
АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэлийн нийслэлд цохилт өгч, Н.Мадурог баривчлан авч явсны дараа уг ажиллагааны талаар дэлхийн улсуудын удирдагчид, улстөрчид байр суурь, үзэл бодлоо янз бүрээр илэрхийлжээ. Зарим нь эрс зэмлэн буруушааж, зарим нь сэтгэл түгшиж байгаа бол зарим нь илт дэмжиж байна.
Европын байр суурь
Цэргийн ажиллагаа болон Венесуэлийн удирдагч Мадурог баривчилсан талаарх байр сууриа Германы Канцлер Ф.Мерц өчигдөр илэрхийлсэн байна. “АНУ-ын үйлдэлд хууль эрхзүйн талаас үнэлэлт өгөх нь ярвигтай. Бид үүнд яарахгүй байна. Гол шалгуур бол олон улсын эрхзүй мөн. Одоо Венесуэлд улс төрийн тогтворгүй байдал үүсэх учиргүй. Хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газарт эрх мэдлийг эмх замбараатай байдлаар шилжүүлэх өгөх нь гол зорилт болж байна” гэж тэрбээр мэдэгдлээ. “Н.Мадуро улс орноо сүйрэлд хүргэсэн. Хамгийн сүүлд болсон сонгуулийг луйвардсан учраас манай улс болон бусад орнууд түүнийг ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөөгүй юм” гэж Канцлер хэлэв.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер хэлэхдээ “бид Мадурог легитим эрх мэдэлтэй ерөнхийлөгч гэж хэзээ ч зөвшөөрч байгаагүй” хэмээн мэдэгдлээ. Үүний сацуу Их Британи улс Венесуэлд явуулсан Америкийн цэргийн ажиллагаанд “ямар ч хэлбэрээр оролцоогүй” гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Мөн болсон явдлын талаар Ерөнхийлөгч Д.Трамптай ярилцаагүй гэдгээ дурдаад “нөхцөл байдалд улс төрийн дүгнэлт өгөхийн өмнө холбоотнуудтайгаа зөвлөлдөж, учир шалтгааныг тодруулах хэрэгтэй байна” гэлээ. Ойрын үед тэрбээр Америкийн талтай холбогдож, легитим эрх бүхий удирдагчид засгийн эрхийг тайван замаар шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдэв.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэхдээ, Венесуэл дэх шилжилтийн үе шат “тайван бөгөөд ардчилсан замаар явагдаж, ард түмний хүсэл зоригт нийцэх учиртай. 2024 онд сонгогдсон ерөнхийлөгч Эдмундо Гонсалес Уррутиа аль болох ойрын хугацаанд үүнийг хэрэгжүүлэх байх хэмээн бид үзэж байна” гэлээ. Өдгөө 74 настай дипломатч Урритиа хоёр жилийн өмнө болсон сонгуульд ялсан гэж Венесуэлийн сөрөг хүчнийхэн үзсээр байгаа юм.
Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч, Эстонийн дипломатч Кая Каллас Венесуэлтэй холбоотой үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандахыг АНУ-д уриаллаа. Тэрбээр АНУ-ын Төрийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярилцаж, асуудлыг хэлэлцсэн байна. “Н.Мадуро легитим эрх мэдэлгүй гэдгийг Европын Холбоо удаа дараа мэдэгдсээр ирсэн бөгөөд засгийн эрхийг тайван замаар шилжүүлэхийг дэмждэг. Ямар ч тохиолдолд олон улсын эрхзүйн зарчмууд, НҮБ-ын Дүрмийг сахин мөрдөх ёстой, бид хүлээцтэй байхыг уриалж байна” гэж Европын гадаад бодлогын байгууллагын тэргүүн Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.
Харин Испанийн Ерөнхий сайд Педро Санчес АНУ-ын явуулсан цэргийн ажиллагааг шүүмжилжээ. “Испани улс Мадурогийн дэглэмийг хүлээн зөвшөөрөөгүй, үүний сацуу олон улсын эрхзүйг зөрчиж, бүс нутгийг тодорхойгүй байдал, болзошгүй дайнд түлхэж буй хөндлөнгийн оролцоог ч мөн хүлээн зөвшөөрөхгүй” гэж зүүний үзэл баримтлалтай ерөнхий сайд тэрбээр Х нийгмийн сүлжээнд бичсэн байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский Киевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ “дарангуйлагчидтай хэрхэн харьцахыг АНУ харууллаа” гээд Орос болон В.Путиний нэрийг шууд дурдаагүй байна. Украины Гадаад харилцааны сайд А.Сибига хэлэхдээ “дарангуйлалгүй, дарлал боолчлолгүй, хүний эрхийн зөрчилгүй нийгэмд чөлөөтэй амьдрах гэсэн ард түмний эрхийг Украин улс тууштай хамгаалдаг. Харин Мадурогийн дэглэм энэ бүх зарчмыг зөрчсөөр ирсэн” гэжээ.
Израил бүрэн дэмжжээ
АНУ-ын гол холбоотон болох Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар Х нийгмийн сүлжээнд бичсэнийг үзвэл “чөлөөт ертөнцийн удирдагчийн хувиар ажилласан Д.Трампын удирдлага дор АНУ-ын явуулсан цэргийн ажиллагааг өндрөөр үнэлж байна. Энэхүү түүхэн мөчид Израил улс Мадурогийн дарангуйлалд зовж зүдэрч байсан эрх чөлөөнд дуртай Венесуэлийн ард түмнийг дэмжиж байна. Хар тамхины наймаа, терроризмыг толгойлж байсан дарангуйлагчийг түлхэн унагасанд бид баяр хүргэж, Венесуэл орон ардчилалд эргэн ирж, улс орнуудтай найрамдалт харилцаа тогтооно гэдэг итгэлтэй байна” гэжээ.
Парламентын гишүүд ба Нью-Йоркийн дарга цэргийн ажиллагааг буруушаажээ
Харин АНУ-ын дотоодод Трампын явуулсан цэргийн ажиллагааг буруушаасан мэдэгдлүүд гарсаар байна. Тухайлбал, саяхан Нью-Йорк хотын даргаар сонгогдсон Зохран Мамдани мэдэгдэхдээ “бүрэн эрхт улс руу халдан довтолсон нь холбооны болон олон улсын эрхзүйг зөрчсөн дайнч үйлдэл мөн” гэж дүгнэжээ. Мөн Нью-Жерси муж улсаас Сенатад сонгогдсон Энди Ким ярихдаа, Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио, Батлан хамгаалахын сайд П.Хегсет нар хэдхэн хоногийн өмнө Венесуэлийн удирдлагыг өөрчлөх магадлалыг үгүйсгэж байсныг сануулан дурдлаа. “Би тэр үед тэдэнд итгээгүй ээ, харин тэд Конгрессын гишүүдэд ичгүүргүйгээр худал хэлсэн гэдгийг одоо бид бүхэн харж байна” хэмээн сенатч хэллээ. Мөн Аризона муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн Рубен Гальего мэдэгдэхдээ “Трампын үед АНУ дэлхийн цагдаагаас дэлхийн хулигаан болон хувирчээ” гэв.
Массачусетс муж улсаас Конгресст сонгогдсон гишүүн Жим Макговерн хэлэхдээ “америкчуудын дийлэнх олонх нь цэргийн ажиллагааг эсэргүүцэж буй үед Конгресст мэдэгдэлгүйгээр Венесуэлд цохилт өгсөн” хэмээн Д.Трампыг буруутгажээ. Харин Трамп үүнийг үгүйсгэн хэлэхдээ, мэдээлэл алдагдахаас болгоомжлон Конгресст мэдэгдээгүй гэсэн бол М.Рубио ажиллагаа эхэлсний дараа парламентын гишүүдэд мэдэгдсэн гэв.
Латин Америкт

Мөн Кубын Ерөнхийлөгч Мигел Диас Канел Хавана хотод болсон олон нийтийн цуглаанд оролцож үг хэлэхдээ “энэ бол олон улсын эрхзүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн цочирдом үйлдэл бөгөөд АНУ-д ямар ч аюул занал учруулаагүй байгаа улсын эсрэг үйлдсэн цэргийн түрэмгийлэл мөн” хэмээн тодорхойллоо. Тэрбээр Х нийгмийн сүлжээнд “АНУ-ын гэмт халдлагыг” буруушаагаад “Манай #ЭнхийнБүснутаг хэрцгий дайралтад өртлөө. Венесуэлийн эрэлхэг ард түмний эсрэг, Бидний Америкийн эсрэг төрийн терроризм үйлдлээ” гэж бичжээ.
Мөн Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро Х нийгмийн сүлжээнд бичихдээ “Каракас бөмбөгдөлтөд өртлөө...Венесуэл дайралтад өртлөө” гээд НҮБ болон Америк тивийн орнуудын байгууллагын хуралдааныг яаралтай зарлан хуралдуулахыг уриалсан байна. Колумб улс НҮБ-ын Дүрэмд тусгагдсан зарчмуудад, тухайлбал, улс орнуудын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлэхийг хориглох, олон улсын маргаантай асуудлуудыг энхийн замаар шийдвэрлэх зэрэг зарчмуудад тууштай үнэнч хэвээр байгааг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ. Үүний сацуу тус улсын засгийн газраас энгийн иргэдийг хамгаалах, Колумб-Венесуэлийн хил дээр тогтвортой байдлыг хангах, үүсэж болзошгүй хүмүүнлэгийн болон цагаачлалын асуудлуудыг шийдэх талаар Венесуэлийн эрх баригчидтай зөвлөлдөж буйг Г.Петро дурдсан байна.
Орос улсын байр суурь
ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд, тус улс Венесуэлийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаа бөгөөд үндэсний эрх ашиг, улс орныхоо бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд Боливарын Бүгд найрамдах улсын удирдлагын явуулж буй бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Одоо юуны түрүүнд үүссэн нөхцөл байдлыг хурцатган даамжруулахгүй байх нь чухал бөгөөд түүнээс гарахын тулд яриа хэлэлцээ хийх арга замыг олох нь зүйтэй. Санал зөрөлдөөнтэй байгаа талууд яриа хэлэлцээгээр дамжуулан асуудлыг шийдвэрлэх замыг хайх хэрэгтэй, үүнд бид туслан дэмжихэд бэлэн байна гэж мэдэгдэлд дурджээ.
Хятад улсын байр суурь
Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро болон түүний эхнэрийн аюулгүй байдлыг хангах, тэднийг нэн даруй суллахыг БНХАУ Америкийн талд хандан уриалсныг Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна.
“Ерөнхийлөгч Мадуро болон түүний эхнэрийн хувийн аюулгүй байдлыг хангаж, тэднийг нэн даруй суллах, Венесуэлийн төрийн эрх мэдлийг бусниулах үйлдлээ зогсоож, асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг Хятадын тал Америкийн талд хандан уриалж байна” хэмээн мэдэгдэлд онцолжээ.
Бүрэн эрхт улсын төрийн тэргүүнийг Америкийн цэргийнхэн баривчилсан нь олон улсын эрхзүй ба олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг илэрхий зөрчсөн үйлдэл гэдгийг БНХАУ-ын ГХЯ сануулжээ. Хятадын талын үзэж байгаагаар, АНУ-ын хүч хэрэглэсэн үйлдэл нь НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудад харшилж байна.
Иран
Ираны Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэлд Америкийн цэргүүд Венесуэлд халдан довтолсныг эрс зэмлэн буруушаагаад “энэ бол тусгаар улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн жигшмээр үйлдэл” гэж тодорхойлжээ.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, даваа гарагт Гринвичийн цагаар 15 цагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралдаан хийхээр шийдвэрлэснийг НҮБ-д суугаа Сомалийн Байнгын төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Хадижа Ахмед мэдэгдлээ. Ротацийн зарчмын дагуу энэ оны нэгдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг Сомали улс даргалж байгаа юм.
УЛААНБААТАР, 2026 оны нэгдүгээр сарын 4/МОНЦАМЭ/.


Сэтгэгдэл байхгүй байна