• Эхлэл
  • Далай лам Грэммийн шагнал хүртжээ

Далай лам Грэммийн шагнал хүртжээ

2026/02/03

Далай лам "Далай ламын бясалгал: Түүний гэгээн Далай ламын бодролууд" нэртэй аудио номоороо Грэммийн шагнал хүртсэн байна. 

Далай лам шагналыг талархал, даруу зангаар хүлээн авснаа цахим хуудаснаа нийтэлж, энэ нь өөрт нь зориулсан зүйл биш, харин хүн төрөлхтний нийтлэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэжээ. Тэрбээр 1959 оноос хойш Энэтхэгт цөллөгт амьдарч байгаа бөгөөд Төвөдөд гарсан бослогыг Хятадын цэрэг дарахад амиа аврахын тулд нутгаасаа дүрвэсэн юм. Хятад улс түүнийг салан тусгаарлагч, босогч гэж үздэг.

Далай лам Төвөдөд илүү эрх чөлөө, өөртөө засах эрх олгохыг олон жил шаардаж ирсэн боловч Хятад улс тус бүс нутгийг өөрийн салшгүй хэсэг гэж үздэг. Грэммийн шагналыг түүний өмнөөс хөгжимчин Руфус Уэйнрайт гардан авсан бөгөөд тэрбээр уг аудио номд оролцсон уран бүтээлчдийн нэг юм. Өнгөрсөн жил Далай лам дараагийн залгамжлагчаа тодруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн нь Хятадтай дахин зөрчил үүсгээд байна. Төвөдийн буддизмд Далай лам нас барсны дараа дахин төрөлд ордог гэж үздэг.

Харин Хятадын Засгийн газар ийнхүү Далай лам шагнал авсанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, "Урлагийн шагналыг Хятадын эсрэг улс төрийн залилан мэхлэх хэрэгсэл болгон ашиглахыг тууштайгаар эрс эсэргүүцэж байна" гэж мэдэгджээ.

Далай лам хойд дүр нь “чөлөөт ертөнцөд”, өөрөөр хэлбэл Хятадаас гадуур төрнө гэж хэлсэн. Харин Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хойд дүрийг нь зөвхөн Хятадын засгийн газар батлах ёстой гэж мэдэгджээ. Хятадаас гадуур амьдарч буй олон төвд хүмүүс Хятад улс өөрийн сонгосон Далай ламын хойд дүрийг тодруулж, Төвөдөд тавих хяналтаа улам чангатгана гэж болгоомжилж байна. Хятад улс Төвөдийг 1950 оноос хойш захирч ирсэн.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна