• Эхлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Go Mongolia” төслийг онцлов

Ерөнхий сайд Г.Занданшатар “Go Mongolia” төслийг онцлов

2026/01/22

Монгол Улсын Ерөнхий сайд Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос 2026” дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд оролцож, үг хэлэхдээ “Go Mongolia” төсөл Монголын аялал жуулчлалд бодит утгаараа нөлөөлснийг онцоллоо.

Тэрбээр “Монгол бол үзэсгэлэнт байгаль, өв соёл, нүүдэлчдийн амьдрал Чингис хааны өв уламжлалаараа хосгүй. Манай улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 17-д ордог. Харин хүн амын хувьд цөөхөн. Нийт иргэдийн 65 хувь нь 65-аас доош насны залуус байна.

Францаас 4 дахин том газар нутагтай. 3.5 сая хүн амтай, дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улсын нэг. Соёлын өвөөс эхлээд адал явдалт аялал, спорт бизнесийн арга хэмжээ, түүхэн аялал жуулчлал зэрэг Монголын аялал жуулчлалын салбарт боломж их бий. Жуулчид зөвхөн харах гэж бус байгаль, өв соёл, амьдралын хэв маягийг мэдрэх гэж ирдэг. Монголд ирэх жуулчдын тоо жил бүр 10-15 хувиар өсөж байгаа. Зориуд онцолж хэлэхэд цар тахлын өмнөх түвшнөөс огцом ахисан үзүүлэлттэй явна. Монголд байгалийн олон янзын тогтоцыг нэг дороос харж болно.

Швейцарьтай төстэй сүрлэг уулс, Сахар шиг элсэн цөл ч бий. Монгол Улс аялал жуулчлалаа дэмжихийн тулд визийн хөнгөлөлт, агаарын тээврийн либералчлал, хил дамнасан хамтын ажиллагаа гэх мэтэд анхаарч буй” гэсэн юм. Ерөнхий сайд аялал жуулчлалын салбар өсөлттэй яваагийн шалтгаануудыг дурдахдаа “Go Mongolia үндэсний бренд, Монголд зочлох жил зэрэг бодлогын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн” хэмээн онцолж байв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна