дурдсан. “Хөнгөн бие махбодын гэмтэл учруулсан тохиолдолд оноодог шийтгэл хэт зөөлөн байдаг бөгөөд хохирогчийн сэтгэл зүйн хохирол огт үнэлэгдэхгүй байгаа нь эрхийн хамгаалалд тэнцвэргүй байдал үүсгэдэг” гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадад сурагчдын дээрэлхэлтийн асуудал эмзэг сэдэв болж, үүнтэй холбоотой үхэл, хүчирхийллийн хэрэг дахин дахин олны анхаарал татсаар байгаа. Тухайлбал, 2023 онд Хэбэй мужид хоёр өсвөр үеийнхэн ангийнхаа хүүхдийг хөнөөн, хүлэмжинд булсан хэргээр хорих ял авсан. Мөн энэ оны нэгдүгээр сард Шэньси мужийн Пүчэн хотод өсвөр насны хүү сургуулийнхаа дотуур байрнаас унаж нас барсан хэрэг гарч, олон нийтийн эсэргүүцлийг төрүүлж байв.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл байхгүй байна