
Европын парламент Трампын Гренландыг авна гэх заналхийллээс шалтгаалан өнгөрсөн оны долдугаар сард АНУ-тай байгуулсан худалдааны гэрээгээ Лхагва гаригт /2026.01.21/ түр хүчингүй болголоо. Трамп Давосын чуулганд оролцож буйтай зэрэгцэн Францын Страсбургт энэ шийдвэрийг зарлав. Энэ үйл явдал дэлхийн санхүүгийн зах зээлд цочроо өгч, АНУ ямар хариу арга хэмжээ авах бол гэдэг болгоомжлол төрүүлж байна.
Үүнээс хэдэн цагийн дараа Трамп мэдэгдэл хийхдээ Гренландын талаарх үндсэн төлөвлөгөөг талууд харилцан тохиролцсон гэж мэдэгджээ. НАТО-ийн найман оронд импортын тариф шинээр ногдуулах шийдвэрээ цуцалсан гэсэн байна.
АНУ долдугаар сард байгуулсан гэрээний дагуу Европын ихэнх бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа 30-аас 15 хувь болгон бууруулсан. Үүний хариуд Европ АНУ-д хөрөнгө оруулалт хийх, АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг бууруулах, зарим татварыг бүрмөсөн цуцлах арга хэмжээнүүдийг авахаар болсон.
Гэвч хараахан бүрэн албажаагүй байсан тус хэлэлцээ Гренландын асуудлаас болоод хүчингүй болж байна. "АНУ сөргөлдөөн бус хамтын ажиллагааг сонгох хүртэл хэлэлцээг түр зогсоолоо" гэж Европын парламентын Олон улсын худалдааны хорооны дарга Бернд Ланге хэлжээ.
Өөрөөр хэлбэл, АНУ-ын 93 тэрбум еврогийн бараанд татвар ногдуулах шийдвэрээ Европын холбоо эргээд хүчин төгөлдөр хэрэгжүүлж магадгүй болоод байна. АНУ ямар нэг үйлдэл хийхгүй бол тариф хоёрдугаар сарын 7-ноос хэрэгжиж эхлэх аж.
ЭХ СУРВАЛЖ: BBC


Сэтгэгдэл байхгүй байна